Евразийн Эдийн Засгийн түр хэлэлцээрт нэгдэхийг хүнс үйлдвэрлэгчид дуу нэгтэйгээр эсэргүүцэж байна. Хүнсдийн нэгдсэн холбооны төлөөлөл өнөөдөр энэ талаар байр сууриа илэрхийлж, “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр мэдээлэл өглөө. Уулзалтад Хүнсчдийн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Малзүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар оролцлоо.
Үндэсний үйлдвэрлэгчид хэлэлцээрт нэгдэхгүй шалтгаанаа ийн тайлбарлав
Ш.Шинэбаяр: Өнгөрсөн зургадугаар сараас гурилын квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдсан
(Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал)
Тариаланчдад ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ярья гэж бодож байна. Манай хойд хөрш ОХУ, Беларусь зэрэг улс жилдээ 100-150 сая тонн улаан буудай үйлдвэрлэдэг. Нэг ёсны өргөн уудам зах зээл шүү дээ. Өнгөрсөн зургадугаар сараас гурилын квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдсан. Ийм байдлаар экспортын бүтээгдэхүүн улаан буудай үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлдөг. Хэдэн сая тонноор улаан буудай экспортолдог улс орнуудтай манай улсын жижиг зах зээл хийгээд хэдхэн үйлдвэрлэгч өрсөлдөнө гэхэд амаргүй. Гурил бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барих нь хамгийн чухал. Орц бордоо нийт зардлын 28 хувийг эзэлдэг учраас үнэ хямдруулж чаддаггүй. Төр засаг татвар, валютын зөрүү дээр анхаарч өгмөөр байна. Хойд хөршөөс их хэмжээний улаан буудай оруулж ирэхэд л үндэсний компаниудад хүнд цохилт өгдөг. Улаан буудай чанаргүй цавуулаггүй байна гэдэг бордоотой холбоотой. Иймд төр бордоог татваргүй болгох тал дээр л анхаарах хэрэгтэй байх. Бид урд хөрш рүү гурил үйлдвэрлэх боломжгүй. Ер нь аль ч улс руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох боломж байхгүй. Зөвхөн дотоодын зах зээлээ хангадаг учраас үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барих нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна. Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 16 үйлдвэр бий. Хүнсний хувьсгалын хүрээнд 400 гаруй мянган тонн улаан буудай экспортолно гэсэн. Энэ ажил хэрэг болоогүй одоо өнөөх улаан буудай нь агуулахад л хэвтэж байна.
Л.Эрхэмбаяр:ОХУ хөдөө аж ахуйн орон болох бодлогоо өнөөдрийн болтол тууштай хэрэгжүүлж байна, гэтэл манайх...
(Түмэн шувуут ХК-ийн ТУЗ-ийн дарга)
Юуны түрүүнд ОХУ-ын хүнс яагаад хямд манайх үнэтэй байгаа талаар мэдээлэл өгье. Үнэн. Манайд хүнс үнэтэй, ОХУ-д хямд байгаа. Манайх хөгжиж байгаа орон. Тиймээс үндэсний үйлдвэрлэл тийм ч сайн хөгжөөгүйн зовлонтой. Гаднаас бүхнээ зөөдөг зовлонтой. Үндэсний үйлдвэрлэгчид түмэн бэрхшээл туулж байгаа учраас өнөөдөртөө хүнс үнэтэй. Энэ бэрхшээлээ давчихвал цаашаа үндэсний үйлдвэрлэл амжилттай хөгжөөд явчихна. Нэг жишээ хэлье. БНСУ-ын машин үйлдвэрлэл, чанар маш муу гэгддэг байсан. Гэхдээ одоо сайжирсан. Үндэсний машины үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд төр засаг нь татаас өгсөн, татварыг хөнгөлсөн. Ингэж үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Мөн БНХАУ импортын машины татварыг 200 хувиар нэмж, дотоодын машины үйлдвэрлэлээ дэмжсэн. Одоо Хятад улс машины үйлдвэрлэлээрээ дэлхийд цойлж байна. Улс орон ингэж дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг юм.
Гэтэл Монголд өнөөдөр арилжааны зээл 18-21 хувийн хүүтэй байна. ОХУ-д 2, дээд тал нь 6 хувь байдаг. Тус улсад цахилгаан манайхтай харьцуулахад маш хямд. Татвараа айл 6 хувиар тогтоож байхад манайд цэвэр ашгаас 25 хувийн татвар авдаг. Монголд ажиллах хүч үнэтэй, ОХУ-д хямд байна. ОХУ 2012 онд хөдөө аж ахуйн орон болох бодлого гаргаж, өнөөдрийн болтол тууштай хэрэгжүүлж байна. гэтэл Монголд энэ төрлийн бодлого нь хэдэнтээ өөрчлөгдөж ирсэн. ОХУ-д шатахуун хямд, техник нь хямд байна. Тиймээс хүнсний үнэ нь хямд байгаа юм. Гадна улсад үндэсний үйлдвэрлэлээ маш сайн бойжуулж, хамгаалж, дараа нь гадаад зах зээлд тавьдаг. Гэтэл Монгол Улс хөрсөө бэлдээгүй байж Евразийн Эдийн Засгийн түр хэлэлцээрт нэгдэх тухай ярьж байгаа нь буруу. Нас биед хүрээгүй хүүхэд томчуудтай боксын рингэд гарсантай агаар нэг зүйл болно. Эдийн засаг хийгээд хүнсний салбар элгээрээ унана. ОХУ-д хэчнээн дайн болсон ч тэд хүнстэйгээ, орон байртайгаа улс.
Д.Тэрбишдагва: Бид Евразийн хэлэлцээрт хараахан бэлэн биш
(Монголын Хүнсдийн холбооны ерөнхийлөгч)
Манай холбоо 400 гаруй гишүүнтэй. Тэднийхээ эрх ашгийг хамгаалахаар үгээ хэлж байна. Манай улсын төр 1990-2000 онд буруу бодлого явуулаад хүнсдийн салбарыг бүхэлд нь хөлдөө чирсэн. Хүнсний үнэ өссөн. Мөн 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсээд нөхцөл байдал хүндэрч байсан. Буруу шийдвэрийн горыг хүнсчид хүлээсэн. Ингээд хүнсний салбар 2000 оноос сэргэж эхэлсэн. Өнөөдөр “Түмэн шувуут”, “Сүү”, “Монос” зэрэг үйлдвэрүүд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Ийм үед гаднаас татваргүй бүтээгдэхүүн оруулж ирнэ гэдэг байж болшгүй буруу шийдвэр. Бид хараахан үүнд бэлэн биш. Өнөөдөр ОХУ ч, БНХАУ ч малын халдварт өвчинтэй. Тийм атлаа тэд махаа экспортолдог. Харин бид болдоггүй. Өнөөдөр биднийг түүхий махаа гулуузаар гаргахыг зөвшөөрдөггүй. Заавал халуун аргаар боловсруул гэдэг. Евразийн хэлэлцээрийн ард сууж байгаа хүн дотоодынхоо эдийн засаг, хүнсдийнхээ зовлон жаргалыг мэдэхгүй байна. Зөвхөн бичиг цаасан дээр ажиллаад байна.
Б.Мөнхзул: Евразийн хэлэлцээр хүнсчдийн эсрэг байна
(Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн)
Евразийн хэлэлцээрт бид нэгдэх болоогүй. Яагаад гэвэл монголчууд үйлдвэрлэгч биш, маш сайн худалдан авагч. Цөөн хэдэн үйлдвэрлэгч хүнсний салбарыг хөгжүүлэх гэж, сэргээх гэж хичээж байна. Гэтэл хэлэлцээр үүний эсрэг байна.
“Ковид-19” цар тахлын үед “хавтгай” байсан дэлхий өөрчлөлтөд орж, улс орнууд өөр өөрийн тогоондоо хэсэг амьдарсан.
Энэ том өөрчлөлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хувьсгал эхлүүлсэн. Засгийн газар үүнтэй холбоотойгоор 2022 онд бодлогоо танилцуулж, 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Бодит үр дүн нь таван жилийн дараа гарна. Үр дүнгээ хүртээгүй байж, дундаас нь эргэж буцна гэдэг утгагүй зүйл.
Тууштай байж, үр дүнгээ хүртэх хэрэгтэй. Нэг өдөр нэг шийдвэр гаргаад, маргааш өдөр нь үүнийгээ үгүйсгээд байж болохгүй.
Р.Сансармаа: Монгол Улс Махны дүрэмтэй байсан. Гэтэл энэхүү цор ганц бодлогын бичиг баримтаа хүчингүй болгосон
(Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн)
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манайд ирээд “Мал эмнэлгийн тогтолцоо хараахан бүрдээгүй байна” гэх үнэлэлт дүгнэлт өгөөд явсан. Гэтэл манайх шаардлагаа хангаагүй байж, уг хэлэлцээрт нэгдэнэ гээд байгаа нь утгагүй. Тэд Монголоос мах авахгүй. Харин оруулж л ирнэ.
Монгол Улс Махны дүрэмтэй байсан. Гэтэл энэхүү цор ганц бодлогын бичиг баримтаа хүчингүй болгосон. Ингээд хэсэг хугацаанд ямар ч бодлогогүй явсан. Хүнсчид тэмцэл хийж байж Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт баталсан. Гэхдээ үүнийг 2025 оноос мөрдөнө. Нөхцөл байдал ийм байхад бид яаж хэлэлцээрт нэгдэх юм бэ.
Б.Болдбаатар: Хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна
(Монголын сав баглаа, боодлын холбооны тэргүүн)
Аливаа ажил доороосоо явах ёстой. Гэтэл шууд дээд түвшиндээ хүчээр шийдвэр гаргах гээд байна. Энэ буруу.
Хүнсний үйлдвэрүүд хаалгаа барихад дагаад сав баглаа боодлын үйлдвэр дампуурна. Бусад салбартаа, цаашлаад эдийн засагт нөлөөлнө.
Бид нийт зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг, үндэсний үйлдвэрлэл. Евразийн хэлэлцээр Монголд ямар ч ашиггүй. Бид өнөөдөр “Түмэн шувуут”-ын шинэ өндгийг өглөө бүр хэрэглэж байна.
Гэтэл ОХУ-аас улсаас оруулж ирсэн 20 хоносон өндгийг хэрэглэх болоод байна. Улаанбуудай ч гэсэн жил өнжсөн буудай л орж ирнэ. Ер нь А зэрэглэлийн чанартай хүнсээ өндөр хөгжилтэй орнууд руу гаргаад бидэнд арай өөр зэрэглэлийн хүнс л нийлүүлнэ шүү дээ.
Мэдээж эхлээд хямд хүнс оруулж ирнэ. Дараа нь манай үйлдвэрүүд дампуураад эхлэхээр тэд хүнсний үнээ нэмнэ. Энэ бол хүнсний аюулгүй байдал заналхийлсэн үйлдэл юм.