Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан байдаг. Гэвч энэ үндсэн үүргээ биелүүлэхэд биш, хувийн ажлаа амжуулахад санаа тавьдаг гишүүн манай парламентад цөөнгүй байна. Тэгээд зав гарвал үндсэн ажилдаа ирдэг бололтой юм. Байгуулагдсан цагаас нь ирц, оролцоо хангалтгүй, хариуцлагагүй байгаа тухай шүүмжлэл энэ УИХ-ыг дагасаар буй.
УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг тогтмол гаргадаг болсон. Арваннэгдүгээр сард нэгдсэн чуулган долоон удаа хуралдахад зарим нь 1-2-т нь л бараагаа харуулжээ. Нэлээд олон гишүүн өнгөрсөн сарын турш гадаадаар “зугаалсан” аж.
Уг нь энэ бол УИХ-аар ирэх оны улсын төсвийг хэлэлцсэн хариуцлагатай цаг хугацаа байв. Ийм үед гишүүд нь олноороо гадаадад томилолттой эзгүй, үлдсэн хэд нь ч ажилдаа хариуцлагатай хандаагүй. Тиймээс л үргүй зардал ихтэй төсөв өргөн барьсныг нь баталж, улмаар Ерөнхийлөгчөөр хориг тавиулж, түүхэнд анх удаа хоёр удаа эхнээс нь дахин хэлэлцэж, юм юм л боллоо. Дараа дараагийн шатны байгууллагуудын ажилд ч багагүй саад учруулав.
Ч.Ундрам хамгийн олон удаа гадагшаа явжээ
Чуулганы долоон удаагийн хуралдаанд Х.Баттулга, Э.Бат-Амгалан, Д.Батлут зургаа, Т.Аубакир, А.Ганбаатар, Н.Наранбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан, Ч.Ундрам нар тав, Х.Болормаа, Б.Дэлгэрсайхан, М.Мандхай, Ж.Чинбүрэн нар дөрвөн удаа суугаагүй аж. Эдгээрээс Х.Болормаа, А.Ганбаатар нарын гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байжээ. Харин Ч.Ундрам таван удаад нь гадаадад томилолтоор явсан байх нь. Хэдийгээр тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын албатай ч улсын төсөв хэлэлцэж буй чухал цаг үед нэг гишүүн ийм олон удаа гадаадад томилолттой байх нь хэвийн зүйл лав биш. Т.Аубакир гадаад томилолтын тоогоор түүний араас жагсаж байна. Тэрбээр дөрвөн удаа хил давж, нэг удаад нь ажлаа тасалжээ. Нийт 23 гишүүн арваннэгдүгээр сард 1-5 удаа гадагшаа явсан юм билээ. Ирцээ харж “хямарсан” зарим нь УИХ-ын даргад өмнө нь төсөв хэлэлцэж байх үед гадаад томилолт олгодоггүй байсныг сануулаад авсан. Гэтэл 126 гишүүнтэй парламент 20-30-аар нь гадагш томилоод сууж буйгаараа бас л анхных болов. Улсын төсвийг энэ УИХ хоёр удаа эхнээс нь хэлэлцсэн. Анх удаа төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авч, араас нь дэг, хуулиа өөрчилж, ондоо багтаан арай гэж батлаад байна. Гишүүд хариуцлагатай байж ажилдаа идэвхтэй оролцсон бол Засгийн газраас өргөн барьсан, үрэлгэн зардал ихтэй анхны төсвийг сайн хянаж, шүүгээд баталж болох байв. Гэвч зарим нь гадагшаа явчихсан, байгаа хэд нь намынхаа бодлогыг дагаад хэлгүй сууснаас өнөөдрийн бүх “жонхуу” үүдэлтэй. Ер нь намрын чуулган эхэлснээс хойш гадаадад томилолтоор явсан гишүүдийг тоолбол барагдахгүй. Тэгснээс яваагүйг нь мэдэх амархан байх. Ж.Баярмаа гишүүн нэг ч удаа хурал таслаагүй, гадаад томилолтод яваагүй гэдгээ мэдэгдэж харагдсан. Ийм гишүүн олон гарахгүй байх. Үнэндээ гадаад томилолтод УИХ-ын гишүүдийн хэрэг, оролцоо тийм чухал уу гэдэг нь ч эргэлзээтэй. Төсвийн мөнгөөр тэднийг газар үзүүлээд л ирдэг нь нууц биш.
Мөн сар бүрийн нэгдсэн ирцийг харахад таслалтаараа байнга л тэргүүн эгнээнд явдаг гишүүн бол Х.Баттулга. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн атлаа тэр УИХ-ын гишүүний ажилд үнэхээр хайнга хандаж байгаа юм. Тэрбээр нэг удаа гадаад томилолттой байсан бол хоёрт нь чөлөө авч, хоёр тасалсан аж. Ганц удаа хуралдаа суухдаа хоцорч иржээ. Д.Батлут ч мөн адил нэг удаа гадаадад, тавд нь орон нутагт томилолттой явсан гэнэ. Э.Бат-Амгалан гишүүний хувьд гадаад томилолт, эмнэлгийн чөлөө, тасалсан тоо тус бүр хоёр байна. 2025 оны улсын төсвийг бантагнуулж орхичхоод хэлэлцүүлгийн туршид эзгүй байсан хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тиймээс тэрбээр таван удаад нь оролцсонгүй. Томилолт, чөлөө гэсэн шалтгаан түүний нэрийн ард дурайж байна. Ажилдаа суугаагүй хүмүүс голдуу л нэг шалтгаан хэлж, тэмдэглүүлсэн байдаг учраас цэвэр тасалсан цаг нь бага гардаг аж. Залуу гишүүн П.Мөнхтулга гурван удаа буюу хамгийн олон тасалснаар бүртгэгджээ. Тэрбээр ах, эгч нарынхаа арга залиас суралцаж, элдэв шалтгаан хэлэлгүй шулуухан тасалсан бололтой. Уг нь тасалдгаас нь биш, ажилдаа хариуцлагатай сууж, чанартай ажилладаг хүмүүсээс л суралцмаар байгаа юм. Гэвч тийм гишүүн энэ парламентад хэр олон билээ.
“Би хоцордог юм”
2016-2016 оны парламентын гишүүн байсан С.Дэмбэрэлийн ийм “алдарт” үг бий. Олон хүн түүнийг гишүүн байхдаа ямар ажил хийснээр биш, энэ үгээр нь л дурсдаг байх. Түүний жишгээр ажилдаа бараагаа харуулдаг ч байнга хоцордог гишүүд энэ УИХ-д ч олон байна. 126 гишүүнээс 78 нь ямар нэг байдлаар хуралдаа хоцорсон байгаа нь бас л анхаарч үзмээр тоо. Түгжрэлтэй хотод амьдарч буй учраас хэчнээн цагаа төлөвлөсөн ч санаснаар болохгүй байх үе бий. Тиймээс 1-2 удаа хоцорсныг ойлгож болох юм. Гэтэл долоон хуралдааны зургаад нь хоцорсон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ойлгох арга алга. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд Т.Доржханд нар таван удаа хоцорсон үзүүлэлтээр түүний араас жагсаж байна. Дам.Цогтбаатар, Д.Ганбат нар ч тус бүр таван удаа хоцорсон байна лээ. Голдуу сайд нар энэ хэсэгт багтаж байгаа биз. Тэд “давхар дээл”-ийнхээ ачааллыг дийлэхгүй байгаа бололтой. Тиймээс үүнээс нь чөлөөлж өгч, туслах хэрэгтэй байна. Хурал огт таслаагүй ч талаас илүүд нь хоцорсон хүмүүс бас цөөнгүй бий. Хоцроод ч болов ажилдаа ирсэн юм даа гээд өнгөрөөхөөс илүү тэднээс хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай байхыг шаардах ёстой. Учир нь тэд бол жирийн иргэн биш, нийт ард түмний эрх ашгийг төлөөлөх УИХ-ын гишүүн, хууль тогтоогч болсон.
Засгийн газар ирэх оны улсын төсвийг есдүгээр сард УИХ-д өргөн барьснаас хойш хэлэлцүүлэг эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 15-нд уг төсвийг баталдаг учраас энэ хугацаанд УИХ-ын гишүүд илүү хянамгай, анхааралтай ажиллах ёстой байдаг. Харамсалтай нь, манай гишүүд 20-30-аараа гадаадад томилолт нэрээр зугаалж, хурлаасаа ийм олноороо хоцорч байгаа нь хариуцлага тооцох систем байдаггүйн баталгаа. Хурлаа тасалсан бол цалингаас нь бага зэрэг хасахаас өөр тооцох хариуцлага тэдэнд алга. УИХ-ын дарга чуулгандаа байнга ирдэг гишүүдийг урдуур суулгана гэж амлаад ч нэмэр болсонгүй. Арванхоёрдугаар сарын ирц гарсны дараа ч ийм л дүр зураг үргэлжлэх биз ээ.
УИХ-ын гишүүн болохын тулд тэд олон даваа туулсан. Багагүй хөрөнгө, мөнгө ч зарцуулсан биз. Нэр дэвших эрх олж авахын тулд намдаа хандив өгөхөөс эхлээд халаасаа сэгсэрсэн байж таарна. Гэхдээ ингэж хичээл зүтгэл гаргасны зорилго нь үнэндээ нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах байдаггүй бололтой. УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж аваад л өргөсөн тангаргаа мартчихлаа. Хууль тогтоож, ажил хийх гэж парламентын гишүүн болсноо ойлгодоггүй хүн ч олон байна. Хувийн эрх ашгаа хамгаалах, өөрийн бизнесийг өөд татах, эсвэл зүгээр л нэр сэтэр нь сайхан санагддаг юм уу. Мөн УИХ-ын гишүүд тооны олондоо найдчихаад “Надаар дутах биш” гэсэн хандлага гаргаад байгаа мэт ажиглагдав. Төлөөллийг сайжруулах, хяналтыг нэмэх гэж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Гэтэл ийм нэг назгай парламент л бий болсон байна. Парламентын босго давсан л бол бусад нь хамаагүй мэт хайнга авирлаж буй энэ олон гишүүнд даацтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Цалингаас хасах, сануулах зэрэг нь нөлөө үзүүлэхгүйг харлаа. Тиймээс хариуцлагын тогтолцоог сайжруулж, ажил тасалдаг, оролцсон ч үр бүтээл бага, идэвх санаачилгагүй байдаг хүмүүсийг эгүүлэн татдаг л болох шаардлагатай. Ажлын үр бүтээлээр нь нарийн үнэлдэг тогтолцоо бий болгоё. Түүндээ хүрээгүй бол бүрэн эрхтэй нь яриад эхэлбэл хаана, яах гэж сонгогдсоноо эрхбиш ойлгож, цочроо өгнө гэж найдна. Гэхдээ тийм зохицуулалтыг хэн санаачилж, бас бусад нь дэмжин батлах уу гэдэг нь асуулт болж байна.