Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар боловсролын салбарын 190 төсөл, арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлав. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар нэмж тусгасан байна. Тодруулбал, дотуур байрны хүүхдийн хоолны зардал ахлах ангид 4300 байсныг 6500, дунд болон бага ангид 4000 байсныг 6000 төгрөг болгон нэмэгдүүлэх нь. Нэг сурагчийн үдийн хоолны түүхий эд, материалын зардал 1500 төгрөг байв. Үүнийг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр төсөвлөсөн аж. Мөн ирэх онд хоолны түүхий эд, материалыг ханган нийлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, цаашлаад малчдын гараас чанарын шаардлага хангасан түүхий эд худалдан авахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн хориг, төсвийн алдагдлыг бууруулахтай холбоотойгоор багш, ажилчдын цалин болон нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлуудыг анх батлагдсан дүнгээс багасгаагүйг Боловсролын яамнаас мэдээлсэн. Гэхдээ салбарын хэмжээнд 2025 оны батлагдсан төсөв анх өргөн барьснаас 3.6 хувиар буурсан гэнэ. Үүнтэй холбоотойгоор багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, хувь хүнд чиглэсэн төсөв болон боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээний зарим зардлыг танахаар шийдвэрлэсэн байна.