Сирийн Ерөнхийлөгч байсан Башар Асад түлхэн унагаагдсанаасаа хойш анх удаа саяхан ам нээв. Түүний мэдэгдэл энэ долоо хоногийн даваа гарагт Сирийн Ерөнхийлөгч байх үеийнх нь телеграм сувагт нийтлэгдсэн байна. Босогчдын хяналтад Сирийн нийслэл шилжсэнээс хойш “байлдааны ажиллагааг ажиглахын тулд” Латакияд буй Оросын цэргийн баазыг зорьж очоод Сирийн цэргүүд байрлалаа орхиж байхыг тэрээр өөрийн нүдээр харжээ. Мэдэгдэлдээ Хмеймим дэх нисэх хүчний бааз нисгэгчгүй төхөөрөмжийн хүчтэй дайралтад өртсөнөөс Оросын цэргийнхэн Асадыг нисэх онгоцоор Москва руу аваачихаар шийдсэн аж. Араб, англи хэлээр олон түмний сонорт хүргэсэн түүний мэдэгдлээс үзвэл Сирийн удирдагч асан Оросын цэргийн баазад бүслэлтэд орсон байна. “Тус баазаас гарах боломжгүй байсан болохоор намайг энэ сарын 8-ны ням гаргийн орой Орос руу даруй явуулах ажлыг зохион байгуулахыг тус баазын командлагчаас Москва хүссэн юм билээ. Дамаскийг эзлэгдсэний маргааш цэргийн сүүлчийн байрлал сүйрч, төрийн бусад бүтэц гацсаны дараа уг ажиллагааг хэрэгжүүлсэн” гэж Башар Асадын мэдэгдэлд дурджээ. Орост орогнол олгосныг арванхоёрдугаар сарын 9-нд Асадад мэдэгдэж, хожуухан Кремль үүнийг нотлов.
Асадын өөрийнх нь хэлснээр бол Сирид болсон үйл явдлын үед тэрбээр огцрох, улс орноо орхих боломжийг огт тооцоогүй бөгөөд тийм санал ч түүнд ирээгүй гэнэ. Гэхдээ “Улс орон алан хядагчдын гарт орчихсон нөхцөлд ямар нэг юманд нөлөөлөх боломжгүй, албан тушаал ч утга учиргүй болсон” гэж Асадын мэдэгдэлд өгүүлсэн байна. Сирийн босогчид хотуудыг ээлж дараалан хяналтдаа авч байхад Асад олны өмнө огт гарсангүй. Тиймээс түүнийг улс орноо орхиж явсан гэх яриа дэгджээ. Эх орноосоо гарах тухайд Асад өөрийн дэмжигчид хийгээд төрөл садангийнхандаа ч дуулгаагүй гэж “Reuters” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Хэвлэлийн эх сурвалжаар эх орноосоо гарч явахаас хэдхэн цагийн өмнө Асад тусгай албад болон цэргийн өндөр албаны хүмүүсээ цуглуулаад “Оросын цэргийн тусламж нэгэнт замдаа гараад байна” гэж хэлжээ. Асадыг зугтаалгах арга хэмжээг Оросын тагнуулын байгууллага зохион байгуулж буй гэж “Bloomberg” агентлаг өөрийн эх сурвалжаас эш татан урьд нь мэдээлсэн. Лалын шашинтнуудын тэргүүлсэн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэлд Асад ялагдаж байгаа учраас даруй явъя гэж байгаа бол аюулгүй хонгил ашиглахыг түүнд болон гэр бүлд нь Москва санал болгожээ. Энэ үед Сирийн босогчдын бүлэглэлүүд шилжилтийн Засгийн газар байгуулах ажлаа үргэлжлүүлж байлаа. Асадын дэглэмийн эсрэг хүчний хамгийн нөлөөтэй нь 2011 онд “Жабхат ан-Нусра” нэрээр байгуулагдаад хожим нь “Аль Кайда”-д үнэнч байхаа тангарагласан “Хаият Тахрир аш-Шам”. Энэ “Жабхат ан-Нусра” 2016 онд “Аль Кайда”-гаас хэлхээ холбоогоо тасалж бусад бүлэглэлүүдтэй нэгдэн, “Хайят Тахрир аш-Шам” нэртэй болжээ. НҮБ, АНУ, Британи болон бусад хэд хэдэн улс түүнийг одоо хэр нь алан хядагч байгууллага гэж үздэг юм. “Хайят Тахрир аш-Шам”-ын удирдагч Ахмед аль-Шараа шашны янз бүрийн бүлэглэлүүд болон Сирийн олон түмэнд хүлээцтэй хандахаа амласан ч түүний тэргүүлсэн бүлэглэл хэлсэндээ хүрнэ гэдэгт эргэлзэх хүн олон.
Голаны өндөрлөгт байх Хадар гэдэг тосгонд очсон ВВС-ийн сурвалжлагч Люси Уильямсоны мэдээлснээс үзвэл Дамаск хотоос ганц цаг давхиад хүрэх зайд Израилын цэргүүд байсан гэнэ. Хоёр машинтай цэргүүд байлдааны бүрэн зэвсэгтэйгээр шалган нэвтрүүлэх цэгт байв. Ялалтын баяраа тэмдэглэж буй Сирид гадаадын цэргүүд байгаа аж. Энэ нь Сирийн нутаг дэвсгэрт Израил нэвтрээд орчихсоны нотолгоо, тэд 50 жилийн өмнө гал зогсоогоод НҮБ-ын ажиглалт дор буй жийргэвч бүсийг эзлээд авчихсан байна гэсэн үг.
“Тэд явж ч мэднэ, үгүй ч байж магад, энэ газар нутгийг аюулгүй болгочхоод яваад өгч ч болох юм. Цаашид яахыг бид ажиглаж, хүлээж байхаас биш” гэж Хадарт оршин суудаг Рияд Зайдан ярьсан байна.
Асадын дэглэм унамагц Голаны өндөрлөгийн жийргэвч бүсийг Израил эзлээд авчээ. Тэгээд Сирийн газар нутгаар байнга нааш цааш явж, цэрэггүй бүс рүү ч орох болжээ. Иргэний дайны үед тосгон нь яаж хамгаалагдсан талаар Жаудат аль-Тавиль бахархан яриад, амиа алдсан олон арван эр хүний цогцсын зургийг надад үзүүлэв. “Манай газар нутаг руу хэн ч орж ирэхийг зөвшөөрөхгүй. Израил бол бүрэн бүтэн улс, түүнийг эсэргүүцэж болохгүй. Урьд нь бид зарим хүнийг нь эсэргүүцдэг байсан, Израил бол одоо хэт их гүрэн” гэж тэрбээр хэллээ.
Башар Асадын дэглэм унасны дараа энэ сарын эхээр Сирийн газар нутагт байгаа цэргийн объектуудад Израил олон зуун удаа агаараас цохилт өгчээ. Эзлэгдсэн Голаны өндөрлөгт оршин суух израил хүн амыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху зарлав. Үүнтэй холбогдуулж, Сирийн түр хугацааны удирдагч Ахмед аль-Шараа мэдэгдэхдээ Израилын энэ үйлдэл тус бус нутагт ашиг тусгүй ажиллагааг өргөжүүлэх аюултай хэмээгээд манай засаг захиргаа Израилтай зөрчил тэмцэл үүсгэхийг хүсэхгүй байна гэжээ.
Сиритэй гал зогсоосон шугамын дагуу үйл ажиллагаа явуулж буй жихадын бүлэглэлүүдийн учруулж болзошгүй аюулаас үүдээд бидний авах арга хэмжээ чухал гэж Израилын Гадаад хэргийн яам мэдэгдээд өөрийн хийж буй цэргийн ажиллагааг “Хязгаарлагдмал, түр хугацаа”-ных хэмээн онцолжээ. Дээр нэрийг нь дурдсан Хадар тосгонд оршин суугчдын ихэнх нь урузүүд аж. Энэ нь исламын шийт урсгалаас олон зууны өмнө тусгаарлагдсан, шашин-үндэстний бөглүү буйд бүлэг юм байна. 1967 оны дайны явцад Голаны өндөрлөгийн хэсгийг Израил эзлээд дараа нь дангаар тэднийг өөртөө нэгтгэснээр урузүүдийн зарим нь үлдэж Израилын иргэншилтэй болжээ.
Башар Асадыг зайлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийн удирдагч Аль-Шараагийн уг язгуур нь Голаны өндөрлөгийн уугуул юм байна. Тус өндөрлөгийн Сирийн хяналтад байдаг хэсэгт оршин суугчдын зарим нь Израил илүү газар нутаг эзэмшчих вий хэмээн ихээхэн болгоомжилдог. Израил улс Ираны дэмжлэг хүлээдэг Асадын талынхантай олон жил Голаны өндөрлөгт тулалдсан аж. Хил орчмын энэ бүс нутаг Ливаны “Хезболла” зэрэг тоглоомын хүчнүүд Иранаас зэвсэг оруулж ирэх гол зам нь болсоор иржээ.
Асадын дэглэм унаснаар Иран хийгээд эдгээр бүлэглэлийн хүчийг сулруулав. Үүнийг далимдуулан Израил нөлөөний хүрээгээ тэлэхийн тулд цэргийн кампаниа идэвхжүүлж. Асадын цэргүүд улс орон даяараа байх баазуудад орхисон байлдааны зэвсгийг нь бусдын гарт оруулчихгүйн тулд Израил устгасаар байна. Босогчдын удирдагчид гадаад байдалдаа аядуу байгаа ч Сирийн сүүлийн үеийн үйл явдлууд Израилд аюул учирч болох эрсдэлийг хадгалсаар байна гэж Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгдлээ.
Асадын дэглэм Сирийн друзүүдийг ихэд туйлдуулж, суннит, жихадын бүлэглэлүүд тэдэн рүү байнга довтолж байжээ. Сири бол ганцхан холбоотонд түшиглэж, ганцхан дайсантай тулалддаг газар биш юм. “Бидэнд энх амгалан байдал хэрэгтэй. Бид хангалттай байлдлаа, цус ч их урсгалаа. Хүнд амьдрал бишгүй үзлээ, одоо зогсох ёстой” гэж Рияд Зайдан ярив. Друз мэт шашны цөөнх Асадын үед айхтар хохирол үзжээ. Найман жилийн өмнө “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэл олон орны зүрхэнд шар ус хуруулж алан хядах байгууллага гэгдсэн “Аль-Кайда”-тай холбоотой байжээ. 2016 онд түүнээс туурга тусгаарлаж байх үед Жаудат аль-Тавилын хүү Абдо Сирийн армийн эгнээнд Хадар тосгоны дэргэд тулалдаж байгаад амиа алдсан. Сирийг одоо “Хайят Тахрир аш-Шам” хянаж байгаад нь 30 насандаа амиа алдсан Абдо хэрхэн хандах байсан бол гэж асуухад “Эхлээд тэд дээрэмчдийн бүлэг байсан юм. Одоо Асадаас салж эрх баригчид руу ирсэн. Тэднийг шударга засаглаж, аюулгүй байдал, хүний эрхийг хамгаална гэж бодож байна. Тэд өөрчлөгдсөн, эсэх нь одоогоор тодорхойгүй ч би өөрчлөгдөнө гэж найдна” гэж тэр хариулав.
Ташрамд сонирхуулахад, Башар Асад 2018 оны гуравдугаар сараас 2019 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд Сириэс Орос руу нисэх онгоцны 21 бүхээгээр бэлэн мөнгө явуулсан гэх мэдээлэл сая олны сонорт хүрлээ. Бас 2019 оны хоёрдугаар сард 500 дэвсгэртийн 20 сая евро, тавдугаар сард 100 дэвсгэртээр 10 сая ам.доллар онгоцоор явуулсан гэх мэдээлэл байх юм. Хэвлэлд мэдээлснээр энэ мөнгийг Сирийн Төв банк гуйвуулжээ. Түүнийг Оросын банкуудад байршуулсан бөгөөд Асадын гэр бүл Москвад дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө нууцаар худалдаж авсан аж. Сирийн удирдагч асны хөрөнгө 12 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бөгөөд үүний араас ангуучлагчид байдаг талаар “The Wall strteet journal” мэдээлж байсан аж. Асадын ээж Аниста Махмуф, нагац ах Рифат Асад болон Асадын гэргийн гэр бүлийн гишүүдийн тэргүүн Асма Ахрас нарын хадгаламжийг илрүүлжээ.
Башар Асад өөрийн хөрөнгийг ямагт нууж байсныг сэтгүүлчид тэмдэглэсэн нь бий. Түүнчлэн Асадын байранд Ferrari, Audi, Mersedec, Lamborghini, Aston Martin болон тансаг зэрэглэлийн бусад машин, Louis Vution, Dior, Hermes, Cartien зэрэг зард гарсан брендийн эд хэрэгсэл, гоёл чимэглэл тэнд байж.