Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар нийт 455 166 ахмад настан амьдарч байв. Энэ нь хүн амын 12.9 хувийг эзэлж буй юм. Ахмад настны тухай хуульд зааснаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэйг ахмад настан гэж тодорхойлдог. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харахад манай улсад 55-59 насны 155 235, 60-64 насны 125 423, 65-69 насны 78 538, 70-аас дээш насны 95 970 ахмад бий гэсэн тоо байна. 1990 онд хүн амын 7.3 хувийг эзэлж байсан өндөр настнууд ийн жилээс жилд нэмэгдсээр. Энэ хэрээр тэдэнд зориулсан бүхий л төрлийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болжээ. Тэтгэвэрт гарсан ахмадууд сэтгэл зүйн болон эдийн засгийн хувьд хүнд байдалд ордгийг олон жишээнээс харж болно. Тухайлбал, Налайх дүүргийн нэгэн ахмад настан “Ажил хиймээр байгаа ч нас заагаад авахгүй юм. Мэргэжлээрээ ажиллахаар хэд хэдэн байгууллагад очиж уулзсан ч татгалзлаа. Сүүлдээ худалдагчийн ажилд оръё гэтэл “хөгшин” гээд аваагүй. Ахмадууд мэргэжлийнхээ дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлж чадна шүү дээ” хэмээсэн. Тэд гэртээ гар хумхин суух хүсэлгүй байна. Ажил хөдөлмөр эрхэлснээр цалин авахаас гадна хамт олонтой болж, цаг хугацаа хурдан өнгөрдөг, сэтгэл санаа өөдрөг, бие махбод ч “хөнгөн” болдог хэмээн ахмадуудын төлөөлөл ярьсан юм. Хүний суурь эрхүүдийн нэг нь хөдөлмөрлөх. Тиймээс улс орнууд хөдөлмөр эрхлэхийг хүсэж буй ажиллах ур чадвартай ахмадуудыг ажлын байраар хангахад онцгойлон анхаардаг аж. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого, шийдвэр гаргахдаа ахмадуудыг залуу үеийнхэнтэй харьцуулан, байр суурийг нь бууруулахгүй, ажил эрхлэх боломжийг нь хумихгүй байхыг чухалчилдаг.
Манай улсын Хөдөлмөрийн тухай хуульд “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно” гэж заасан нь сайшаалтай. Гэвч ажлын байрны олдоц тааруу, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж хомс байгаа нь ахмадуудын хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж буй юм. Өндөр настнууд албан байгууллага, худалдаа, үйлчилгээний төвүүдэд манаач хийхээс хэтрэхгүй байна. Тэдэнд зориулсан ажлын байр, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ, асрамж халамжийн төвүүд ус, агаар мэт дутагдах боллоо. Өндөр настнууд улам нэмэгдсээр байхад төр засгийн зүгээс дорвитой бодлого боловсруулж, арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Нэг үгээр бол ахмадуудад Ардын намыг сурталчлахаас өөр ажил алга. Сонгуулийн жилд л өндөр настнуудын хөдөлгөөн идэвхжиж, сонин хэвлэл, тараах материал барьсан буурлууд айл айлын хаалга тогшиж, ая тал зассан байдалтай явж харагддаг. Өөрөөр бол ахмадуудад өдөр бүр хийх цалинтай ажил үнэндээ байдаггүй. Тэтгэвэрт гарсан нь л бол тухайн хүн ямар мэдлэг, туршлагатай, ачаалал даах чадвартай байгаад ч нийгэмд ад үзэх хандлага давамгайлдаг. Тиймээс “Ахмад настан нь халамж хүртэгчид, нийгмийн хөгжилд саад учруулагч” гэсэн хэвшмэл ойлголтыг халах хэрэгтэйг хүний эрхийн хамгаалагчид хэлж байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын 2023 оны тайланд дурдсанаар судалгаанд хамрагдсан ахмад настнуудын 57.7 хувь нь өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж гэж хариулсан байна. Гэвч тэтгэвэр нь амьжиргааны наад захын хэрэгцээг нь ч хангаж чаддаггүй гэжээ. Тодруулбал, НДС-гаас олгодог ахмад настны 73.4 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500 000 төгрөгөөр амь зууж буй. Энэ мөнгөөр хоногийн хоолоо залгуулахад ч бэрх. Тиймээс ахмадуудад ажил хийж, нэмэлт орлого олох хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Ахмадуудын 51.3 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй
ХЭҮК-ын судалгаанд оролцогч ажлын байртай ахмадуудын 75.6 хувь нь цаашдаа үргэлжлүүлэн ажиллах, “ажилгүй” ахмадуудын 51.3 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой гэжээ. Энэ настныханд бусдын адил хөдөлмөр эрхлэх сонирхол өндөр буйг харуулж байна. Гэвч манай улсад ахмадуудыг ажиллуулах ажлын байр, тэдэнд ээлтэй орчин бий юү. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ”, “Бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгоно”, “Тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Түүнчлэн ахмад настны ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэх, мэдээллийн сан бүрдүүлэх, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон сайхан амлалт хөвөрнө. Мөн 2021 онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг баталсан билээ. Уг хөтөлбөрт ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байуулах, төрийн бус байгууллагуудад энэ үйлчилгээг нэвтрүүлэх, аж ахуй болон өрхийн үйлдвэрлэлд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэсэн гурван чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тусгажээ. Үүний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, “Хүүхэд хамгаалагч” төсөлд 2020-2022 онд нийт 4475 ахмадыг хамруулсан байна.
Хүний тооноос хасагдсан настнууд
Монголчууд “Буурлаас үг сонс, болсноос ам хүр” хэмээн ахмадуудаа хүндэтгэж ирсэн. Гэвч ахмад буурлуудын үгийг сонсож, олон жилийн ажил хөдөлмөрийн үр шимд бий болсон туршлагаас нь суралцаж, алдаагаа дэнсэлж, мэргэн үгсийг нь мэдлэг болгодог залуус хэр олон бол. Манай улсад залгамж халаа гэдэг зүйл тасарсан хэмээн ярих болсон. Залуус нь ахмадаа, ахмад нь залуусаа хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах чадвар сул гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. Хэд хоногийн өмнө цахим орчинд нэгэн сургуулийн захирлыг ажлаас нь халах тухай “ширүүн” маргаан өрнөсөн юм. Түүний нас 60 давсан нь маргааны гол сэдэв болжээ. Хэсэг хүн түүнийг “Ийм өндөр настай байж залууст боломж олгосонгүй, сургуулийн “буг”, намын “бууны нохой” гэх мэтээр зүй зохисгүй үгээр дайрч давшилжээ. Харин зарим нь “Нас бол тоо. Чадвар нь байвал ажиллах л хэрэгтэй. Залуус ахмадаас суралцах зүйл их. Ердөө нэг сая ажиллах хүчтэй байж хүмүүсийг 70 нас хүртэл нь ажиллуулах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй оронд 75 нас хүрсэн ч багшилж, хөдөлмөрлөж байна. Ахмадууд бол “хор” нь гарчихсан, хүлээцтэй, тууштай, зарчимч хүмүүс” гэх мэтээр дэмжсэн сэтгэгдэл хөвөрч байв. Манай улс тэтгэвэрт гаргах нэрээр 55 нас хүрсэн иргэдээ боловсноор “хөөгөөд” явуулчихдаг. Гэвч тухайн хүнд ажиллах нөөц, чадвар байсаар. Бүх салбар ажиллах хүчний хомсдолд орсон энэ цагт ахмадуудад хөдөлмөрлөх “орон зай” олгох хэрэгтэй. Хүний боловсрол мэдлэг “тэтгэвэрт гардаггүй” гэдэг. Монголд л 50 настай хүнийг эмээ, өвөө гэх нь холгүй болохоос зарим оронд идэвхтэй хөдөлмөрлөх, бүтээмж өндөртэй үе гэж үздэг.
Япон Улсын хүн ам өндөр насалдгаараа дэлхийд тэргүүлдэг. Дунджаар эрэгтэйчүүд нь 81, эмэгтэйчүүд нь 87 насалж буй. Тус улсын Засгийн газар 2021 оноос иргэддээ 70 нас хүртэл ажиллах боломж олгосон юм. Энэ нь иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгохын зэрэгцээ ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн сангийн дарамтыг бууруулахад томоохон хөшүүрэг болжээ. Тиймээс манай улсын иргэд ч тус улсад ажиллах сонирхол их аж. Тухайлбал, “Оюунтүлхүүр сан” ТББ-ын “Японд асрахуйн дадлагажигч ажилтан зуучилна” гэсэн зарын доор олон хүн, бидний нэрлэснээр ахмадууд ажилд орох хүсэлтэй буйгаа уламжилсан байх юм. Жишээ нь, тус зарын доор иргэд “50 настай бид бол хөдөлмөрлөх гол хүч”, “Ахмад настнуудыг ойлгож дэмждэг улсад ажилламаар байна” зэрэг сэтгэгдэл бичжээ. Энэ байдлаараа өндөр настнуудыг дэмждэг, ойлгодог, ажлын байраар хангадаг улс руу ахмадууд “дүрвэж” мэдэх нь. Зөвхөн залуус гэхгүй өндөр настнууд ч амьдрах таатай нөхцөлтэй, нас, хүйсээр ялгаварлан гадуурхдаггүй улс оронд амьдрах хүсэлтэй байгааг үүнээс харж болохоор. Тэтгэвэрт гарсан л бол хүний тооноос хасдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй болжээ. Банк зээл олгохгүй, хүүхэд үрчилж авах ч боломжгүй нөхцөлд ахмадууд амьдарч байна. Олон жил үр хүүхэдгүй явсан эхнэр, нөхөр хоёр хүүхэд үрчилж авахыг хүссэн ч “50 нас дөхсөн” гэдэг шалтгаанаар зөвшөөрөөгүй тохиолдол бий. Хатуухандаа бол “хадан гэртээ” ойртсон гэж хэлснээс ялгаагүй мэдрэмжийг тэдэнд өгчээ.
НҮБ-ын зарим баримт бичигт 60 ба түүнээс дээш насныхныг ахмадад тооцдог. Харин манай улсад тэтгэврийн насны доод хязгаарыг эрэгтэй 60, эмэгтэй 55 гэж тогтоосон нь бусад улс орныхтой жишихэд харьцангуй бага. Энэ нь БНХАУ-ынхтай ижил, ОХУ-ынхтай ойролцоо гэнэ. Харин бусад оронд тэтгэврийн насны хязгаарыг ихэвчлэн 65 ба түүнээс дээш байхаар тогтоожээ. Мөн дэлхийн 40 улсаас 29 буюу 72.5 хувь нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг ижилхэн тогтоосон байна. Харин манай улс хүйсээр ялган насны хязгаарыг өөр байхаар хуульчилсан. Гэвч монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй 10 орчим жилээр богино насалдаг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бусад улсынхтай харьцуулахад хамгийн бага байгааг ХЭҮК-ын өнгөрсөн оны тайланд дурдаж, “анхаарал татах асуудал” хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, монгол эрчүүдийн олонх нь тэтгэвэрт гарч чадалгүй буюу 65 нас хүрэлгүй нас бардаг гэсэн үг. Үүнд төр засгаас анхаарал хандуулах, дундаж наслалт нэмэгдэж буйтай холбоотойгоор ахмадуудад зориулсан тусгай хөтөлбөр боловсруулах, “Алсын хараа 2050”-ийг хөрсөнд буулгах, эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгахгүйгээр тэтгэвэрт хүсвэл гаргах боломжоор хангахад санаа тавих цаг болжээ.