Төрийн үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг өчигдөр мэдээллээ. Үүний хүрээнд төрөөс олгож буй зөвшөөрөл, түүнтэй төстэй харилцааг зохицуулах, эрх зүйн бусад актын уялдааг хангахад чиглэсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах аж. Мөн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Уг ажлыг Төрийн бүтээмжийн үндэсний хороонд даалгав.
Ташрамд, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн тоон үзүүлэлттэй уялдуулж, бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, үнэлэх нэгдсэн аргачлал боловсруулж, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал гаргаж, танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд өглөө.
М.Гэгээ