Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22, говь, тал хээрийн зарим сумд 1-10 см зузаан цастай байгаа аж. Энэ тухайд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын огцом хэлбэлзэл дэлхий нийтэд ажиглагдаж буй. Байгаль, цаг уурын гамшгийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2040 онд 30-40 хувиар ихэснэ гэсэн төлөв байдлыг олон улс танилцуулсан. Манай улсад ч мөн ялгаагүй цас их орсны дараа огцом дулаарч, мөсөн зудын эрсдэл үүсгэх аюултай. Говийн болон баруун аймагт зуншлага тааруу, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс зуд болох шалтгаан нөхцөл үүссэн. Өнгөрсөн онд зүүн, төвийн бүсэд зуд болж, мал ихээр хорогдсон. 21 аймагт шуурхай штаб ажиллаж буй бөгөөд өдөр бүр мэдээлэл авч, хариу арга хэмжээ үзүүлж байгаа. Найман аймгийн 20 сум цагаанаар зудархуу байна” гэв.
Ч.Туяа