Японы Нагояа хотод болсон байт харвааны олон улсын “Fivics cup-2024” тэмцээнд цэц сорьсон Монголын өсвөр үеийн тамирчдаас эхний өдрийн шигшээ харваанд “Галт сум” клубийн Н.Маргад 14 хүртэлх насныхны ангилалд алтан медаль хүртэв. Тус ангилалд өрсөлдсөн Г.Нэгүүн хүрэл медаль зүүж, шагналын буухиаг үргэлжлүүлсэн. 12 хүртэлх насныхад С.Сэцэнбилэг, Э.Батхаан нар III байрт шалгаран медалийн тавцанд зогслоо. Тэгвэл хоёр дахь өдрийн тэмцээн багийн харваагаар үргэлжлэхэд 12 хүртэлх насныхны ангилалд манай тамирчид тэргүүлж, 14 хүртэлх насныхад дэд байр эзэлсэн байна.
Байт харваатай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооноос жил бүр “Алтан хараацай” тэргүүн дээд шагналын эзнийг тодруулдаг. Энэ удаа Т.Төртогтох, Г.Мягмардорж нар дээрх шагналыг гарджээ. Тэд АНУ-ын Кливлэнд хотод өнгөрсөн долоодугаар сард болсон Пан-Америкийн мастеруудын наадмын байт харвааны төрөлд насныхаа ангилалд мөнгөн медаль хүртсэн билээ.