Улсын төсвийг алдагдалгүй, үр ашигтай болгох хоёр шаардлагыг Төрийн тэргүүн тавьсан. Үүний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг дахин өргөн мэдүүлж, УИХ-аар яаралтай хэлэлцэж эхэллээ. Төсөлд орлого, зарлага аль алийг нь бууруулж, 33.5 их наяд болгон тэнцүүлжээ. Анхны төсөлд орлогыг 36.8, зарлагыг 35.8 их наяд төгрөгөөр тусгасан байсан юм. Тэгвэл одоо зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, орлоготойгоо тэнцүүлснээр алдагдалгүй төсөв байх шаардлагыг биелүүлсэн аж.
Харин хэр зэрэг үр ашигтай хуваарилалт хийж, яаж танасныг нь УИХ хянана. Парламент энэ сарын 10-ны дотор багтаан өмнөх алдаагаа засан, төсвөө батлах ёстой. Тэгж байж аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д ондоо багтаан төсвөө батлах хугацаа олгоно хэмээн тооцжээ. Нийслэлийн ИТХ хаалттай хуралдан төсвөө батлаад буй. Юутай ч зарим гишүүн танаж оруулж ирсэн төсөвт “хэрэгтэй” зардлыг нь хассан тухай гомдоллож эхэлсэн сурагтай. Мөн алдагдалгүй төсөв батлах сайн жишиг тогтоож буй ч дахин “усыг нь шахах” хэрэгтэй гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байлаа.
Гурван төрлийн зардлаас танажээ
Төсөв өргөн барьсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийнхэнд танилцуулга хийв. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэргийг хэвээр үлдээсэн байна. Ингээд хөрөнгө оруулалтын зардлаас 800, гадаад зээлийн ашиглалтаас 700, урсгал зардлаас мөн 700 тэрбум, нийт 2.3 их наяд төгрөгийн зардлыг хасжээ. Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг 10-100 хүртэлх хувиар бууруулсан аж. Юуны өмнө нийтийн шүүмжлэлд хамгийн их өртсөн ССАЖЗ-ын сайдын багц дахь 18.3 тэрбум төгрөгөөр соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх эрхийн бичиг тараах, тавилга, эд хогшил авахад зориулсан 267.8 тэрбум төгрөгийг 100 хувь хассан байна. Гадаад болон дотоод томилолт, бичиг хэрэг, хичээл үйлдвэрлэлийн дадлагад тусгасан зардлын 50 хувийг танасан юм билээ. Соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх асуудал нь өмнө нь баталсан хуулийн хүрээнд хийж буй ажил байсан. Тиймээс зардал хасаж буйтай холбоотойгоор арваад хуулийг хүчингүй болгохоор хамт өргөн барьжээ. Хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж зарим зардлыг 50 хувиар бууруулсан тул уг зарчмыг нэг удаа биш, цаашид ч мөрдүүлэх гэнэ. Хэрэгжүүлж эхлээгүй зарим хөтөлбөрийг зогсоож, энэ сарын 2-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийг хойшлууллаа. Шинээр хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төсвийн төсөлд нэмж тусгасан нь нэг авууштай өөрчлөлт болов. 2024 оны төсөвт уг асуудлыг тусгасан ч барих газрыг нь шийдэгдээгүй байсан учраас хассан. Тэгвэл үүнийг 2025 оны төсөвт нэмж оруулсан байна. Төсвийг алдагдалгүй баталснаар инфляцын болон төлбөрийн тэнцлийн сөрөг дарамт буурч, зээлжих зэрэглэл сайжрах давуу талтайг Сангийн сайд онцолсон юм.
Механик таналт
Яаралтай горимоор өргөн барьсан ирэх оны төсвийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед “Анх удаа алдагдалгүй төсөв оруулж ирлээ, цаашид ийм зөв жишгээр явах хэрэгтэй” гэсэн хандлага давамгайлав. Гэвч дутуу зүйл цөөнгүй үлдсэнийг ч сануулж байлаа. Алдагдалгүй төсөв гэдэг шаардлагад төвлөрч, зарим зардлыг автоматаар хассан нь сөрөг үр дагавар гаргах эрсдэлтэй гэдгийг Үндэсний аудитын газрын дүгнэлтэд ч дурдсан байна лээ. Сангийн сайд “Хэнийг нь гэж ялгах вэ, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны зарим зардлыг жигдхэн 10 хувиар хассан. Энэ удаа механик таналт хийсэн. Танасны хэрээр сөрөг дарамт ирнэ” гэсэн нь үүний баталгаа. Чуулганы үеэр гишүүд “Хавтгайруулж таналаа” гэсэн шүүмжлэл хэлсэн юм. Гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын сонгуулиас хойш төрийн албан хаагчдын тоо 6000-аар өссөн. Сонгуульд нь ажилласан хүмүүсээ төрийн албанд шахдаг жишиг бий. Намайг 2014 онд Ховд аймгийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга байхад нийт долоон хүн ажилладаг байсан. Нэг ажилтан жилд 100 виз л дардаг. Гэтэл уг орон тоог 27 болгон нэмжээ. Ачаалал багатай газар улсын төсөвт нэмж орлого оруулахгүй. Компьютер ширтсэн баахан ажилтантай болж. Үүнд анхаар” гэв.
Эдийн засгийн өсөлтийг найман хувь байхаар төсөөлсөн нь хэт өөдрөг гэж шүүмжлэх хүмүүс бас байлаа. Ирэх онд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд унах эрсдэл бий нь мэдээж. ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллага манай улсын эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь гэж тооцсон байхад Засгийн газар орлого, зарлагаа танасан атал гол үзүүлэлтүүдээ хэвээр оруулж ирээд буй юм. Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ингэж асуусан гишүүдэд “Тооцоо, судалгааг би, эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийдэггүй юм. Үүнийг манай яамны мэргэжлийн эдийн засагчид хийдэг. Тиймээс битгий өөдрөг гэх мэтээр гуйвуулсан мэдэгдэл хийгээд бай” хэмээн “загнасан”. Сангийн сайд “Сүүлийн хоёр жилд орлого давж биелсэн, алдагдалгүй гарсан. Тиймээс тооцоо бол алдаагүй. Экспортын гол бүтээгдэхүүний эрэлт буурахааргүй байгаа” гэж хариулав. Алдагдалгүй байх нь биш, үр ашигтай зарцуулах нь төсвийн гол шаардлага гэдгийг цөөнгүй гишүүн сануулав. Сангийн сайд тэдэнд “Ямар ч байсан энэ удаа төсөв алдагдалгүй байхаар орлого, зарлагаа тооцож оруулж ирлээ. Ирэх жилүүдэд ч энэ зарчмаа баримтална. Байгаа төсвөө үр ашигтай зарцуулж, бүтээмжээ нэмэгдүүлэхийг зорино” гэсэн хариу өгсөн.
Цөөнгүй зардлыг бууруулсан, үүн дотроо олон нийтийн анхааралд их өртсөн зарим төслийг хассан нь сайн хэрэг. Хэдий тийм ч Засгийн газарт хамтарсан намууд УИХ-ын сонгуулиар өгсөн амлалтдаа хүрсэнгүй. Төсвийг хоёр дахь удаагаа боловсруулах боломж тэдэнд олдсон байхад зардлыг ДНБ-ий 20-25 хувьд барих амлалтаа хэрэгжүүлэхийг хүссэнгүй. Эхний төслийг өргөн барих үед л зарим гишүүн амлалтыг нь сануулж, шаардсан. Гэвч анхны хувилбараасаа хоёр хувиар л бууруулж, ДНБ-ий 35.2 хувьтай тэнцүүлсэн байх юм. Мөн анхаарал татаад байсан зарим төслийг үлдээсэн байна лээ. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн санаачлан зүтгүүлсэн бяслагны үйлдвэрийг Хөвсгөл аймгийн сумуудад барих зардлыг хэвээр үлдээсэн байна. “Хувийн хэвшлийнхэн угаасаа хийж чаддаггүй, бид энэ бяслагны үйлдвэрийг заавал барина” хэмээн тавлаад байсан нь ч ёсоор болж буй аж.
Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хуультай зардлуудад гар хүрч болохгүй гэдэг зарчмыг Засгийн газар баримталсан юм билээ. Хүүхэд жил бүр шинээр төрнө, хүүхдийн мөнгө олгоно. Цалинтай болон одонтой ээжид олгох зардал нэмэгдэнэ. Үүнийг бол ойлгож байна. Гэхдээ Б.Пүрэвдорж гишүүний сануулснаар үндэслэлгүйгээр төрийн албан хаагчдын тоог нэмсэн бол энэ анхаарах асуудал мөн. Хийцгүй баахан ажилтан цаг нөгцөөн сууж, төсвийн мөнгөөр цалинжих ёстой юу. Ийм байдлаар ялгаж, үр ашгийг нэмэгдүүлэхэд бас анхаарах хэрэгтэй.
Засгийн газраас зарим талаар автоматаар танаж, ингэхдээ “боломжоороо” тооцоо хийж төсвөө дахин оруулж ирсэн нь энэ. Одоо УИХ-ын гишүүд ажил хэрэгчээр хандаж, нэмж хасах, танах үргүй зардлыг нь ч цэгцлэх учиртай. Өмнө нь тэд хариуцлагагүй, хэнэггүй хандсан. Бас намынхаа бодлогын шийдвэрт үг дуугүй толгой дохисон. Үүнийх нь хариуд Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж, бүхнийг эхнээс нь давтан цаг хугацаа алдаж байна. Хэдийгээр үргүй зардлыг 2.3 их наядаар танан оруулж ирж буй нь давуу талтай ч дараагийн удаа цаг хугацаанд нь, хариуцлагатай ажиллахад Засгийн газар ч, УИХ ч суралцах учиртай сан. Хуулийн дагуу төсвийн дөрвөн шатны хэлэлцүүлэг хийнэ. 44 гишүүн асуулт тавихаар нэрээ өгсөн учраас өчигдрийн чуулганыг цаг сунган хуралдуулсан. Өнөөдөр УИХ-аар төсвийн хамгийн гол, зарчмын зөрүүтэй санал гаргаж, үргүй зардлыг хасуулж, үнэхээр шаардлагатайг нь нэмүүлж болох хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилнэ. Үргүй зардлыг танах тухай нэр бүхий гишүүдийн санаачилгад нэгдсэн 20 гаруй хүн одоо бодитоор ажиллах боломжийг алдахгүй гэж найдна.