Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад хууль тогтоолцохоор сонгогдон ирсэн цөөнгүй гишүүн энэ парламентад бий. Тэдний нэг бол наран ургах зүгийн Дорнод нутгийн Засаг даргаар 2015 оноос хойш ажиллаж байгаад өнгөрсөн хавар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Мягмарсүрэнгийн Бадамсүрэн. Зүүн бүсийн хамгийн том аймгийг 10 шахам жил удирдсан түүнд нутгийнхан нь төдийгүй нефтийн чиглэлээр сургууль төгссөн олон хүн итгэл хүлээлгэн төрийн түшээ болгосон нь гарцаагүй. ШУТИС-ийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн тэрбээр салбартаа анхан шатнаас нь эхэлж ажилласан юм билээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн НИК компани буюу орон нутаг дахь Нефть хангамжийн баазын түгээгчээс ажлаа эхэлж, салбарын эрхлэгч болж дэвшээд удалгүй Дорнод аймаг дахь “Магнай трейд” ХХК-ийн салбарын захирлаар ажилласан намтартай. 2009 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2012 оноос даргаар нь ажиллаж, 2014-2015 онд Засаг даргын орлогч, дараа жилээс нь Засаг дарга болсон нэгэн.
Засаг даргаар ажиллаж байхдаа Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, Улааны холимог металлын ордыг ашиглагч “Шинь шинь” ХХК-ийн үйл ажиллагааг 2019 онд Онон, Улз голын сав газрын захиргаа болон Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүгнэлтэд үндэслэн зогсоосон байдаг.
Нефтийн инженер тэрбээр Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь XIX, XXI талбайд газрын тос олборлогч “Петрочайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанд төдийлөн таатай ханддаггүй гэлтэй. Тус компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг сайжруулах ёстой гэж үздэг юм билээ. Өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд “Петрочайна дачин Тамсаг” хууль зөрчсөн үйлдэлтэй тэмцэл өрнүүлж ч явсан юм. Тодруулбал, “Петрочайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг гүний усыг хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр 2017, 2018 онд хоёр ч удаа түр хугацаагаар зогсоосон юм даг. Түүгээр ч зогсохгүй салбарынх нь захирлаар ажиллаж байсан “Магнай трейд” компанидаа газрын тосны цооног өрөмдүүлээгүйгээс болж шүүхээр заргалдаж ч явав. “Магнай трейд” ХХК Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт 2019 оноос хойш газрын тосны цооног өрөмдөх гэж оролдож, эцэстээ үйл ажиллагаа явуулж чадаагүйгээс учирсан хохирол хэмээн Засаг даргаас нь 2.5 тэрбум төгрөг нэхэмжилж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тус аймгийн нутаг дахь, “Баянтүмэн-17” хэмээх газрын тосны нөөц бүхий талбай нь долоон сумын нутгийг хамарсан, малчдын өвөлжөө, хаваржаа, гэр бүлийн хэрэгцээний, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилж, эзэмшдэг нийт 30 гаруй мянган нэгж талбар бүхий газартай давхацсан учраас өрөмдүүлэхээс татгалзсан гэдэг.
Хэнтийгээс Дорнод чиглэлийн “тамын 50” гэж нэрлэгдэх болсон авто замыг барих аж ахуйн нэгжийг шалгаруулсан, барьсан, хүлээн авсан, гүйцэтгэлд нь хяналт тавьсан албан тушаалтнуудын эсрэг зарга мэдүүлж АТГ-т хандан шалгуулахаар болоод буй.
Засаг даргаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдээс М.Бадамсүрэнгийн эсрэг АТГ-т нэг бус удаа гомдол гаргаж байсан ч тэр болгонд нь хэрэг нээхээс татгалзан хааж байв. Хамгийн сүүлд гэхэд “Петрочайна дачин Тамсаг”-ийн талбайд нөхөн сэргээлт хийсэн “Эко ургамал” гэх компанид давуу байдал олгосон гэх утгатай гомдол АТГ-т иргэд гаргаж байсан ч мөн л гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан гэдэг. Өөрөө үүсгэн байгуулаад, садан төрлийнхөө хүмүүст шилжүүлсэн аж ахуйн нэгждээ газар олгуулсан, ах, эгч, дүү, эхнэрийнхээ төрөл төрөгсдийг төрийн албанд ажилд оруулсан хэмээн хэвлэлээр мэдээлдэг ч тэдгээрийг нь шалгасан, эсэх нь тодорхойгүй.
Юутай ч УИХ-д сонгогдсоноосоо хойш чуулган болгонд шахам үг хэлэхдээ “Засаг даргаар ажиллаж байсны хувьд...” гэж эхлэн хөдөөгийн иргэдийн талаар хөндөж байдаг нэгэн хууль тогтоогчтой болжээ.