Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 84 дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Үүний 74 нь ахуйн, нэг нь ой, хээрийн түймрийнх аж. Ялангуяа нийслэлд бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцөл нь яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэйг НОБГ-аас мэдээлсэн юм. Тодруулбал, эдгээр шалтгаан нөхцөлийн улмаас өвөл, зуны зориулалттай 20 сууц, найман автомашин, хогийн суваг зургаа, агуулах, барилга байгууламж болон орон сууцад эд хогшил шатсан тохиолдол тус бүр тав бүртгэгдсэн байна. Түүнчлэн гурван монгол гэр, хоёр гарааш шатсаныг онцгой байдлын байгууллагын алба хаагчид унтраажээ. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, айл өрхийн галлагаа ихсэж, гал түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа учир пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг албаныхан анхааруулав.
Ч.Туяа