Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарт холбогдох, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахиад шүүхэд шилжүүллээ. Уг нь тэдэнд холбогдох хэрэгт 2023 оны гуравдугаар сард прокурор яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан юм. Тус шүүхийн шүүгч М.Түмэннаст хэргийг хэлэлцээд Л.Чой-Ишийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, М.Энх-Амарт албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 23.5 дахь хэсгийн албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж цагаатгасан юм. НПГ-ын хяналтын прокурор уг шийдвэрийг эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон. Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсанаар Л.Чой-Иш, М.Энх-Амар нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхдээ прокурорт буцаах шийдвэр гаргасан байдаг.
Энэ хоёр албан тушаалтан улсын төсвийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас 2017, 2018 онд хэрэгжүүлсэн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах арга хэмжээний хүрээнд өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд танил талаа шалгаруулсан хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, гутлын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийн захирал, найз Н.Болорчулууны аж ахуйн нэгжийг дээрх сонгон шалгаруулалтад шалгаруулах зорилгоор Л.Чой-Иш тендер хариуцсан ажлын хэсгийн ахлагч М.Энх-Амарт нөлөөлсөн гэдэг. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах баримт бичгийн шаардлага хангаагүй “Чансаа хан хөхий холдинг” ХХК-ийг шалгаруулсан. Ингээд 2017 оны арваннэгдүгээр сард Мал хамгаалах сантай гэрээ байгуулан гурван тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгуулсан байдаг. Мал хамгаалах сангаас зээл авсан Н.Болорчулуун захиралтай “Чансаа хан хөхий холдинг” компани авсан зээлийнхээ 1.2 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар тогтоогдсон. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш ийнхүү найздаа давуу байдал олгосон бол, Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар мөн л өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч байхдаа найз Ж.Саруул болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “Ийствест ресурс”, “Бор банди групп”, “Эрхжин” ХХК шаардлага хангаагүй байхад албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон байдаг. Улмаар Мал хамгаалах сангаас “Ийст вест ресурс”-д 1.1 тэрбум, “Бор банди групп”-д 190 сая, “Эрхжин” ХХК-д 650 сая төгрөгийн хүүгүй зээл олгуулсан юм.
Г.Орчлон