Байгууллагын орчинд хүүхдэд ээлтэй орон зай бий болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлынхан Алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлогыг батлан, хэрэгжүүлж буй аж. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийнхан хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө нээсэн байна. Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлэн, хүүхэд эцэг, эхийнхээ хараа хяналтад тоглож наадах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж бүрдүүлсэнийг дээрх байгууллагынхан онцоллоо.
Онцгой байдлын байгууллагынхан одоогоор нийслэл, дүүргийн хэмжээнд өдөр өнжүүлэх таван төв ашиглалтад оруулсан бөгөөд цаашид орон нутаг дахь салбарууддаа шат дараатайгаар нэмэхээр төлөвлөжээ. Байгууллагын орчинд хүүхдийн орон зайг бий болгосноор алба хаагчдын ажлын бүтээмж сайжран, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээх эрсдэлээс сэргийлэх боломжтой юм.
У.Сүрэн