Энэ парламент байгуулагдсан цагаасаа л төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэж буй юм. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотгол, улмаар 2025 оны төсвийг хоёр дахиа эхнээс нь хэлэлцэж байна. Гэхдээ голдуу хагас ирцээр буюу 60 гаруйхан гишүүнтэйгээр энэ бүх чухал ажлыг хийж буй нь анхаарал татна. Уг нь түүхэнд анхны 126 гишүүнтэй парламент шүү дээ. Гэвч гишүүд нь үндсэн ажилдаа маш хайхрамжгүй ханддаг, нэгдсэн чуулганд “ээлжлэн” оролцдог хандлага тогтоод удав. Хагас жил болж байхад “хэлгүй” гишүүн олон хэвээр, дэгээ ч судалдаггүй, асуудалд олон өнцгөөс нь хянамгай хандсан ч юм алга. Нэг л тийм дампуу, унтаа, идэвхгүй. Ард түмнийг төлөөлж, буруу булхайг шүүмжилж, хэрэгцээтэй төсөл хөтөлбөр, хууль батлуулахын төлөө ажиллах чадамжтай нь тун цөөн, харин товчлуур дарагч олон байх шиг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч гишүүдээ “базаж”, ирцээ бүрдүүлж чадахгүй нь. Сүүлдээ ажилдаа хариуцлагатай хандсан гишүүдийг чуулганы танхимд урдуур суулгах аргаар урамшуулах тухай ч яриад авлаа.
Уриад ч нэмэргүй
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль энэ сарын 2-ны орой онц байдал зарласан билээ. “Сөрөг хүчин болох Ардчилсан намынхан төсвийн тодотголыг хүчээр батлуулж, төрийн эсрэг бослого гаргах нь” гэдэг шалтгаанаар тэрбээр ийм шийдвэр гаргасан юм. Улмаар парламентын гишүүдийг оруулахгүйгээр Үндэсний ассамблейн ордноо цэргийн хамгаалалтад авсан байв. Тэгмэгц парламентын 190 гишүүн нь тэр даруй цуглаж, хашаа давж ороод хуралдаж, Ерөнхийлөгчийн шийдвэрийг цуцалсан тогтоол баталсан. Дураар авирлаж, онц байдал зарласан Ерөнхийлөгч нь уржигдар ард иргэдээсээ уучлалт гуйлаа, улмаар парламентаас нь түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. БНСУ-ын парламентын гишүүд буруу шийдвэрийг ийнхүү эсэргүүцэж, хамгаалалтад авсан ордон руугаа дайрч орон хуралдаж, ирцээ бүрдүүлж байхад манай түшээд урьж залуулаад ч ажилдаа ирдэггүй нь гунигтай. Хагас жилийн турш төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэж байгаа ч эндээс суралцдаггүй, асуудлын ач холбогдол, чухлыг ойлгодоггүй хүн олон байна. Төсөв хэлэлцэж байхад чуулганы танхим хоосондуу, хэдхэн хүн л бууриа сахисан дүр зураг байгаа юм. Ямар сайндаа л УИХ-ын дарга нь “Урдуур суудаг гишүүд ажилдаа ирэхгүй, танхим хоосорч харагдаад байна. Тиймээс идэвхтэй ажилладаг хүмүүсийг урагш нь суулгана” гэж байх вэ. Танхимаа дүүрэн мэт харагдуулах арга ядсан арга юм уу даа.
Хариуцлагагүй гишүүд, сул дарга
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийг Засгийн газраас энэ сарын 4-нд дахин өргөн барьсан. Улмаар тэр даруй УИХ-аар хэлэлцэж эхэлсэн билээ. Тэгвэл ирэх оны төсвийг дахин боловсруулж, алдагдалгүй, үр ашигтай болгоод өргөн барих үүргийг УИХ-аас өгөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийхээр мордсон. 2025 оны төсвийг эхний удаа өргөн барьж, хэлэлцэх үед ч тэрбээр оролцоогүй, энэ удаа ч эзгүй хойгуур нь ажил өрнөж байна. Шадар сайд Т.Доржханд, ССАЖЗ-ын сайд Ч.Номин, Монгол Улсын сайд, “20 минутын хот” үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар түүнтэй хамт яваа аж. Төсөв хэлэлцэж байхад сайд нар заавал байлцаж, асуултад хариулж, оруулж ирсэн төслөө хамгаалах учиртай. Гэвч тэднийг “олох” амаргүй цаг үе ирээд байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ сарын 4-ний нэгдсэн чуулганы үеэр “Өмнө нь төсөв хэлэлцэж байхад гадаад томилолт өгдөггүй байсан. Гэтэл өнөөдөр 30 хүн гадаадад явж байна” гэсэн юм. Гишүүн Б.Пүрэвдорж “Засгийн газрын оруулж ирсэн бүтэлгүй төсвийг засах гээд бид энд сууж байна. Гэтэл ирц маш муу, 13 сайд нь алга. Та бүхний алдааг засах гээд бид хамаг цагаа үрээд сууж байна. Өөр олон чухал төсөл, хөтөлбөрийг оруулж ирж хэлэлцэх учиртай” гэв. УИХ-ын дарга тэдэнд “Эртнээс төлөвлөсөн арга хэмжээ учраас Ерөнхий сайдын хувьд оролцохоос өөр арга байгаагүй. Гурван сайд түүнтэй хамт яваа. Өнөөдөр Б.Дэлгэрсайхан сайдын томилолтын хүсэлтийг би буцаасан. Бусад сайд оролцох ёстой шүү” гэсэн. Гэвч иймэрхүү байдлаар хоосон “үглээд” үнэндээ байдал сайжирсангүй. 2025 оны төсвийг анх өргөн барьж, хэлэлцэх үед ч сайд нарын эрэлд гарч байв. Тэр үед Засгийн газрын гишүүд орон нутгийн сонгуульд санаа тавьж, намын ажлаа хийгээд завгүй байсан юм. Харин энэ удаа Ерөнхий сайд болон гурван сайдаас бусад нь төсвийн хэлэлцүүлэгт оролцох ёстой. Гэвч үндсэн ажлаа үл тоожээ. Хамтарсан Засгийн газар 22 сайдтай, бүгд УИХ-ын гишүүний “давхар дээлтэй” юм.
Нөгөө талаар УИХ 126 гишүүнтэйг санах ёстой. “Давхар дээлтэй” 22 сайдаас гадна 104 сул гишүүн ч бас ажилдаа хариуцлагатай оролцох үүрэгтэй. Тэд бол Үндсэн хуулийн 23.1-т заасанчлан “Ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж” ажиллах үүрэгтэй хүмүүс. УИХ-ын Тамгын газраас гаргасан нэгдсэн чуулганы ирцийг харвал энэ сарын 4-нд 12, 5-нд ес, 6-ны өдөр 10 гишүүн гадаадад томилолттой байв. УИХ-ын гишүүдийг төсвийн мөнгөөр үнэгүй “газар үзүүлдэг” байдалд бас анхаарах учиртай. Эдүгээ хэлэлцэж буй ирэх оны төсөвт гадаад томилолт, зочны зардалд тусгасан 111 тэрбум төгрөгийг 50 хувиар танаж оруулж ирээд байгаа. Үүрэг, оролцоо багатай, бараг шаардлагагүй олон томилолтод УИХ-ын гишүүд дагалдаж явдаг. Тиймээс цаашид үр ашигтай, үнэхээр оролцоо нь хэрэгтэй гишүүнийг л аливаа гадаад томилолтод багтаадаг болгох хэрэгтэй. Ингэвэл ирц сайжрахад ч нөлөө үзүүлнэ. Тэгээд ч гадаад харилцаатай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд гэхээс илүү Засгийн газар хариуцан гүйцэтгэдэг.
Юутай ч эрүүл мэндийн болон хүндэтгэх шалтгаанаар чөлөөтэй байгаа, албан ёсоор томилолттой яваагаас бусад 110 орчим гишүүн нэгдсэн чуулгандаа оролцох үүрэгтэй. Гэвч танхимд үргэлж л 60 гаруйхан хүн байдаг, санал хураахад ч энэ тооноос нэг их дээшээ гарахгүй удаж буй. Бусад нь УИХ-ын гишүүний үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй, хувийн ажлаа амжуулаад, заваараа чуулганд үзэгддэг бололтой. Тэд яагаад ажлаа хийхгүй, үүргээ ухамсарлахгүй байна вэ. Одоо мөрдөж буй УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар ажил тасалсан өдрийнх нь тоогоор гишүүдэд цалингаас нь хасах арга хэмжээ авдаг аж. Гэтэл ардаа бизнестэй, өөр олон эрх ашигтай гишүүд л үндсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа. Тэдэнд цалингаас хасах зохицуулалт нөлөөлөхгүй. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Яах гэж УИХ-ын гишүүн болсноо сана. Төр, түмнээ төлөөлнө гэж их зүйл амлаж, уулыг нурааж, усыг эргүүлнэ гэж сонгогддог. Гэвч гишүүн болсныхоо дараа ажилдаа ирдэггүй, хуралдаа суудаггүй, ард түмний биш, хувийн эрх ашгийнхаа төлөө ажилладаг ийм хандлага өмнөх парламентуудад ч байсан. Үүнийг цэгцлэх ёстой. Ирцийнхээ дагуу урагшаа суудаг болгох өөрчлөлтийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулъя” гэсэн. Мөн “Ажилдаа ирдэггүй гишүүд ер нь олон сонгогддоггүй шүү” гэж сануулна лээ. Тэгвэл суудал ахиулж суулгах нь ажилдаа угаасаа ирдэггүй гишүүдэд хөшүүрэг болох уу. УИХ-ын дарга ч бас дэгээ сахиулж, хатуу гараар үзэх хэрэгтэй. Гэвч Д.Амарбаясгалан дарга зөөлдөөд л байх шиг. Өдөр бүр л “үглэх” юм, гэвч гишүүд нь түүний үгийг тоохгүй, чуулгандаа суухгүй. Хариуцлагагүй гишүүн, зангараггүй даргатай парламент л харагдаад байна.
Олон парламент дамжин гишүүдийн ирц, хариуцлагын талаар ярилаа. Одоо УИХ-ын чуулганы хуралдааны дэг, УИХ-ын тухай хуулиудад ажлаа хийдэггүй, хариуцлагагүй гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт нэмэх хэрэгтэй байна. Хариуцлагыг бодитоор тооцдог болохын тулд өөр арга алга. Өмнө нь 2019 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ийм зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлж байсан туршлага бий. Тангаргаасаа няцсан, итгэл алдсан, нийтийн биш, хувийн эрх ашгаа энэ тэргүүнд тавьсан, хариуцлагагүй гишүүдийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах эрхийг сонгогчдод олгох ёстой хэмээн тэрбээр мэдэгдэж байв. Гэвч уг төслийг УИХ-аар хэлэлцээгүй байх. Тийм эр зориг 76-гаас лав гараагүй. Харин 126 болсон үед хариуцлагыг бодит болгох шийдлийг дэмжих эрүүл ухаантай гишүүн арай илүү олдоно гэж найдна. Тодорхой цагийн босго тавиад, төдий хугацаагаар ажлаа тасалсан бол эгүүлэн татдаг болчихвол ийм цалгар, хариуцлагагүй байдал давтагдахгүй.