Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн хугацаанд зарцуулсан төсөв хөрөнгө, энэ чиглэлээр төрөөс хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдийн талаар “Үнэн хатамж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяатай ярилцсанаа хүргэе.
-Танай байгууллага төсвийн зарцуулалт, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм билээ. Утааг бууруулахад зарцуулсан төсвийн үр ашгийн үзүүлэлтийг хэрхэн үнэлж байна вэ?
-Монгол Улсын төсөв жилээс жилд тэлж буй. Дөрвөн жилийн дотор төсвөө хоёр дахин тэлсэн улс дэлхийд байхгүй. Гэтэл энэ их мөнгө иргэдийн амьдралд огт “наалдахгүй”, сайн сайхан зүйл авчрахгүй байгаа нь хачирхалтай. Үүний гол шалтгаан нь авлига.
-Манай улсад авлига жинхэнэ утгаараа нүүрлэсэн. Засаглал нь авлигад идэгдэж, тартагтаа тулсан учир иргэд нь ядуу тарчиг амьдарч байна. Олон улсад авлигыг эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг шүү дээ. Манай улсад эрх мэдэлтнүүд иргэдээ эрүүдэн шүүдэг. Нийслэлчүүд бид Засгийн газрынхаа эрүүдэн шүүлтэд амьдарч буй. Энэ бол маш ноцтой, хүн бүрийн санаа тавих, анхаарах асуудал.
Өнгөрсөн хугацаанд утааг бууруулах нэрийдлээр хэчнээн тэрбум төгрөг салхинд хийсгэсэн талаарх тоо баримтыг иргэд бараг цээжээр мэддэг, хэлдэг болчихлоо. 2008-2016 онд гэхэд агаарын бохирдолтой тэмцэхэд 560-аад, 2017-2022 онд 456 тэрбум төгрөг зарцуулсан. 2001 оноос хойш утааг бууруулахад нийслэлийн төсвөөс жил бүр 30-40 тэрбум төгрөгийг зарцуулж байгаад энэ оноос 60 тэрбумд хүргэчихлээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд зөвхөн олон улсын байгууллагын хандив, тусламжаас гэхэд 500 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулжээ. 2024 он хүртэлх хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийг утаа бууруулах ажилд зарцуулсан гэж мэдээлж байгаа. Энэ бол интернэтээс хайж олж болохуйц мэдээ, баримтад тулгуурласан, маш өнгөц тооцоолол. Бидний тооцоолж буйгаар үүнээс гурав дахин их хөрөнгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан.
Нэг хүүхэд утаанаас болж өвдлөө гэж бодъё. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь ажлаа тасалж, өвдсөн хүүхдээ асрах, цаашлаад эмнэлэгт авч хэвтэх болдог. Тэр тоолонд тухайн өрх айлын орлого буурч, эдийн засгаараа хохирдог. Эмнэлгийн ор хоног, эм, тариа, эмчилгээний төлбөрт багагүй мөнгө зарцуулна, хүүхэд нь өвдөх болгонд энэ алдагдлын хэмжээ хэд дахин үржигдэнэ. Ханиад хүрсэн хүүхдээ эмнэлэгт гурав дахиа авч очсон эцэг, эхийг “Дахиад л хуучин эмчилгээгээ хийх тул үр дүн гарахгүй, та өөрөө аргал” гээд буцааж байна шүү дээ. Агаарын бохирдол иргэдийг ингэж л туйлдуулж, зүдрээж, эдийн засгаар нь хохироож байна. Гэтэл үүний эсрэг хэрэгжүүлсэн үр дүнтэй ажил алга.
Агаарын бохирдлын асуудал хариуцсан анхны нэгжийг Монгол Улсад 2008 онд байгуулсан. Үүнээс хойш 17 жил өнгөрч. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар гэж нүсэр бүтэцтэй нэгж одоо ч үйл ажиллагаа явуулж байна. Тус газар 50 гаруй ажилтантай. Байгууллагынх нь өдөр тутмын үйл ажиллагааны урсгал зардал, хүмүүсийнх нь цалин, урамшуулал, ажлын хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн зардлыг нь хүртэл улсын төсвөөс шийддэг. Энэ мөнгийг ч агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөвт нэмж тооцох ёстой юм. Цаашлаад иргэдийн сэтгэл санаа, амьдралын чанарт нөлөөлж буй утааны хор уршгийг ч тооцох учиртай. Жилд дунджаар 10-20 хүн угаартаж нас бардаг байсан нь одоо 40 болсон гэнэ. Гуравхан сая хүн амтай улсад зөвхөн утаа угаараас болж иргэд нь 40-50-иараа амиа алдана гэдэг бол эмгэнэл, бас аймшиг. Ургийн эндэгдэлтэй холбоотой айхавтар тоонууд ч байна. Харамсалтай нь, иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй агаарын бохирдлын хор уршгийг энэ мэтчилэн нарийвчлан авч үзэж, тооцож гаргасан дүн манай улсад алга. 1.5 их наяд төгрөг гэдэг бол нийт хохирлын өчүүхэн хэсэг.
-Агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний мөнгө зарцуулсны хэрэг огт гарсангүй гэж үзэж байна уу?
-Утаатай тэмцэх чиг үүрэгтэй байгууллага байна уу, байна. Агаарын бохирдлыг бууруулахад төсөв хөрөнгө тогтмол хуваарилсаар л байна. Гэвч утаа гамшгийн хэмжээнд хэвээрээ. Тэгэхээр бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс ажлаа буруу хийж байна, эсвэл гол зүйлээ онохгүй байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын ил тод байдлын хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн 2023 оны эхний хагас жилийн тайланг харлаа. Хийсэн ажлаа ил тод тайлагнах нь зүйн хэрэг, сайн засаглалын нэг жишээ. Хамгийн хачирхалтай нь, энэ байгууллагынхны хийсэн ажлын биелэлт дандаа 70-100 хувьтай гарчээ. Төлөвлөсөн ажлаа 100 хувь биелүүлсэн гэхээр төсөвлөсөн санхүүжилтээ мөн 100 хувь зарцуулсан гэсэн үг. Цаасан дээр ийм л догь ажилладаг байх нь. Харин 100 хувийн биелэлттэй ажлуудынх нь үр дүн амьдрал дээр хаана байна вэ. Хамгийн ичмээр, эмгэнэлтэй нь, хэрэгжүүлэх ажлуудад нь түүхий нүүрсний хэрэглээг хянаж шалгах, хот руу нэвтрүүлж буйг нь таслан зогсоох зэрэг багтсан байгаа юм. Хэрэв нийслэлчүүдийн хэрэглэж буй түлш үнэхээр сайн, чанартай, хямд, утаагүй байсан бол иргэд яах гэж түүхий нүүрс хулгайгаар түлэх юм бэ. Хоёрдугаарт, ийм хөгийн зүйлд анхаарал хандуулах нь тэдний ажил биш шүү дээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас гадна маш олон байгууллага түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьдаг юм билээ. Ийм хэрэггүй ажилд хүн, хүчээ тарамдаж байхаар сайжруулсан түлшнийхээ чанарыг сайжруул л даа. Төрийн байгууллагынхан нь мөнгө үрж, цаас үйлдвэрлээд, өөрсдийнхөө ажлыг 100 хувь гэж дүгнээд л сууж байна. Гэтэл бодит байдалд утаа улам өтгөрч, хоруу чанар нь нэмэгдсээр. Иргэд илүү их хордож, өвдөх боллоо. Тэгэхээр агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд цаашид ажлаа өөр голдирлоор явуулах хэрэгтэй. Үнэхээр ил тод байя гэвэл бодлого, төлөвлөгөөгөө иргэдийн оролцоотойгоор өөрчил, шинэчил. Та нар 17 жил мөнгө үрлээ. Үр дүн гарсангүй. Одоо өөрөөр ажилла.
-Утааг бууруулах зорилготой төсөл, хөтөлбөрийг нэг үе төр засгаас нэлээд идэвхтэй хэрэгжүүлдэг байснаа сүүлийн жилүүдэд харьцангуй таг чиг болчихсон. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэнэ гэх “шошго”-той аливаа ажилд иргэд итгэл алдарч, хардах, шүүмжлэх өнгө аясаар хүлээж авдаг болсны илрэл гэж хардаг. Харин сүүлийн үед түлш, угаар хэмжигч, зуух гээд ямар нэгэн зүйлийг иргэдэд тараах, шахах талаар л ярьдаг боллоо. Сүүлд гэхэд нийслэлээс 28 тэрбум төгрөгөөр 32 мянган өрхөд “утаагүй” зуух тараах ажил хийхээ зарлачихлаа.
-Өмнө нь зуух тараасан, одоо дахиад л үүнийгээ давтах гэж байна. Нэгэн монгол залуу утаа угаарыг дахин шатаадаг зуух бүтээгээд Хятадад патент авсан гэнэ. Өмнөд хөршөөр тогтохгүй Европт ч бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрүүлсэн гэх. Хэрэв үнэхээр утаагүй, сайн зуух хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монгол инженерээ дэмжээд, бүтээгдэхүүнийг нь худалдан авч яагаад болохгүй гэж. Бүх айлаа нэг дор байранд оруулж чадахгүй нь үнэн. Одоохондоо гал түлэх хэрэгцээ шаардлага байгаа нь ч үнэн. Зуух, түүн дотор шатааж буй түлшинд асуудал байхыг үгүйсгэхгүй. Бид мэргэжлийн хүмүүс биш учир мэдэхгүй шүү дээ. Гэхдээ та нарын санал болгож, тараасан зуух чинь үр дүнгээ өгөөгүй, өгөхгүй байгаа. Одоо нийлүүлж буй түлш чинь болохгүй байна. Хүн болгон үүнийг хэлдэг. Ингэж шүүмжлэхээр “Тэгвэл Хятадаас нүүрс оруулж ирнэ” гэдэг. Хятад руу хамгийн сайн нүүрсээ экспортолж, бидэнд түүнийхээ үлдэгдэл хогийг нь өгчхөөд “Өмнөд хөршөөс түлш авна” гэх нь ямар учиртай вэ. Өөрсдийнхөө нийлүүлсэн нүүрсийг өртөг шингээгээд, өндөр үнээр худалдаж авах юм юм уу. Яагаад ингэх ёстой гэж. Хөрөнгө мөнгө нь илүүдээд байгаа хэрэг үү. Бид баялгийн эзэд атлаа эрүүл мэндээрээ хохирон байж яагаад хаягдал хэрэглэх ёстой юм бэ. Угтаа бол бидэнд хамгийн сайныг нь хэрэглүүлэх ёстой шүү дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Утаа Их тэнгэрт ороод ирчихсэн байна. Бидний асуудал биш гээд суугаад байж болохгүй нь” гэсэн утга агуулгатай зүйл ярилаа. Энэ юу гэсэн үг вэ. Агаарын бохирдол та нарын асуудал биш байсан юм уу. Бид утаагүй газарт амьдардаг учраас энэ асуудал падлийгүй гэж боддог байсан хэрэг үү. Ерөнхий сайд 2025 оны төсөв хэлэлцэх үеэр гадаадад зугаалж зугаалчхаад, баталсных нь дараа гэнэт гарч ирээд “Утааны асуудлаа хэлэлцье. Хууль, журам, төсөв хөрөнгө гэж бий юү, мэдэж байна уу” гэж ярих юм. Уг нь Засгийн газрын тэргүүн нь төсөв хэлэлцэх, батлах үед утаа гамшгийн хэмжээнд хүрснийг танилцуулаад, хийх ажил, шаардлагатай зардал, санхүүжилтийнхээ талаар ярих ёстой. Бид тэр хүнийг ингэж л ажиллах ёстой гэж хардаг. Айл өрхтэй зүйрлэвэл Ерөнхий сайд бол гэрийн эзэгтэй, ээж хүн, хамаг л нарийн нандин, чухал асуудлыг шийдэх, мэдэж байх үүрэгтэй. Мөн он гаргаад утааны асуудлаар хаалттай хуралдах талаар ярьсан. Тэр хүртэл хэдэн хүүхэд өвдөж, хэчнээн хүн үрэгдэх нь улс төрчдөд хамаагүй бололтой. Утааны улирал дуустал чимээгүй суух нь. Ийм Ерөнхий сайдтай байгаа нь гутамшиг. Үнэхээр их ичлээ. Утаанаас сална гэсэн ирээдүй харагдахгүй байна.
-Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөвт аудитын байгууллага хяналт, дүн шинжилгээ хийгээд үр ашиггүй, хэрэггүй ажилд багагүй хэмжээний мөнгө урсгасныг удаа дараа тогтоосон. Мөн олон улсын болон дотоодын судалгаа шинжилгээ, хяналтын байгууллагууд ч төсөв санхүүжилттэй холбоотой тооцооллыг цөөнгүй гаргасан байдаг. Энэ нь иргэдийг бодитой мэдээллээр хангах, олон нийтийн хяналтыг сайжруулахад чухал нөлөө үзүүлж буй. Гэвч үр дүнгүй ажил хийж, улсад хохирол учруулсан хүмүүст хариуцлага тооцож чаддаггүй нь харамсалтай. Төр засаг утааны асуудалд дөжирчхөж.
-Манай улсад хариуцлагын тогтолцоо тэг зааж байна. Ийм ойлголт алга. Нэг албан тушаалтан хариуцлага алдаж, улсад өчнөөн төгрөгийн хохирол учруулахад шийтгэх нэрийдлээр өөр газарт даргаар томилчихдог. Тэгээд өнөөх нь алдаагаа давтдаг. Үүнд нь хяналт тавьдаг хүн ч цөөн.
“Лантуун дохио” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч гэдгээрээ нийгэмд танигдсан Ч.Ганжавхлан саяхан утааны асуудлаар хүчтэй дуугарч, нийслэлийн төв талбайд жагслаа. Тэгэхэд түүнийг “Захиалгаар хөдөллөө, мөнгө авсан” гэцгээсэн. Хүмүүс үүнд нь итгээд, автаад Ч.Ганжавхланг буруутгасан, нэгдэхээс зайлсхийсэн. Үнэндээ төр засаг биднээр тоглож чадаж байна. Бидний шүүсийг шахаж олж авсан мөнгөөрөө тансаглахын тулд өөрсдөдөө албан тушаал бий болгож, нэгнийгээ томилж баясаж байна шүү дээ.
-Утааны асуудалд хариуцлагатай, соргог хандах шаардлага тавьж, хариуцлага нэхэхээр урт хугацааны бодлого, төлөвлөгөө их ярьдаг болж. “Өнөө, маргаашдаа шийдэх боломжгүй учир ирээдүйд, урт хугацааны дараа л үр дүн харах, ярих боломжтой” гэх байдлаар хандаж байгаа нь зөв үү?
-Бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс урт, богино, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө гэж хамгийн их ярьдаг ч өөрсдөө энэ талаараа мэддэггүй юм билээ. Засгийн газрын тэргүүн нь хүртэл мэдэхгүй байна. Утаатай тэмцэхэд зарцуулсан хугацаа богино биш. 2008 оноос эхлээд л энэ чиглэлээр эрчимтэй ажлууд хийсэн. Энэ хугацаанд Засгийн газар цөөнгүй удаа солигдсон байх. Харин сүүлийн найман жилд нэг л нам засагласан. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээр улиран ажиллаж байна. Гэтэл тэрбээр одоо л утаа харж буй мэт ярьж байгаа нь маш хариуцлагагүйн илрэл.
-Агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд нь хариуцлагаас зугтаж, эрхлэх ажил, чиг үүргээ шилжүүлсээр нийслэлд хамаг ачаагаа үүрүүлж байх шиг. Гэтэл та энэ асуудлыг хариуцсан нийслэлийн гол нэгж болох Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрыг үр дүнгүй ажиллаж байна гэж шүүмжиллээ.
-Тус байгууллагын сайтыг нэлээд ухаж үзлээ. Одоо хөндөгдөж байгаа, тулгамдсан асуудлууд 2010-аад оны үед ч яригдаж байж. Хамгийн гол нь тэр үед одоогийнхыг бодоход арай дөнгүүр ажлуудыг хэрэгжүүлж байжээ. Ядаж л ажлаа цаг хугацааны дагуу нарийн, тодорхой төлөвлөж байсан байна. Тухайн үед утаатай тэмцэхэд 20-30 тэрбум төгрөг зарцуулж байсан бол одоо хэдэн зуун тэрбум болсон. Гэтэл өнөөгийн нөхцөл байдал улам дордсон. Уйлмаар байгаа биз.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар энэ онд гэхэд 39 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Үүгээрээ хэмжилтийн дэд бүтэц, чадавхыг сайжруулах ажил хийсэн гэнэ. Нийслэл дэх 233 уурын зуух, долоон цахилгаан станцад утааны хэмжилт хийж. Сайжруулсан түлшний туршилтыг 66 удаа хийсэн гэж мэдээлжээ. Эдгээр нь агаарын бохирдлыг хянахад сайн нөлөө үзүүлсэн хэмээн бичиж. Энэ талаараа иргэд, олон нийтэд ил тод мэдээлэл хүргэсэн гэжээ. Чухам ямар ажил хийв гээд шалгахаар иймэрхүү зүйлс л байна.
-Ер нь ажлаа хийж чаддаггүй нүсэр бүтцийг төсвөөс “тэжээж” байлгах хэрэгтэй юү, эсвэл шахаж шаардаж “хөдөлгөх” ёстой юу?
-Тухайн байгууллагын төсөв зардлын хэмжээ маш ихээр тэлсэн атлаа үр дүн гаргахгүй бол ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг. Үгүй бол бодлого нь буруу байна. Бид тэднээр цаас үйлдвэрлүүлэхийг хүсээгүй. Төр засагт иргэдийг ядуу буурай, харанхуй, боловсролгүй, тэмцэх хүчгүй байлгах бодлого, сонирхол давамгайлж байна уу гэлтэй анзаарагддаг. Бид муу муухай бүхний эсрэг зоригтой дуугарах, тэмцэх хэрэгтэй. Ингэж байж сайн сайхан цагийг наашлуулна.
-Агаарын бохирдлын асуудалд төр ямар байдлаар оролцох ёстой юм бэ. Айлын зуух, түлш ч шалгах юм, гал түлэх “хичээл” ч зааж харагдах.
-Төр бол оновчтой бодлого боловсруулж, хуулиа хэрэгжүүлэх л хэрэгтэй. Уулан дээр гарч утаа дурандах, хот руу орж ирж байгаа тээврийн хэрэгслүүдээс түүхий нүүрс хайх нь тэдний ажил биш. Хотын дарга Х.Нямбаатар энд тэнд иргэдийг загнахын оронд агаарын бохирдлын асуудал хариуцсан хүмүүстээ шаардлага тавих ёстой юм. Уулан дээрээс утаа дуранддагийг нь болиулах хэрэгтэй, боловсруулсан бодлого нь болохгүй байгааг ил тод хэлээд, нүүр лүү шидэх хэрэгтэй.