“Дижитал орчин ба мэргэжлийн сэтгүүл зүй” хэлэлцүүлгийг “Балдорж” сан, Соёл урлагийн их сургуулийнхан хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МУИС, СУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш нар оролцож, судалгааны ажлуудаасаа танилцуулсан юм. Тухайлбал, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа болон тус тэнхимийн багш Д.Оюунбат нар сэтгүүл зүй дэх хиймэл оюун ухааны хэрэглээний талаарх илтгэлээ хэлэлцүүлсэн нь олны анхаарлын төвд байлаа. Мөн “Медиа бичвэр ба дискурс” сэдэвт илтгэлийг СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Г.Сүхбат танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ цахим орчинд сэтгүүлчийн баримтлах зарчмыг хараат бус байдал, мэдээллийн тэнцвэр, объектив хандлага, нээлттэй байх зэргээр тодорхойлжээ. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэл найруулга чөлөөт шинжтэй болж байгааг онцолсон. Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэл найруулгыг судлах шаардлага үүсээд буйг илтгэлийнхээ дүгнэлт хэсэгт дурдсан юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн, эсээ бичлэгийн уралдааныг “Балдорж” сан, Соёл урлагийн их сургуулийнхан хамтран зарласан байна. Үүнээс шүүмжийн уралдааны тэргүүн байрыг Ergelt.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Д.Бямбасүрэн эзэллээ. Тэрбээр Ub.life сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгийн хөрөг найруулалд хийсэн шүүмжийн бүтээлээрээ ийнхүү тэргүүлсэн. Эл төрлийн уралдааны хоёрдугаар байрт МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Ч.Энхбат шалгарав.
Эсээ бичлэгийн уралдааны төрөлд СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн IV түвшний оюутан Н.Чинбат “Д.Данзанравжаагийн Цаасан шувууны үлгэрт хүний ёс зүйн талаар өгүүлсэн нь” сэдэвт бүтээлээрээ тэргүүллээ. Хоёрдугаарт байрыг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн IV түвшний оюутан А.Тэмүүлэн эзэлсэн юм. Тэрбээр “Мод эрдэнэ” сэдвээр эсээ бичжээ. Улс орныг мод хэмээн зүйрлэвэл иргэдийн эрүүл мэнд үндэс суурь нь болохыг уг эсээнд тусгасан аж. Ингэхдээ дотоод орчны агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буйг голчлон хөндсөн байна.
А.Дөлгөөн