Эрхэм уншигч танаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч, Монгол Улсын Гавьяат барилгачин Алтангэрэлийн Mягмаржавын хэвлүүлэхээр бэлтгэж буй номын шинэ шүлгүүдээс энэ удаа хүргэж байна. Тэрбээр яруу найргийн “Сэтгэлийн суварга” (2010), “Дуурайхгүй” (2013), “Зөнгөөрөө” (2017), тууж өгүүллэг, эсээний “Сэрүүн сүндэр Идэр минь” (2021), “Зүггүй насны дэггүй тууж” (2024), уран зохиолын орчуулгын Роберт Бёрнс “Сэтгэл санаа минь ууланд” (2015), Ишикава Такубоку “Уянгын шүлгүүд” (2017), Михаил Пришвин “Найздаа хүрэх зам” (2021), Анна Ахматова “Шүлэг, найраглал (2024) түүвэр хэвлүүлжээ.
Зөн совин шиг цагаан унага
Зүүдэн дунд минь цахилж байдаг
Зүрх сэтгэл түүнтэй цуг
Зүггүйтэн, эрхлэн дэгдэж байдаг
Цээжний гүнээс эгшиглэх
Танил атлаа миний, аялж үл чадах дуу шиг эмзэг
Сэтгэлийн далдад инээмсрэх
Дотно атлаа намайг, үл анзаарах охин адил эхнэр
Ийм нэг нялх хөөрхөн унага
Энүүхэн дэргэд үүрсэн ирдэг
Хажууханд атлаа дөхөөд дөхөөд ойртохгүй
Харагдаад хэрнээ хөөгөөд хөөгөөд баригдахгүй
Тийм нэг цовоохон унага
Дэргүүлэн, тонгочин алсаас дагадаг
Эрх цагаан унага толгой хаялаад хийморьлог
Эзэн Чингисийн хүлэг байх
Эрэмгий тэр адуу миний нутагт элгэмсүү
Эцэг дээдсийн сүнс байх
Ороо энэ аргамаг бусгаж булгиад омголон
Отгонтэнгэрийн салхи байх
Эсэргэн хорвоог сэртэл унгалдах дуу нь яруу
Эрх чөлөө, жаргалын цуурай байх
Цэвцгэр хурдан ажнай зассан шагай шиг гоо
Цэнхэр Идэрийн минь хишиг байх
Өвгөдийн ханхар өвөр шиг уулс дамжин цахилж
Эмгэдийн уужим хормой шиг талын дунд хөрвөөж
Хүүхдийн инээд шиг цолгиун наран дундаа тонгочиж
Хүүхний уруул шиг ялдам усны долгисоор үнсүүлж
Зөн совин шиг цагаан унага
Зүүдэн дунд минь янцгаан давхидаг аа
Шүлгэн тарнийн шившлэгт мөрүүд
Зүрхэн чинадаас уянгалан дуурсдаг ээ!
2020.11.16
Миний таталбар
Тэнгэрийн нартай арсалдан
Газрын цээжинд дүрэлзсэн
Цоролзуур сүмбэр уулсаа дуурайж би
Цолгиун дэврүүн ааштай болсон юм
Дүрэлзүүр омголон занг надад
Төрсөн нутаг минь өгсөн юм
Дүнжгэр хангайн бэлээр
Дөвөлзөн гөвөлзөн алсарсан
Дөмөн хатир гол усаа дуурайж би
Дүүрэн дэлгэр сэтгэлтэй болсон юм
Өглөгч өгөөмөр занг надад
Өссөн нутаг минь өгсөн юм
Энтээх уулсын оройгоос
Тэртээх оргил нь далладаг
Холбоо цэнхэр уулсаа дуурайж би
Холхийг мөрөөсөх зөнтэй болсон юм
Ухаан холч занг надад
Унаган нутаг минь өгсөн юм
Өнгийн цэцэгтэй нугад
Өнчин янзага тэнцэхэд
Шүүдрээр уйлах талаа дуурайж би
Шүүрс алдан мэлмэрдэг болсон юм
Өрөвч уяруун занг надад
Өлгий нутаг минь өгсөн юм
Сүндэр Хангай нутагтаа
Сүслэн би залбирна
Салхиараа үнсэж, усаараа аргадсан
Аянгаараа зандарч, аадраараа алгадсан
Газрын диваажин нутагтаа
Гал шиг дүрэлзсээр дуусна, би!
2019.07.28
Тэнгэр, бурхан танаа
Хүрэх сэн, очих сон гэх хүн төрөлхтний мөрөөдлийг
Хөлгүй гүн цэнхэрлэгтээ өнө мөнхөд далласан
Хөвөө хязгааргүй уужимдаа нар сарыг цэнгүүлэгч
Хүсэл сэтгэлийн дуудлага ивээлт хөх тэнгэр ээ!
Өдөр болгон таны зүг идээний дээжээ өргөж
Үйлийн үртэй хорвоог аргадан учирлан залбирч
Өршөөл аврал гуйж мэгзэм тоолдог ижий минь
Үрс биднээ орхиод таныг зорьдог нь юуных вэ?
Элбэрэл энэрэл ундарсан миний сайхан ижийн
Энгэр цээжнээс цалгилсан сүүн далай хайр
Эн захгүй уудамд чинь багтах нь үгүй гэдгийг
Энэтээ хол суувчиг үрс нь яахин андах вэ
Буруу зөв нь сүлжилдсэн тавилан хатуу хорвоод
Буян бүхэн чуулж, нүгэл болгон нимгэрээсэй гэж
Энэрэн нийгүүлсэхүйн учрыг хотол даяар түгээгч
Эгэлгүй их өршөөлт, эрхэм гэгээн бурхан багш аа!
Энэхэн дэлхий даяхнаараа энх амгалан байгаасай
Ээж л, аавын хүүхдүүд элбэг дүүрэн жаргаасай гэж
Аврал ачлал горилж бурхандаа мөргөдөг аав минь
Ажиг нь үгүй суутал таныг зорьдог нь юуных вэ?
Алдаа оноог таньсан миний сайхан аавын
Амьдын хорвоог ухаарсан тунгаамал үнэн сургаалыг
Диваажинд суугаа бурхад гэгээрсэн байдаг гэлээ чиг
Тайлж ухахад хэцүүг бид чинь мэдэлгүй яахав дээ
Эрхэм дээд тэнгэр, бурхад минь болгоож үз
Ижий аав хоёрыг минь нутагт нь буцааж хайрла
Бэтгэртлээ санасан үрс нь элгээ дэвтээж амаръя
Сэтгэл зүрхээ жаргааж, цөмөөрөө нэг эрхэлье!
2019.03.14
Ханьдаа
Атаа жөтөөний хар хорхойнууд
Арвалзаж гүйсэн бүгчим хорвоод
Өрөөлөөс намайг дутаахгүй гэхдээ
Өөрийгөө элээсэн хань минь дээ
Дутуу бүхний чинь дүүргэж чамайгаа
Дураар чинь туйлуулаагүй нь үнэн чиг
Эвийлэн хайрлах сэтгэл дотроо
Эрхлүүлж л явдаг шүү, би
Зөрүүд хэнэггүй орчлонгийн
Зүдэж туулах амьдралын нугачаанд
Сайхан бүхнээ миний төлөө зориулж
Сарвайтлаа зүтгэсэн хань минь дээ
Тос даасан жаргал дунд чамайгаа
Тоотойхон хөлбөрүүлсэн минь үнэн чиг
Торго шиг зөөлөн сэтгэл дотроо
Тонгочуулж л явдаг шүү, би
Амсхийх чөлөөгүй хорвоогийн
Ачаа нь хүндэдсэн тэнчээн дунд
Алдхан биеэ миний л төлөө зольж
Алжаалаа умартсан хань минь дээ
Үйлийн лайгаа зөвхөн чамдаа даатгаж
Өвгөртлөө ямбалсан минь үнэн чиг
Дарь эх хэмээн цээжний чинаддаа
Тахиж л явдаг шүү, чамайгаа би
2019.12.11
Зул өвс
Хойд төрөлдөө би өвс болно
Хондод алтарсан зул өвс болно
Айл бүрийн бурханы өмнө
Асан дүрэлзсэн зул болно
Түнэр харанхуйг үргээсэн
Түүдэг шаргал гэгээ болно
Өвс өвсөндөө зул өвс болно
Өгөөмөр халуун гэрэл болно
Дараа төрөлдөө би өвс болно
Даруухан, эгэлхэн зул өвс болно
Эрхэт төрийн шүтээний өмнө
Эрвэлзэн бадарсан зул болно
Элбэг гэрлээр хотлыг мялаасан
Энэрэн нигүүлсэхүйн гэгээ болно
Өвс өвсөндөө зул өвс болно
Өнө мөнхийн хүн-зул болно
2018.01.29
ххх
Гэрлийн цагаан эрвээхэй юм шүү, би
Гэнэн цагаан дэрвээхэй юм шүү, би
Харанхуй, хүйтэн хоёроос айж зугтсан
Халуун, гэрэл хоёрт адган тэмүүлсэн
Ассан гэрэл, бадарсан галын зүг
Амь нас, аху биеэ умартан тэмцсээр
Өөрийгөө үйж илч, гэгээ болж дуусах
Өрөвдөм, халаглам тавиланд төрсөн
Гэрлийн цагаан эрвээхэй юм шүү, би
Гэнэхэн цагаан дэрвээхэй юм шүү, би!
2020.01.21
Бэр
Бие, сэтгэл,
Бий бүхнээ
Хүүд минь өгсөн
Хүндлэл, хайр-
Бэр минь
Бишүүрхэнгүй
Босго алхсан
Бэлбүүрэнгүй
Бурханд мөргөсөн
Дарь* минь
Өмнө нь танихгүй
Өчнөөн хүнийг
Ураг холбож
Удам тэлсэн
Харь минь
Тунсаг гоо
Үзэсгэлэн минь
Тунгалаг яруу
Эгшиглэн минь
Энхэр ялдам
Аальхан минь
Элэгсэг дотно
Араншин минь
Хал таниагүй
Алдрай минь
Гал тахисан
Амин минь
Дурлалд хөвсөн
Сал минь
Дундрах нь үгүй
Бал минь
Золихоос буцаагүй
Итгэл минь
Зовохоос айгаагүй
Зориг минь
Ач хайрласан
Ижий минь
Асгарч ивлэсэн
Энэрэл минь
Хадмаас хулгасан
Харц минь
Ханиа дээдэлсэн
Хайлан минь
Өөнтөглөх аргагүй
Бэр минь
Өмөөрөхөөс өөрцгүй
Үр минь!
2018.01.16 * Дарь-эх бурхныг хэлэв
А.Мягмаржав Оросын нэрт яруу найрагч Фёдор Иванович Тютчевийн шүлгүүдийг орчуулан, бие даасан ном гаргахаар ажиллаж байна. Яруу найраг, яруу найрагчдын тухай бичсэн шүлгүүдийн орчуулгаас нь хүргэж байна.
***
Яруу найрагчид бүү итгэ, бүү итгэ, охин минь
Яаран түүнийг чи, өөрийн хүн шиг битгий бод!
Ямагт чамайг зовлонгийн галд шатааж мэдэх
Яруу найрагчийн хайр дурлалаас сэрэмжил!
Энхэр гэнэхэн хүүхэд аалиараа чи түүний
Алаг зүрхий нь эзэмдэж чадахгүй л байна уу?
Эрвэлзэн дэрвэлзсэн алчууран доороо чи
Асан дүрэлзэх сэтгэлээ нууж чадахгүй явна уу?
Яруу найрагч гамшиг адил бүхнээс хүчтэй ч
Ямар ч үед өөрийгөө эзэмдэж чаддаггүй юм
Залуухан чиний аржгар буржгар үс гэзгийг
Санамсаргүй тэр, гал цогоороо шатааж мэднэ
Эгэл олон гэдэг угаасаа утга учиргүй хүмүүс
Элдэв янзаар хүнийг магтаж, муулж суудаг юм
Зүрх сэтгэлийг найрагч могой шиг хатгахгүй ээ
Зөгий адил сорж, бал шүүсийг нь хураадаг юм
Нандин ариун бүхнийг чинь тэр бузарлахгүй ээ
Найрагчийн гар гэдэг цэвэр ариухан байдаг юм
Огт санамсаргүй гэвч амьдралыг чинь боомилно
Огторгуй тэнгэрт дүүлж үүлсийн цаана ч аваачна
1839
***
Хүссэн бүхний хүрч чаддаггүй өндөрлөгөөс
Хөөрүү, халуун сэтгэлээр мэндчилж явдаг
Яруу найрагчийг бүү доорд үзээрэй, гуйя би,
Яндашгүй мөрөөдлийг нь битгий гутаагаарай!
Олны хэл аманд насаараа тэр өртөж ирсэн ч
Орь хүслий нь хааяа ч болов хангаж явдаг юм
Итгэл сүсэг ихтэй л дээ тэр, би мэдэж байна
Эрхтэн дархтанд гэвч зүтгэсэн нь тун ховор
Энэхэн дэлхийн олон шүтээний урдуур тэр
Тэргүүн гудгар, чимээгүй алхаж өнгөрдөг юм
Эсвэл тэр, нандин тэдний өмнө үг дуугүйхэн,
Түгшин сүрдсэн атлаа бардамхан зогсдог юм
Гэхдээ түүний уруул давсан яруу сайхан үгс
Гэнэт бидний сонор мялаан дуулдаж гэмээ нь
Бүсгүй шүтээний сайхан бүхэн тодрон гэрэлтэж
Бүхий л орчлон баяр жаргалаар бялхдаг юм
Бүхнийг дийлэгч бүсгүй хүний гоо үзэсгэлэн
Хүмүүн заяатны оюун бодлыг эрхгүй эзэмдэж
Бүгдээс энхрийхэн, ялдам гоо царай төрх нь
Хүсэл сэтгэлд гэгээ адил туяаран гийдэг юм
Өө, тэр цагт найрагчийн зүрх шатаж байдаг юм
Онгод хийморь нь цалгиж, сэтгэл нь нялхардаг юм
Бүсгүй хүний хүслийг бүрдээх амь зуулганд муу ч
Бурхан шүтээнээ болгон магтан дуулж чадна аа!
1840