Их Британид төвтэй “Quacquarelli Symonds” судалгааны байгууллага дэлхийн их сургуулиудыг эрдэм шинжилгээний чанар, ажил олгогчдын үнэлгээ, олон улсын харилцаа зэрэг үзүүлэлтээр үнэлж, жил бүр QS хэмээх эрэмбэ тогтоодог уламжлалтай. Тус байгууллага 2025 оны шилдэг сургуулиар Массачусетсийн технологийн дээд сургууль (MIT)-ийг нэрлэсэн бол удаах байруудад Империал коллеж, Оксфорд, Харвард, Кэмбриж, Стэнфордын их сургуулийг эрэмбэлжээ. VI-X байрт Швейцарын Холбооны технологийн, Сингапурын үндэсний, Лондоны их сургууль, Калифорнийн технологийн дээд сургуулийг жагсаав.
Тус судалгааны байгууллага энэ удаа 105 улсын дээд боловсролын 1500 гаруй сургалтын байгууллагыг үнэлж, эрэмбэлсэн байна. Үүнд Монголоос ямар нэгэн сургууль багтаагүй аж. Өнөө жилийн шалгаруулалтад судалгааны нөлөөлөл, тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг голчилсноо судлаачид нь дурджээ. Ташрамд дурдахад, үүнтэй ижил эрэмбэ гаргадаг Британийн өөр нэг судалгааны байгууллага болох “Times higher education” дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг өнгөрсөн намар танилцуулахад МУИС анх удаа багтаж, 30 мянга гаруй сургалтын байгууллагаас 1501-т жагссан билээ.
Ж.Сувд