Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын зохиолчдын эвлэлийнхэн хамтран Утга зохиолын долоо хоногийг “Эх хэл соёл, эх үндэс оршихуй” уриан дор өчигдөр нээв. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээг “Уран үгсийн чуулган”-аар эхлүүлсэн юм. Эл өдрүүдэд уншигч-зохиолчдын уулзалт, яруу найргийн уншлага, уран зохиолын лекц болон хүүхдийн яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн бүх аймагт буй Монголын зохиолчдын эвлэлийн салбар зөвлөлүүд уран зохиолтой холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, яруу найргийн наадам зохион байгуулах юм. Түүнчлэн хойд бүс буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт зохиолчдод зориулсан уулзалт хийхээр төлөвлөснөө Монголын зохиолчдын эвлэлийнхэн онцоллоо. Түүнчлэн Утга зохиолын долоо хоногийн хүрээнд болох бүх арга хэмжээг тус эвлэлийн цахим хуудсаар шууд дамжуулах юм байна.
Үүнээс гадна “Цог” сэтгүүлийн 80 жилийн ойг тохиолдуулан энэ баасан гарагт Үндэсний номын санд хэлэлцүүлэг зохион байгуулах нь.
У.Сүрэн