-Утаатай тэмцэх урт болон богино хугацааны төлөвлөгөө ч алга-
Улсын онцгой комисс (УОК)-ынхон өчигдөр гэнэт ухаан орж, утааны асуудлаар хуралдав. Өмнөх өдөр нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан Ерөнхийлөгчид загнуулсны улмаас дарга нар ийнхүү хөдөлгөөнд орлоо. Иргэд сошиалд бухимдлаа илэрхийлж байхад “утаа” гэх үг амнаасаа унагаагүй албан тушаалтнууд хэн нэгэн дарга загнахыг хүлээгээд сууж байсан мэт л учраа мэдэхгүй бужигналдав. Ер нь энэ асуудлыг хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй, утаатай тэмцэх урт хугацааны байтугай богино зайн төлөвлөгөө ч үгүй тэд ямар нэгэн буруутныг хайхаас хэтэрсэнгүй. Бас нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр захирамж гаргаж, шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих гэсэн сүржин зорилготой ажлын хэсэг байгуулжээ. Бүрэлдэхүүнд нь нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч буюу мэргэжлийн бус хүмүүс багтаж байна. Харамсалтай нь, Ерөнхийлөгч “сэлэм эргүүллээ” гээд, бас албаныхан ажил хийсэн дүр үзүүлж, энд тэнд цугларч хуралдан, эсвэл түлшний үйлдвэрээ хянаж шалгалаа гээд ид шидийн дохиур хөдөлгөсөн мэт утаа буурахгүй.
Улаанбаатар дөнгөж энэ жил л бохирдолтой болчихсон юм биш. Өнгөрсөн жил ч, түүнээс өмнө нь ч нийслэлчүүд утаанд хордож, угаартсаар өнөөдрийг хүрэв. Гэвч сайд, дарга нарын хэн нь ч юу ч хийсэнгүй. Тэр бүү хэл, “ямар ч асуудалгүй” хэмээн хортой түлшээ өмөөрч, гүрийсээр байлаа. Утааг бууруулах нэрээр их наядаар тоологдох мөнгө үрэгдсэнээс өөр үр дүнг улаанбаатарчууд ер нь үзсэнгүй. Гэтэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн Монгол Улсад агаарын бохирдлын нөлөөгөөр жил бүр 7139 хүн нас барж, 4.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байгааг судалгаагаараа тогтоочихлоо шүү дээ. Ийм “аюултай тоо”-нд хүртэл сэртхийгээгүй дарга нар утааны улирал ид дундаа орчхоод байхад Ерөнхийлөгчийн “нударган” дор гэнэт сэхээрсэн дүр үзүүлж, УОК хүртэл хуралдан сүржигнэх нь байдаг л нэг үзэгдэл. Долоон жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр үеэс хойш 2019 онд буюу У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед түүхий нүүрсийг халахад утаа бага зэрэг буурсныг эс тооцвол гамшгийн нөхцөл байдал өөрчлөгдөлгүй өдий хүрлээ.
Гэвч УОК хор уршгийг нь арилгуулах талаар ганхийгээгүй. Уг нь УОК-ын ажиллах журмын 2.1.2-т “гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах” гэж заасан байдаг.
Гэвч УОК одоо хэчнээн удаа хуралдлаа ч тунхгийн шинжтэй, уриа лоозон маягийн, оновчгүй шийдвэр гаргаж, уламжлал ёсоороо ажил хийсэн дүр үзүүлж, “попроод” л өнгөрнө. Жишээ нь, тус комиссынхон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулах саналаа Засгийн газарт хүргүүлэх гэнэ. Уг нь манай улс ийм үндэсний хороог 2011 оноос эхлэн тасралтгүй 12 жил ажиллуулсан туршлагатай. Гэсэн ч утааг бууруулаагүй бөгөөд үндэсний хорооныхон нь үр дүнгүй ажиллаж байгааг Засгийн газар ч хүлээн зөвшөөрч татан буулгасан шүү дээ.
УОК-ынхны гаргасан дараагийн “гайхамшигтай” шийдвэр нь нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хотын агаарын бохирдлыг 24 цагаар хянуулах аж. Х.Нямбаатар хянаж цагдаж, захиргааны шийдвэрээр далайлгаад ч бохирдол буурахгүй нь хэнд ч ойлгомжтой. “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгаснаар агаарын бохирдлын асуудлыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хариуцна” гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн онд хэлж байв. Гэвч хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн хаваржин, намаржин нийслэлийн гудамжаар алхаж, сонгуулийн пиар хийсэн хэрнээ утааг бууруулах ганц оновчтой санаа гаргаж чадаагүй бололтой. Улмаар татвар төлөгчдийн мөнгөөр нэг бүр нь сая орчим төгрөгийн үнэтэй зуух худалдан авч, ирэх долоо хоногт 32 мянган айлд тараах гэж байна.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн хяналт шалгалтыг эрчимжүүлнэ гэж УОК бас шийдвэрлэжээ. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн 2500 албан хаагчийг айл өрхүүдээр явуулж, шалгалт хийлгэх юм байх. Утаа ихэссэнд, бас угаартаж нас барсанд нь хүртэл иргэдээ буруутгасаар ирсэн дарга нар энэ удаад ч айл өрхүүдээс өө сэв олохоор төрийн албан хаагчдыг дайчилна гэсэн үг.
Түүнчлэн сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлэх гэнэ. “Маш чанартай түлш үйлдвэрлэж байгаа” гэж эрх баригчид сүүлийн зургаан жилийн турш суртал ухуулга хийчхээд одоо чанарт нь эргэлзэж эхэлсэн нь хачирхалтай биш гэж үү. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн олон хүн угаартаж амиа алдсаар байхад түлшээ шинжлүүлэхгүй юугаа хийж байсан юм бэ. Бас түлшийг буруу хатааснаас болоод утаа их гарсан гэх “нээлт” хийжээ. Эрх баригчдын энэ мэт “технологи”-оос ажиглавал тэд утаа ихэссэний бурууг нэг талаас иргэдэд, нөгөө талаас түлшинд “тохох” маягаар цаг аргацаасаар хүйтний улирлыг дуусгах төлөвтэй.
М.Оч