Хэдхэн хоногийн өмнө хүүхдийнхээ сим картыг сэргээхээр “Юнител”-ийн нэгэн салбарт очлоо. Үйлчилгээний ажилтан нэгж авахаар ирсэн ахмадууд болон сим карт сэргээлгэхээр хандсан иргэдийн утасны болон регистрийн дугаарыг асууж, тэрүүгээр нэг орилох. Үйлчлүүлэгчид ч түүнд нь огтхон ч цааргалахгүй бөгөөд олон хүний дунд өөрсдийн хувийн мэдээллийг хээвнэг хэлж байх юм. Миний үйлчлүүлэх дугаар ч болж сандалд суув. Үйлчилгээний ажилтан бусдын адил надаас дээрх мэдээллүүдийг хэлэхийг шаардах нь тэр. Зүй нь бол иргэний үнэмлэх аваад л сим карт сэргээчих байтал намайг хувийн мэдээллээ олны өмнө хэлэхийг шаардах учиргүй билээ. Үүнийг нь хэлж, зохих ёсны шаардлага тавьтал “Бүх хүн мэдээллээ хэлээд л үйлчлүүлдэг. Та ямар маягтай юм бэ. Хүнд ажил удаад байх юм. Дуугүй регистрийн дугаараа хэл” гэж загнуулав. Хүмүүс яагаад өөрсдийн амин чухал, хувийн мэдээллээ хаа хамаагүй байгууллагад, хүмүүст чанга гэгч нь зарлахдаа юманчинээ боддоггүй юм бол. Ер нь ямар мэдээллийг хувийн нууцад хамааруулж, хамгаалах ёстой байдаг вэ гэдгийг нийтээр мэддэг, түүнийгээ хадгалах соёлд суралцах цаг болжээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс 1984 онд Хүн амын автоматжуулсан төв регистрийг байгуулах зарим арга хэмжээний тухай 274 дүгээр тогтоолыг баталж, Статистикийн төв газарт Хүн амын регистрийн товчоог байгуулсан түүхтэй. Уг товчоо нь хүн амд регистрийн дугаар олгох замаар тэдний хувийн мэдээллийг цуглуулан боловсруулах, ашиглах ажлыг гардан хийж эхэлжээ. Үндсэндээ 1988 оноос Монгол Улсын харьяат иргэнд регистрийн карт хөтөлж, үүнийгээ гэр бүлийн бүртгэлтэй нь холбон, лавлагааны системийг үүсгэсэн аж. Тухайн үед манай улс 18 аймагтай байсан тул нэрүүдийг нь цагаан толгойн үсгийн дараалалд оруулан, Ё, Ө үсгийг алгасан иргэдэд регистрийн дугаар ялган олгож байжээ. Регистрийн дугаарын эхний хоёр үсэг нь тухайн хүнийг хаана төрснийг илтгэдэг. Тодруулбал, эхний үсэг нь регистрийн дугаар олгосон аймаг, дүүргийн код, дараагийн үсэг нь сум, хороог төлөөлдөг гэнэ. Тэгвэл регистрийн дугаарын эхний зургаан орон нь иргэний төрсөн он, сар, өдөр байдаг бол долоо дахь тоо нь тухайн хүний хүйсийг илтгэдэг гэдгийг иргэд төдийлөн мэддэггүй аж. Харин найм дахь тоо нь хяналтын код бөгөөд регистрийн дугаарын үсэг, тоонуудыг өөрчлөх, алдагдахаас хамгаалдаг юм байна. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаар нь хүн бүрийг ялган таних зориулалттай, дахин давтагдашгүй бүтэцтэй, иргэний хувийн бүх мэдээллийг агуулдаг учир хадгалж, хамгаалах ёстой зүйл гэсэн үг. Гэтэл иргэд, төрийн, хувийн гээд бүх шатны үйлчилгээний байгууллагууд регистрийн дугаарыг бараа шиг л арилжиж, солилцож байна. Тэр дундаа хувь хүний нууцыг хадгалж, хамгаалах үүрэгтэй төрийн байгууллагууд нь иргэдээс олны дунд амин чухал мэдээллээ хэлэхийг шахаж шаарддаг нь харамсалтай.
Эмнэлгүүд хамгийн аюултай
Өрхийн эмнэлгээс эхлээд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад иргэдийн регистрийн дугаарын нууцлал хамгийн их алдагддаг. Хүүхдээ үзүүлэхээр очиход “Регистрийн дугаарыг нь хэл” гэдэг. Уг нь бол хүүхдийг төрөхөд нь өгдөг эрүүл мэндийн ягаан картад нь бүх мэдээлэл нь байдаг атал эмч нар түүнийг нь сөхөж үзэхээс залхуурсандаа иргэдээс ийн асуудаг. Дүүргийн эмнэлэгт үйлчлүүлэх дугаар авахад, шинжилгээний бичгээ эмч нараар “уншуулах” болоход, эргэн үзлэг хийлгэх бүрд л регистрийн дугаар нэхэж, залхаах. Тэгсэн хэрнээ сайд, дарга нар нь “Бүх эмнэлэг цахимжсан, хурууны хээ уншдаг болсон. Иргэдээс одоо иргэний үнэмлэх, регистрийн дугаар нэхэх шаардлагагүй боллоо” гэх мэтээр ярьж, сурталчлах. Гэтэл бодит байдалд энэ бүхэн хэрэгждэггүй, хурууны хээ уншигч нь ч ихэнхдээ ажилладаггүй. Ийм тохиолдолд эмнэлгүүдийн бүртгэлийн ажилтнууд үйлчлүүлэгчдээс иргэний үнэмлэхийг нь аваад л асуудлыг шийдчихэж болмоор. Харамсалтай нь, огт тэгдэггүй, өчнөөн олон хүн дугаарлаж байхад л регистрийн дугаараа хэл гэж шаарддаг, хэлэхгүй бол дараагийн хүнд үйлчилнэ гэж сүрдүүлдэг. Бүх эмнэлэгт ийм дарамтын систем үйлчилдэг. Энэ зөрчлийг арилгахад хаана хаанаа анхаармаар болжээ.
Саяхан “Интермед” эмнэлгийн цахим систем хакердуулж, үйлчлүүлэгчдийн бүх мэдээлэл алдагдсан. Үүнд одоо болтол хэн ч хариуцлага хүлээгээгүй, иргэд л хохироод үлдэв. Хэзээ нэгэн өдөр миний, чиний, таны регистрийн дугаар, өвчний түүхээр далимдуулж дарамтлах, мөнгө нэхэх эрсдэл гарахыг энэ жишээ баталж буй юм. Эл асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд эрүүл мэндийн цөөнгүй байгууллага хакердуулсан байж болзошгүй талаар ч Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн. Ийм чухал мэдээллийг салбарын яамнаас өгч, анхааруулсан байхад даанч үүнийг хэн ч тоосонгүй, уг асуудал тэгсхийгээд мартагдав.
Ер нь төр хүний хувийн нууцыг олигтой хадгалдаг ч юм шиг хороо, дүүргээсээ эхлээд регистрийн дугаар нэхэж авахаа болих хэрэгтэй. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд гомдол, санал хэлэх төдийд ч хүмүүсээс энэ мэдээллийг шаарддагаа зогсооё. Гэр хорооллын айлууд түлэх нүүрсээ авахдаа хүртэл бүх мэдээллээ төрд тушааж байна. Энэ мэт бүх зүйлд хүний хувийн мэдээллийг цуглуулан, ашиглаж болохгүй гэдгийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ч заасан. Гэсэн ч уг хуулиа хэрэгжүүлэхгүй байна.
Тэгвэл иргэд регистрийн дугаараа ямар тохиолдолд бусдад ашиглуулах, өөрөө хэрэглэх шаардлагатай талаар мэдээлэл хүргэе. Монгол Улсын иргэдэд регистрийн дугаар олгох, өөрчлөх, хүчингүй болгоход Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 331 дугаар тушаалыг баримталдаг аж. Регистрийн дугаарыг иргэний үнэмлэх, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны хадгаламжийн дэвтэр, данс нээж, хаах, бүх төрлийн даатгал, жолоочийн үнэмлэх, эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, утасны дугаар авах, нэр шилжүүлэх гэх зэрэгт ашиглах хуультай. Харин шинээр олгохдоо дөнгөж төрсөн хүүхэд, Монгол Улсын харьяат болсон гадаад хүн, өмнө нь регистрийн дугаар авч байгаагүй иргэд, мөн регистрийн дугаараа өөрчлүүлэх үед, шүүхийн шийдвэрээр тухайн иргэний төрсөн он, сар, өдөр, насыг өөрчлөн тогтоосон, мэдээллүүд нь архивын нотлох баримтаас зөрүүтэй, давхардуулж олгосон бол шинэчлүүлэх эрхтэй гэнэ.
Дурын байгууллага регистр нэхэж, дарамталдаг
Хүний утасны болон регистрийн дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг дурын байгууллага, хувь хүн бүртгэж, ямар нэг нууцлалгүйгээр хадгалж байдаг. Гэр ахуйн барааны дэлгүүрээс бүтээгдэхүүн авахад хүртэл утасны болон регистрийн дугаар бичүүлж авч байна. Хөнгөлөлтийн карт захиалахад хүртэл эл мэдээллийг шаарддаг. Барааны, бусад дэлгүүрийнхэн ч худалдан авагч нарын регистрийн дугаарыг бүртгэх эрхгүй. Тийм байхад иргэд хээвнэг бичээд л өгчих юм. Төрийн болон хувийн байгууллагуудын оффис руу нэвтрэхэд ч үүдний харуул, хамгаалагч нар нь регистрийн дугаар бүртгэдэг. Аль нэг банк, зуучийн газар, үл хөдлөх хөрөнгийн компани руу ажил хэргийн, амин чухал уулзалтаар орсон ч регистрийн дугаар нэхэж, залхаасаар буй. Хамгийн гол нь дээр хэлсэнчлэн иргэд үүнд нь ер цааргалахгүй, ингэ, тэг гэхэд нь дуугүй л зөвшөөрч, хэл гэсэн болгонд нь регистрээ зарлаад бүр сурчихжээ.
“Ковид-19” өвчний үед монголчуудын регистрийн дугаар нийтээрээ маш их алдагдсан шүү дээ. Байгууллага, аж ахуйн нэгжүүд рүү нэвтрэх бүрдээ, дэлгүүр орох болгондоо, цагдаатай таарах үедээ гэхчлэн бүгдэд нь регистрийн дугаараа хэлдэг байв, тэгэхийг төр засгаас ч шаардсан. Хувь хүний нууцтай холбоотой эдгээр мэдээллийг дурын хүн авах, санаатай болон санамсаргүй байдлаар бусдад тараахад уг нь хуулийн хариуцлагатай юм. Тиймээс онцын чухал шаардлагатай биш л бол бусдад регистрийн дугаараа өгөхгүй байх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Иргэд энэ мэт регистрийн болон утасны дугаараа нууцалдаггүй, хаа хамаагүй зарлаж явдгаас үүдэн өөрсдөө олон эрсдэлтэй нүүр тулдаг. Жишээ нь, та регистрээ бусдад хэлснээр цахим хаяг, банкны нууц үг зэрэг хувийн мэдээллүүд чинь давхар алдагдаж, мөнгөө залилуулах бол наад захын асуудал болчхоод буй. Банк, харилцагч байгууллагуудын и-мэйл хаягийг дуурайлган, тан руу хүсэлт, зурвас илгээх байдлаар хувийн мэдээлэлд чинь халдан, санхүүгийн төрөл бүрийн луйвар хийх үзэгдэл өдгөө түгээмэл болсон.
Сонгуулийн үеэр мөн регистрийн дугаарын нууцлал хамгийн их алдагддаг. Та, бидний ойр дотнын хүн сонгуулийн сурталчилгааны ажил хийх нэрийдлээр гэр бүлийнхнийхээ болон хамаатан садан, эргэн тойрныхныхоо регистрийн дугаарыг нэхэж аваад, жагсааж бичин штабдаа тушаачихдаг шүү дээ. Гэтэл үүнийг эсэргүүцэх хүн байдаг бил үү. “Эгч минь, ах минь, хөөрхий минь ажил хийж байхад нь ганц регистрийн дугаар харамлаад яах вэ” гээд л хувийн нууцаа хэлчихдэг. Сонгуулийн үеэр дэвшигч нарт яагаад регистрийн дугаар хэрэг болдог гээч. Тэдний саналд нөлөөлөх, мөн энэхүү дугаараар сонгуулийн саналыг “хөдөлгөдөг” байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг судлаач нар харддаг. Харин иргэд үүнд ач холбогдол өгдөггүй.
Монголчуудын регистрийн дугаарыг гадаадын сайтад 700-хан ам.доллароор арилжиж байна гэхэд ч гайхах хүн бараг байгаагүй. Уг нь манай улс хувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой хууль, эрх зүйн орчин бүрдүүлсэн. Даанч төрийн бүх шатанд хуулиа мөрддөггүй, хүний хувийн мэдээллийг задруулдаг, зарлуулдаг. Хувийн байгууллагууд нь ч хуулиас давсан эрх мэдэлтэй, хүмүүсийн анхдагч, амин чухал мэдээллийг дур зоргоороо цуглуулж байхад хэн ч хариуцлага тооцдоггүй.