Ирээдүйд Монголыг удирдаж, хөгжүүлэх хүүхдүүд өнөөдөр эмнэлгийн шалан дээр ханиад, хатгалгаандаа баригдчихсан хэвтэж байна. Тэднийг энэрч өрөвдөх эрх мэдэлтэн энэ улсад нэг ч алга. Угаасаа л ийм байж ирсэн дээ. Эрх баригчид жил бүрийн энэ үеэр хүүхдийн өвчлөлд анхаарах нь битгий хэл, аль хэдийн утаагаар улс төр хийн, яавал түүгээр далимдуулан хэдэн төгрөг шамшигдуулах вэ гэдэг “марафон”-д гүйж байдаг. Улс төрчдийн өнөө өвлийн “өнгө” ижил, юу ч өөрчлөгдсөнгүй. Тэднийг ийн муйхарлаж, мунгинах зуур хүүхдүүд эмнэлэгт эм, тариандаа туйлдан, хатгуулах газаргүй болтлоо хагарсан судастай, уйлах чадалгүй сөөсөн, идээлсэн хоолойтой, босох ч тэнхэлгүй хэвтэж байна.
Өвчин нь даамжирсан, дахисан гэсэн шалтгаанаар ганцхан сарын дотор эмнэлэгт 3-4 удаа хэвтсэн хүүхэд ч цөөнгүй байгааг эмч нар хэлсэн. Эрх баригчдын “үйлдвэрлэсэн” утааны хор уршиг, хүрэлцээгүй эмнэлэг, орны төлөөсийг хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ ийн төлж байгаа нь харамсалтай.
Монгол Улс дэлхийд “толгой цохих” хэмжээний байгалийн баялагтай. Даанч хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хамгаалж чадалгүй өнөөдөртэй золголоо. Нийслэлийн агаарын бохирдол аюултай түвшинд хүрэхтэй зэрэгцээд хүүхдүүд өдөр бүр хэдэн мянгаараа өвдөж, эмнэлэг бараадах. Дүүргийн эмнэлгүүд нь нийлээд хүүхдийн зориулалтын 600 ч хүрэхгүй ортой. Эл тооны орон дээр өчигдрийн байдлаар 2000 хол давсан хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд 1000 гаруй хүүхэд өдгөө хонгилд, шалан дээр “зулж” буй гэсэн үг. Хөл, толгой нь олдохгүй ийм орчинд эмчилгээний чанар, стандартыг мөрдүүлэх талаар ярина гэдэг утгагүй. Эрүүл ахуйн шаардлага хангах тухай бол бүр ч ам нээлтгүй болж.
“Хүүхдийн өвчлөл их байна, гамшиг боллоо” гэж эмч нарыг хэлэнгүүт л хийцгүйрсэн сайд, дарга нар нь эл сэдвийг бушуухан шүүрч аваад “Сургууль, цэцэрлэгээ амраая, хаая, цахимжуулъя” л гэдэг. Өөр ямар ч шийдэл байдаггүй, авдаг хариу арга хэмжээ ч үгүй. 2019 оны өдийд нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 30 хувиар хэтрэхэд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нэмэлтээр ор дэлгэж л байсан. Үүний дараагийн жилд Яармаг дахь Эх, нярай, эмэгтэйчүүдийн II төвийг ашиглалтад оруулахад улсын Ерөнхий сайдаасаа өгсүүлээд УИХ-ын олон гишүүн, дарга нар очиж тууз хайчилсан. 300 ортой тус эмнэлгийн барилгыг эрх баригчид 2010 оноос эхлүүлж, бүхэл бүтэн арван жил царцаачхаад сонгуулийн жилд багтаан ашиглалтад өгсөн нь энэ. Тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр ичих ч үгүй “Бид 30 гаруй жилийн дараа эх, нялхсын хоёр дахь эмнэлгээ хүлээн авлаа” гэсэн нь хэвлэлийн хуудсанд баримт болон үлдэж. Тэгвэл сайд Д.Сарангэрэл “Энэхүү эмнэлэг эхийг амаржуулж, нялхсыг эмчлээд зогсохгүй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг цогц эмчилнэ”, УИХ-ын гишүүн С.Амарсайхан “1.5 сая иргэнтэй хотын эх, хүүхдүүд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах нөхцөл бүрдлээ” гэж байв. Өөрөөр хэлбэл, манай улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эх, хүүхдийн эрүүл мэндийн ганцхан төв барихын тулд 10 жил “ноцолдсон” гэсэн үг. Эмнэлгийн 300 орны 140 нь л хүүхдийн зориулалттай. Ийм тооны ор нэмэгдээд ч нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн тусламж, үйлчилгээнд тухайн үедээ ч, өнгөрсөн дөрвөн жилд, өнөөдөр ч ахиц дэвшил гараагүйг та, бид харж байна.
Хоёр жилийн өмнөх өвөл дүүргүүдийн эмнэлгүүд хүүхдүүдээ багтааж хүчрэхгүй, хонгилдоо хэвтүүлэн эмчилж байхад эл асуудлыг Засгийн газрын хуралдаанд нэг удаа авч хэлэлцсэн. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайд С.Энхболдод яаралтай арга хэмжээ авах үүрэг өгч байж. Үүний дагуу С.Энхболд дүүргийн эмнэлгүүдээр явж, ханиад, томуутай “газар дээр нь танилцаж” билээ. Тэгж байж эмнэлгүүдэд хэдэн орны “бараа” харуулсан сан. Тэгвэл одоогийн сайд Т.Мөнхсайхан ч бусдынхаа жишгээр эмнэлэг “хэсэж” явна. Нөгөө л амны хаалт, цэнхэр малгай, улавч, нөмрөг өмсчихсөн, өчигдөр гэхэд л Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцана лээ. “Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа нь ЭМЯ-ныхны буруу биш, иргэдийн хариуцлагагүй байдалтай холбоотой” хэмээн саяхан л “томорч” байсан салбарын сайдыг хүүхдийн өвчлөлийн өсөлтийн муруй дүүргийн эмнэлгээр ортол нь “ташуурдав” бололтой.
Сайд, дарга нарын эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсанаар асуудал шийдэгддэг байсан бол өнөөдөр дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хүүхдүүдээ “шингээчих” хэмжээнд хүрчихсэн. Адаглаад л хэцүү цаг үед гаргаад дэлгэчих ортой, шалан дээр бус, аль нэг тасаг, нэгжийнхээ “бөөрөнд” ч болтугай өвчтөнүүдээ оруулчих сэтгэлтэй, бэлэн байдал энэ зэргээр хангагдахаар хугацаа өнгөрчээ. Хачирхалтай нь, хүүхдийн эмнэлгийн орны хүрэлцээ, яаралтай, хэвтүүлэн эмчлэх зэрэг тусламж, үйлчилгээний чанар, стандарт яг л арван жилийн өмнөх байрандаа гацаж. Эмч, сувилагч нар нь ч ийм аймшигтай орчин нөхцөлтэйгөө эвлэрчихсэн, өөрчлөх шинэчлэх тухай ч дуугардаггүй. Тэгсэн хэрнээ аргаа барсан хэдэн эцэг, эхчүүдэд эр бяраа “гайхуулах”-ыг яана.
Монгол Улсын нийт хүн амын 1 369 449 нь хүүхэд. Тэднийг бүгдийг нь эрүүл, аюулгүй орчинд амьдруулж чадахгүй л байгааг дээр дурдсан. Ялангуяа нийслэлийн багачууд утааны улиралд долоо хоног татамд 10, 20 мянгаараа өвддөг болсон. Тухайлбал, энэ сарын 9-15-нд гэхэд л нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчний улмаас 9788 хүн үзлэг хийлгэсэн. Мөн хугацаанд Түргэн тусламжийн төвд ийм шалтгаанаар 10 688 иргэн хандсан байв. Өөрөөр хэлбэл, долоохон хоногт 20 000 орчим хүн ханиад, томууны улмаас эмнэлгээс болон гэрээр тусламж, үйлчилгээ авсан гэсэн үг. Тэдний 90 орчим хувь нь хүүхдүүд. Эдгээр үзүүлэлт долоо хоног өнгөрөх бүр 40-өөс дээш хувиар нэмэгдсээр байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож мэдээлсэн. Амралтын өдрүүдээр дүүргийн эмнэлгийн хүүхдийн амбулаториудаар хийсэн үзлэгийн тоо 3500-гаас буухгүй байгаа аж. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 68 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэсэн. Эмч нар бүх дүүрэгт нөхцөл байдал ижил, гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг нуулгүй хэлж буй. ЭХЭМҮТ-ийнхөн амбулаторийн үзлэгийг 10 өрөөнд зэрэг хийгээд ч ачаалал нь буурахгүй байгаагаа учирласан.
Нийслэлийн эмнэлгүүдийн 20 амбулаторид эмч нар уртасгасан цагаар ажилласан хэвээр. Өвчлөл нэмэгдэх үеэр хонгилдоо ор дэлгэх, эмч нараа ингэж “дэглэхээс” өөр арга манайд байхгүй. Өнөө жилийн тухайд хүн амын, тэр дундаа хүүхдүүдийн дунд вирусний гурвалсан халдвар тархсан учраас өвчин амархан хүндэрч, эдгэхдээ удаан, мөн дахихдаа хурдан байгаа аж. ДЭМБ-аас өнгөрсөн есдүгээр сард улс орнуудад энэ талаар анхааруулсан билээ. Тодруулбал, “Ковид-19”-өөс хойш томуу, томуу төст өвчний дэгдэлт дэлхийн хэмжээнд алаг цоог буюу бага тархалттай байсан. Үүний улмаас ханиад, томууны дархлаа нийтээр суларсныг “далимдуулан” гурвалсан халдвар огцом нэмэгдэх болсныг тус байгууллагаас сэрэмжлүүлсээр ирэв. Гурвалсан вирусний халдвар нь “Ковид-19”, томуу, RSV (амьсгалын замын синцитиал вирус)-ийн нэгдэл гэдгийг ч тэд хэлж байв. Амьсгалын замын синцитиал вирус нь “Ковид-19” болон бусад томуутай хавсарснаар маш өндөр халдвартай болж, нус гоожих, найтаах, амьсгаадах, халуурах шинж тэмдгээр эхэлж, өвчин олон хоног үргэлжилдэг аж. Зарим тохиолдолд ханиалгах зовуурь зургаан долоо хоног үргэлжлэх нь ч бий.
АНУ болон бусад улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр энэхүү гурвалсан халдварын улмаас энэ онд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс 10 дахин нэмэгдэнэ гэдгийг ч давхар анхааруулсан. Харин манай улс уг сэрэмжлүүлгийг үл ойшоосон. УИХ-ын, орон нутгийн сонгууль дамнаж хэрэлдсээр томууны улирлын бэлэн байдлаа хангаагүйг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид өнгөрсөн долоо хоногт 223 сорьцод шинжилгээ хийхэд 16.9 хувьд нь томууны А хүрээний H1N1, 67.6 хувьд нь өндөр халуурч, бөөлжүүлдэг амьсгалын замын синцитиал вирус, 15.5 хувьд нь “Ковид-19” илэрсэн. ДЭМБ-аас анхааруулсан өнөөх гурвалсан халдвар манайд ийнхүү дэгдчихээд байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудын эрүүл мэндийн байгууллагынхныг “түргэн” авхуулж буй энэхүү халдвараас манайхан харин ч нэг айхгүй юм аа. Тэнэгийн дотор уужуу гэдэг энэ.
Ханиад, томуутай өвчтөнүүдийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд гэдгийг албаныхан улиг болтол мэдээлж буй ч дээрх гурвалсан халдвараас сэрэмжлүүлэх тухай ам ч нээсэнгүй. Эдгээр вирусний улмаас хүүхдүүдэд нус гоожих, толгой, булчин өвдөх, үнэр, амт мэдрэхгүй байх, бөөлжих, суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илрэн, хурдан хүндэрч, амьсгал, зүрх, судас бөглөрч байгааг эцэг, эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлсэнгүй.
Иргэд “Хүүхдийн эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна” гэхээр “Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдэд 1700, 1800 ор бий” гэж ам таглаад сурчихсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийн I, II төвийн орны тоог нэмж тооцоод хэлэхийгээ тэд мэддэг. Гэвч бодит байдалд 1.7 сая хүн амтай нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгууд нийлээд 600 ч хүрэхгүй ортой гэдгийг эмч нар мэдээлэл хийх бүрдээ л хэлсээр байна. Монголд үндсэндээ хүүхдийн төрөлжсөн эмнэлэг байхгүй. Эх, нярай, нялхсын тусламж, үйлчилгээг хавсран үзүүлдэг нь дээрх хоёр төв. Ганц, хоёрхон дүүрэгт хүүхдийн хуучны эмнэлэг байгаа ч амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламжаас хэтэрдэггүй. Эх орны минь ирээдүйн удирдагчид хар нялхаасаа архаг хууч өвчин “тээх”-ийн зэрэгцээ адаг сүүлд нь эмчлүүлэх эмнэлэг ч олдохоо байх нь.