Улс орнуудыг үндэсний цаг уурын албаа чадавхжуулах, цаг агаар, уур амьсгалын аюултай үзэгдлээс сэргийлэх системийг нутагшуулахад онцгой анхаарах шаардлагатайг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас дахин анхаарууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын дундаж температур түүхэн үзүүлэлт буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнийг давах болсноос хэт халж, үер, зуд, ган гачиг, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи, шуурга, аянга цахилгаан зэрэг аюултай, эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгджээ. 1970-аад оны үед дэлхий дахинд жилд дунджаар их хэмжээний хор хохирол учруулсан, эрс аюултай гэж хэлж болохуйц 100 гаруй үзэгдэл бүртгэгддэг байсан бол 2020-2023 онд энэ нь 400 болж өссөн байна. Аюулт үзэгдлийн давтамж дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг. Иймд дэлхий нийтээр, ялангуяа хөгжиж буй орнууд эрт мэдээлэх системийг нутагшуулж, хөгжүүлэн болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх шаардлагатай гэв.
Одоогоор нийт улсын 55 хувь нь буюу 108 орон эрт сэрэмжлүүлэх системийг нутагшуулсан гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Харин НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албанаас мэдээлснээр өдгөө дэлхийн хүн амын тэн хагас буюу дөрвөн тэрбум орчим хүн ийм систем нэвтрүүлсэн бүс нутагт амьдарч байгаа гэнэ.
Ж.Сувд