Ховд аймгийн Булган сумд бог малын мялзан өвчин тархсантай холбоотойгоор энэ сарын 15-ны 17.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэрийг орон нутгийнх нь удирдлага гаргасан байна. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор сумын хэмжээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, орон нутгийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй аж. Мал, амьтны гоц халдварт өвчин Булган сумд тархсаныг энэ сарын 14-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоосон гэнэ. Өчигдрийн байдлаар дээрх сумын Баянсудал, Баянгол багийн хоёр айлын малд халдварласныг илрүүлсэн байна. Гэхдээ эл өвчин нь вирусээр халдварладаг учраас илүү өргөн хүрээнд тархсан байх магадлалтай гэж үзээд урьдчилан сэргийлэх болон тандалтын ажлыг эрчимжүүлсэн талаар аймгийн Мал эмнэлгийн газрынхан мэдээлэв. Түүнчлэн Улаанбаатараас вакцин татан авах ажлыг эхлүүлээд буй гэнэ. Мөн хорио цээрийн үед ажиллах хүний нөөц дутмаг байгаа учраас бусад сумын малын эмч, мэргэжилтнүүдийг нэмэлтээр ажиллуулж эхэлжээ.
Ташрамд дурдахад, гоц халдварт бог малын мялзангаар ямаа, хонь болон бөхөн, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир зэрэг зэрлэг амьтан өвчлөх эрсдэлтэй.
М.Оч