Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд хүргэхээр тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг нэрлэв. Үүнд,
-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,
-Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр
-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,
-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Эдгээр зардлын эх үүсвэрээр,
-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,
-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,
-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,
-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,
-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,
-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төсвийн төсөлд нэмж тусгасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжжээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулна. Хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь эцэслэн батлах санал хураалтыг явуулав. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжин батлав.