“Өсвөрийн зохион бүтээгч 2024” үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт Хүүхдийн урлан бүтээх төвд нээв. Тус үзэсгэлэнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн 60 гаруй сурагчийн 41 бүтээлийг дэлгэж, олны хүртээл болгосон юм. Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос санаачилсан уг арга хэмжээ нь хүүхдийн шинжлэх ухаанч мэдлэгийг нэмэх, туршилт судалгааг дэмжих, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх, ирээдүйн мэргэжил сонголтоо хийхэд нь туслах зорилготой аж. Хүүхдүүдийн оюуны бүтээлүүдээс шилдгийг шалгаруулж, шагнал гардуулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түнхэлийн ерөнхий боловсролын сургуулийн баг хамт олны “Ухаалаг гүүр” бүтээл нэгдүгээр байрт шалгарсан байна. Тэргүүн байрт хоёр бүтээлийг шалгаруулсан бөгөөд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 11 дүгээр сургуулийн сурагч Б.Тэмүүл “Гэрийн автоматжуулсан систем” бүтээлээрээ шилдэгт багтжээ. Харин хоёр, гуравдугаар байрт нийт есөн хүүхдийг шалгаруулжээ. Тэдний бүтээл болох “Тусгай хэрэгцээт боловсролын гар зургийн мольборт”, “Ногоон эрчим хүч”, “Энергийн эх үүсвэртэй мал, амьтан усалгааны худгийн автомжуулсан систем”, “Сар, ширээний гэрэл” зэргийг зохион байгуулагчид онцоллоо.
Ч.Болор