Чингис хаан Үндэсний музей нь тухайн улс орны соёлын дархлаа болсон соёлын өв, үүх түүхийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг. Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж үзэгчдийн хүртээл болж байгаа үзмэрүүдийн насжилтыг уртасгах, үзмэр цуглуулгаа баяжуулахын тулд археологийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг өөрсдийн нөөцөд тулгуурлан сэргээн засварлаж, хадгалалтын зохистой орчин бүрдүүлэх судалгаа шинжилгээ хийх хэрэгцээт шаардлага тогтмол үүсдэг. Энэ асуудлаа шийдвэрлэж өнөөдөр Монгол Улсын музейн салбарт анх удаа соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн “Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын мэргэжлийн лабораторийг (2024.12.13) нээлээ.
Энэхүү лабораторид бүрдүүлсэн тоног төхөөрөмжийн хувьд анхан шатны болон зарим чиглэлд ахисан шатны цэвэрлэгээ, бэхжүүлэлт, сэргээн засварлалт, материал судлал, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа хийх бүрэн боломжтой байдлаар шийдсэнээрээ онцлогтой юм.
Нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, музейн захирлууд болон бусад албаныхан оролцлоо.
Тус лабораторийн давуу тал:
Өрөөний хувьд 250м2 хэмжээтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, -үзмэр, эд өлгийн зүйлийн материалын судалгаа хийх, XRF төхөөрөмж нь үзмэр, органик бус материалтай эд өлгийн зүйлийн элементийн найрлагыг тодорхойлох, Х-ray төхөөрөмжийн тусламжтай соёлын өвд бүтцийн зураглал хийх, -биологийн бичил биетийн нөлөөллөөр эрсдэлд орсон үзмэр эд өлгийн зүйлийг нүүрсхүчлийн давхар исэл бүхий даралтад хийг ашиглан ариутгах, 3D scan том овор хэмжээтэй соёлын өвийг дижитал технологиор баримтжуулан, цахим мэдээллийн сан үүсгэх, -гэмтлийг тодорхойлох, хэмжээст загвар хийх, хэт улаан туяаны камер нь нүүрс бүхий карбоныг таньж хүний нүдэнд үл үзэгдэх дүрслэл, хийц технологийг тодорхойлох зэрэг боломжуудаар бүрэн хангагдсан.
Музейн лабораторийн дэргэд цэвдэгтэй газраас илэрсэн том оврын үзмэр, эд өлгийн зүйлийг хадгалах тусгай хөргүүр, том оврын эд өлгийн зүйлийг хатаах зуух, X-ray төхөөрөмж зэргээр тоноглогдсон судалгааны өрөөг ашиглаж байна.
Цаашдаа музейн орчинд анх удаагаа X-ray зураглал хийх төхөөрөмжийг ашиглан музейн үзмэр, эд өлгийн зүйл, археологийн олдворыг задлалгүйгээр гадна талаас нь дотоод зураглалыг хийдэг, эрдэм шинжилгээ судалгааны өрөөг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.