Утаа угаараас зугтсан монголчуудын өвөлждөг гол газруудын нэг болсон Вьетнамын Фүкүок аралд цахилгаан хэсэгхэн зуур тасарч гэнэ. Тэндхийн буудал, амралтын газруудад байрлаж буй монголчууд энэ талаар урьдчилан мэдэгдсэн, уучлал эрсэн “захидал” хүлээж авсандаа ихэд цочирджээ. Албан мэдэгдэлд нь цахилгаан 30-45 секундийн хугацаанд тасарна гэж дурдсан нь яг л ёсоор болж, хэд тоолох хооронд л буцаад ирчхэж. “Аялал жуулчлалыг хөгжүүлсэн, хөдөлмөрийн бүтээмж, цаг хугацааг үнэлж мэддэг, иргэдээ боддог улс ийм л хариуцлагатай, жижиг зүйлсэд ч ач холбогдол өгдөг аж” хэмээн тэндхийн монголчууд гайхширах, бишрэхийн завсарт өгүүлж байна. Уг нь энэ бол хүн гайхаж балмагдан хүлээж авахаар онцгой үйл явдал, дэлхийд байхгүй жишиг биш юм. Цахилгаан түгээх, дамжуулах байгууллагууд байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн осол гэмтлээс бусад шалтгаанаар эрчим хүч хязгаарлах тохиолдолд хэрэглэгчдэд заавал урьдчилан мэдэгдэх учиртай. Таслах хугацаа нь хэдэн секунд, минут байсан ч зайлшгүй мэдээлэх үүрэгтэй. Дэлхий нийтээр ийм дүрэм, журам мөрддөг. Манай улсын Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэмд ч “Эрчим хүчний хангамжийг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай бол хэрэглэгчдэд дөрвөөс доошгүй цагийн өмнө мэдэгдэх үүрэгтэй”, Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэмд “Цахилгаан хангамжийн төлөвлөгөөт таслалтын талаар хангагч нь хэрэглэгчид гурваас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдээлнэ” гэж заасан байдаг. Даанч манайх хуулийг гууль болгодог, хэрэглэгчийг дорд үздэг хандлагаар энэ дүрмийг зөрчиж, цахилгааныг хулгайгаар тасалсаар ирсэн.
Цахилгаан хязгаарлах талаар урьдчилан мэдэгдэх шаардлага тавихад холбогдох байгуулагынхан нь “Өмнө нь мэдээлэх боломжгүй. Тухайн үеийн хэрэглээний ачааллаас шалтгаалаад төлөвлөгөөт бусаар тасалдаг” гэж ам тагладаг. Яг одоо л гэхэд нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгааныг өдөр бүр ээлжлэн тасалж, багадаа 1-2 цаг харанхуй байлгаж буй. Ийм учраас л монголчууд цахилгаан хязгаарлах мэдэгдэл хүлээж аваад цочирдсон хэрэг. Чадамжгүй, хяналтгүй, хууль, журмаа мөрддөггүй улсад нийгэмд тогтсон наад захын соёл, хэрэглээ, эрх зүйн зохицуулалтаар бий болгосон энгийн харилцаа, үйлчилгээ хүртэл тэнгэрийн гэмээр онцгой үйл явдалд тооцогддогийн нэгэн жишээ нь энэ болов.
Н.Мишээл