УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Нарансэвстэйн боомтын асуудал анхаарал татаж буй гол сэдэв боллоо. Нэг талаар нээх нь зүйтэй, нөгөөтээгүүр, нээж болохгүй гэсэн шүүмжлэл гараад буй. Засгийн газрын гишүүний хувьд энэ боомтыг нээхийн ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?
-Шинэ Үндсэн хууль батлагдаж, 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Хамтарсан Засгийн газар байгуулж, 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний дотор манай Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос санал болгосон Нарансэвстэйн боомтыг нээж ажиллуулах талаарх зорилгыг багтаасан юм. Энэ боомт ямар ач холбогдолтой, яагаад нээх ёстой вэ гэдэг талаар нийгэмд нэлээд хэлэлцүүлэг гарч буйг нь бид сайн зүйл гэж бодож байна. Яагаад гэвэл ардчилсан нийгэмд аливаа худалдааны асуудлыг шийдэхэд хүн бүрийн санаа оноог тусгаж байх нь чухал. Монгол Улс БНХАУ-тай 4500 км газар нутгаар хиллэдэг. Одоогоор 17 боомтоос 13 нь үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож болно. Энэ 17 боомтоор Хятадын засаг захиргааны гурван нэгж болох Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон, Ганьсу мужтай хиллэж, хоёртой нь худалдаа хийж байгаа. Ганьсу мужтай хиллэж буй баруун бүс нутагт Замын-Үүд-Эрээний боомтын худалдааг хуваалцаж болохуйц боомт байгаа нь Нарансэвстэй-Мазуншань гэж бид үзэж байгаа юм. Уг боомт баруун бүсийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.
-Тухайлбал, эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцсон бэ?
-Ганьсу муж 26 сая хүн амьтай, 425 мянган ам км газар нутагтай. Хятадын мужуудаас эдийн засгийн үзүүлэлтээрээ эхний гуравдугаарт жагсдаг. Өмнөд Монгол, Шинжаан-Уйгураас ялгаатай нь Ганьсу мужид уул уурхай байдаггүй. Боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн эдийн засгийн гурван үндсэн сектортой. Эдгээр нь тухайн бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг бий болгож, бусад мужтайгаа худалдаа хийдэг. Өмнөд Монголын хувьд манай улстай ижилхэн, үндсэн эдийн засгийг нь уул уурхай авч явдаг. Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Өмнөд Монголд дахин боловсруулж, өртөг шингээж, цаад мужууддаа зарж борлуулдаг. Тийм учраас бид гурав дахь зах зээл нээж байгаа гэж ойлгож болно. Заавал Өмнөд Монгол, Шинжаан-Уйгураар дамжуулж цааш нь худалдах, бараа, бүтээгдэхүүн авах биш, бусад дотоод муж руу шууд зарах бололцоог эрэлхийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Ганьсу мужийн ДНБ-ий тухайд зөвхөн 2024 оны эхний улиралд 912 тэрбум юань байна. Үүнийг Монголын эдийн засагтай харьцуулбал бараг ес дахин том. Ийм хэмжээний эдийн засагтай бүс нутагтай бид худалдаа хийж, хамтарч ажиллана гэдэг бол Монгол Улсын, тэр дундаа баруун бүсийн эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх, өсөх бололцоо, гарц гэж үзэж байгаа.
-Нарансэвстэй-Мазуншань боомтыг анх 32 жилийн өмнө нээсэн ч удалгүй хаасан байдаг. Шалтгаан нь юу байсан юм бол?
-Нарансэвстэйн боомтыг анх 1992 онд нээж байсан. Тухайн онд Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа нээж, аймаг, мужуудтай нь худалдаа хийсэн. Үүний дотроос нэг л боомт тухайн үедээ хаагдсан байдаг. Тэр нь Нарансэвстэйн боомт. Тэр үед юу болсон бэ гэхээр боомтоо нээж худалдаа хийхдээ, дэд бүтцээ тавьж чадаагүй. Шууд хоёр талаасаа худалдаа хийе гээд, вагончик аваачиж тавиад нээчихсэн. Замын-Үүдээс эхлээд бүх боомт л тэгж эхэлсэн. Манай Говь-Алтай, Баянхонгорын нутаг дамнадаг Говийн их дархан цаазат газрын А хэсэг буюу яг тэр худалдаа хийж буй газар замгүй учраас иргэд баянбүрдүүдээр зорчих, тээвэрлэлт хийх зэргээс эхлээд тэнд амьдардаг амьтдад нөлөөлж эхэлсэн. Тийм учраас тухайн үеийн Засгийн газар, УИХ ажлын хэсэг гаргаж шалгаад, энэ байдлаар явж болохгүй гээд 30 жилийн өмнө есөн сар ажиллуулаад хаасан.
-Эрдэмтэд, нутгийн иргэд энэ боомтыг нээвэл байгаль орчин төдийгүй дэлхийд ховордсон мазаалай баавгай, хавтгай тэмээ зэрэг ан амьтан, хүн, малд сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцсээр байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Говийн их дархан цаазат газрыг бид хамгаалж, менежментийг нь сайжруулах ёстой. Зам, дэд бүтэц тавьсан тохиолдолд тэр дархан цаазат газарт хамгийн бага нөлөө үзүүлэхээр хийх ёстой гэсэн эрдэмтэдтэйгээ адил байр суурьтай байна. Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдийг харахад судлаач, иргэдийн хувьд 1992-1993 оны алдааг дахиж давтах нь, өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газрын дундуур зам, дэд бүтэц тавих гээд байна, баянбүрдүүдэд нөлөөлөх нь гэсэн болгоомжлол бий юм билээ. Засгийн газар саналаа гаргахдаа Монгол Улсын хилийн дагуу, хилийн бүсээр дэд бүтэц, замаа тавья. Ингэж байж тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалъя. Хоёрдугаарт, бүс нутагтаа эдийн засгийн ач холбогдолтой боомт нээе гэсэн зорилт тавьж байгаа юм. Говийн их дархан цаазат газрын А хэсгийг 1975 онд анх тусгай хамгаалалтад авсан. Дэлхийн том хэмжээтэй тусгай хамгаалалттай газруудын нэг. Хэмжээг нь аваад үзвэл 45 мянган ам км газар нутаг. Төсөөлөөд үзвэл Баян-Өлгий, Сэлэнгэ, Булган аймгийн газар нутагтай ижил хэмжээний том.
-Иргэд Нарансэвстэйн боомтод уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх боломжтой юу. Тэнд хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулж байгаа гэж дуулсан.
-Өдгөө хүчин төгөлдөр байгаа хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн уул уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж болохгүй. 2013 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Талын мэлтэсийг тойрсон геологи хайгуулын ажил хийх талаар ярьж байсан. Тэр үед би Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Бид эсрэг байр суурьтай байсан, одоо ч маш хатуу байр суурьтай байна. Харамсалтай нь, өнөөдөр хамгаалж байгаа менежментийн хувьд хүн хүч муутай, үйл ажиллагааны зардал дутмаг байна. Сүүлийн сард ажлын хэсэг тийш явуулж үзэхэд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж, алт олборлох тохиолдол нэлээд гарсан байна. Бидний олж мэдэж, баримтжуулснаар онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гурван бүсийг оролцуулаад тоолоход одоогийн байдлаар 38 цэгь хууль бусаар геологи хайгуулын ажил хийсэн байна. Энийг илүү олон хүн ойрхон очиж байж хууль бус энэ үйлдлээс хамгаалахаас биш, хэнийг ч очуулдаггүй, бүтэн аймгийн хэмжээтэй газрыг эзэнгүй байлгавал хууль бус үйл ажиллагаа гарсаар байна гэж бид бодож байгаа юм.
-Түрүүн та Ганьсу мужийн эдийн засагт аж үйлдвэр голлох үүрэгтэй гэсэн. Монголд ашгаа өгөх өөр ямар салбарууд байна вэ?
-Нефтийн, сэргээгдэх эрчим хүчний том салбарууд, боловсруулах үйлдвэрүүд, Хятадын сансрын, цэргийн гээд маш том аж үйлдвэрийн салбар цаад талдаа бий. Хоёр дахь том эдийн засаг нь аялал жуулчлал. Би өнгөрсөн жил есдүгээр сард Ганьсу мужид ажилласан. Хамгийн том аялал жуулчлалын салбараа үзүүлж байсан. Энэ муж юугаар брэндинг хийж, ямар бүтээгдэхүүнийг Хятадын жуулчдад зардаг вэ гэхээр Монголын говь, элсэн цөл үзүүлнэ, тэмээ унуулна гэдэг юм байна. Намайг очиход жилд 10 сая жуулчин авч байна гэж ярьж байсан бол одоо интернэтээс хайгаад үзэхэд Ганьсу мужийн аялал жуулчлал өнгөрсөн жилээс хоёр дахин өсөөд, энэ оны эхний гурван улирлын байдлаар 20 сая жуулчин хүлээн авчээ. Тэд жуулчдад тэмээ унуулж, элсэн цөл, элсэн манхан дээр байгаа баянбүрдүүдийг үзүүлсэн аж. Эндээс орж байгаа орлогыг нь тооцоод үзэхээр 2.2 тэрбум ам.доллар. Манай валютын нөөцийн тал нь гэсэн үг. Есхөн сарын дотор манай валютын нөөцийн талыг зөвхөн байгалиа үзүүлээд, жуулчны үйл ажиллагаанаасаа олж байх жишээтэй.
-Бидэнд энэ том зах зээлээс өгөөж хүртэх ямар боломж байгаа бол?
-Баянхонгор, Говь-Алтай гээд яг адилхан, Монголын говь байна. Ялгаагүй тэмээ унуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ худалдаж болно. Үүнийг бид татаж ажиллах нь эдийн засгаа солонгоруулах, тэлэх гэсэн бодлогод нийцэж байгаа юм гэдгийг энэ ташрамд хэлье. Дараагийнх нь яалт ч үгүй хөдөө аж ахуйн салбар. Ялангуяа Говь-Алтайн сумуудын дийлэнх нь хатуу хучилттай авто замаар хоорондоо, аймгийн төвтэйгөө холбогдоогүй. Сумуудаа холбож, боомт руугаа зам тавьснаар тэр аймгийн, тэр нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргаа эрс дээшлэх учиртай. Тэнд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мал, мах, сүү, тарьж ургуулсан жимс, жимсгэнэ зэргээ хатуу хучилттай авто зам, боомтоороо тээвэрлээд зах зээлд гаргах бололцоо бүрдэнэ гэсэн үг. Бас нэг сонирхолтой зүйл байна. Сүбэй Монголын өөртөө засах хошуу гэж бий. Манайхаар сум юм билээ. Яг Ганьсугийн цаад талд байгаа монголчууд юм.
-Тэнд хэчнээн сүбэй монгол байна вэ?
-Ганьсу мужид нийт 15 мянган сүбэй монгол байна. Тэдний онцлог нь, аялгын хувьд биднээс ямар нэгэн зөрүүгүй. Говь-Алтай, Баянхонгорын иргэдтэй яг ижил аялгаар ярьдаг, яг ижилхэн монгол соёлтой. Тэр айлуудаар орж сонирхсон. Ганьсу мужийн иргэдээс дээгүүр амьдралтай гэсэн статистик гардаг юм байна. Яагаад гэвэл тэр хүмүүс тэмээ, мал хариулдаг. Тэмээнийхээ сүүг автомат машинаар сааж, цааш хүргээд, жилдээ их хэмжээний орлоготой болчихдог. Ферм дээрээ казах, хятад хүмүүсийг туслах ажилтнаар ажиллуулдаг, орчин цагийн малчид, сайхан амьдардаг юм билээ.
-Хилийн наана, цаана хуваагдахад үлдсэн монголчууд уу?
-Би бас сонирхож үзсэн. Дамбийжаагийн албатууд юм байна. Дамбийжаа Монголоос шахагдаад, албатуудаа аваад явсан. Өөрөө үр хүүхэдгүй. Хилийн цаад талд Ганьсу мужид хөнөөгдсөн юм билээ. Тэр үед албатууд буюу Сүбэй Монголын нэг хэсэг нь Дамбийжаагийн байсан Мазуншань уул руугаа гараад, говьдоо бас нэг хэсэг нь үлдсэн. Хоёр талд боловч нэг хошуу. Мазуншань гэдэг нь морины дэл уул гэсэн үг юм билээ. Манай талдаа байдаг уул.
-Ерөөсөө 100-хан жилийн өмнө бидэнтэй хамт байсан монголчууд маань тэнд нэг хошуу болчихсон гэсэн үг байх нь ээ?
-Харин тийм. Очоод уулзахад “Үүд хаалгаа нээгээч ээ. Ах, дүү, хамаатан садантайгаа очиж уулзъя” гээд сууж байна лээ, хөөрхий. Ганьсу мужийн хувьд, яг хилийн цаана нефтийн олборлолт явагддаг. Нефтийн үйлдвэртэй. Хэрвээ бид дэд бүтцээ тавиад, тооцоолоо хийчихвэл баруун бүсийнхэн маань урд талаас шууд нефтийн хямдхан бүтээгдэхүүн авах, барилгын, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ ч татах боломжтой. Мөн Монголдоо хийж буй бүтээгдэхүүнээ эргүүлээд зарах боломж бүрдэнэ.
-Нарансэвстэйн боомтыг хэзээ нээхээр төлөвлөсөн бэ?
-Боомт нээнэ гэхээр манайхан өнөөдөр шууд ажиллаад эхэлнэ гэж боддог. Боомт нээнэ гэдэг хоёр улс хоорондоо дипломат шугамаар тохирч байж, гаргах ёстой шийдвэр. Тийм учраас УИХ Нарансэвстэйн боомтыг нээх асуудлыг хэлэлцэж, тодорхой тогтоол шийдвэр гаргана. Ингээд хөрш улс бас шийдвэрүүд гаргаснаар энэ ажил цаашид үргэлжлэх учиртай. Биднийг зам, дэд бүтцээ тавьсны дараа боомт нээх шаардлага тавьж байна. Яагаад гэвэл бид урьд нь замгүйгээр боомт нээгээд алдсан, тэр алдаагаа нэгдүгээрт давтах ёсгүй. Хоёрдугаарт, Гашуунсухайтад ч бид эхлээд эдийн засгаа л түлхэж байвал замтай, замгүй явуулъя гээд яарсан. Одоо урьдчилсан судалгаанууд хийж байна. Замыг хилийн зурвасын дагуу явуулах нь. Нарансэвстэй-Мазуншанийн боомт нээгдлээ гэхэд түүгээр бараа, бүтээгдэхүүний тээвэр, аялал жуулчлал их явах нь ээ. Түүнээс уул уурхайн бүтээгдэхүүн зөөх боомт биш юм гэж хэлэх байна.
-ТЭЗҮ, зам, дэд бүтцээ хэрхэн төлөвлөв?
-Цоо шинээр нээж байгаа боомтуудад боломжоор нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг илүү түлхүү оруулаад, иргэд тухайн боомтоор үйлчлүүлсэн төлбөрөөсөө, тухайн замаар явсан хураамжаас орлогоо олдог зарчимд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ганьсу муж монголчуудын Энэтхэг, Балба, Төвөд рүү гардаг гол боомт байсан юм билээ. Нарансэвстэйн цаад талд нь аялал жуулчлалын Дунхань хот бий. XIII зууны “Торгоны зам”-ын хамгийн том боомт хот. Манайхан худалдаа наймаа хийж, цайгаа авах, малын гаралтай бараа, бүтээгдэхүүн зарахдаа яг энэ Нарансэвстэйгээр жин тээж явсан түүхэн уламжлал байна. “Бүс ба зам”-ын Европ Азийг холбосон, Тяньжин, Бээжин, Шанхайгаас Европ, Венец, Итали руу явж байгаа том коридор Нарансэвстэйн цаана, түүгээр явж байгаа төмөр зам, авто замын дэд бүтэц нь 100 хүрэхгүй км-т бий. Тэгэхээр бид дотоод дэд бүтцээ сайжруулаад, тэр лүү холбогдож чадвал заавал Замын-Үүд, Тяньжиний боомтоор гаралгүйгээр шууд төмөр замынхаа боомтоор энэ эдийн засгийн коридор луу холбогдох бололцоо байгаа юм. Бидний худалдаа хийх чадвар тэр хэмжээгээр сайжирна гэсэн үг.
-Нарансэвстэйн боомтыг нээвэл байгаль орчинд сөрөг нөлөөтэй, амьтад устана гээд байгаа эрдэмтэд, нутгийн иргэдэд юу хэлэх вэ?
-Монголын хилийн өмнө талд Хятадын уурхайнууд, үйлдвэрүүд, зам дэд бүтэц нь бүгд байна. Угаасаа давхар давхар хашаатай учраас манай зэрлэг амьтад тийшээ нэвтэрдэггүй. Манайх хилийнхээ наана зэрэгцүүлээд таван км зам тавихад нөлөөлөл харьцангуй гайгүй байна гэж бид тооцож байгаа юм. Ингэж дэд бүтэцтэй болгох нь иргэдээс гадна хил хамгаалал, амьтан, байгаль хамгааллын үйл ажиллагаанд ч дэмтэй. Яагаад гэвэл зам тавина гэдэг чинь байгалиа хамгаалж байна гэсэн үг. Замгүй газраар хүн явахгүй. Газар нутгийн хэмжээ их том учраас байгаль хамгаалагчийн тоо тэр хэмжээгээр олон байх ёстой. Харамсалтай нь, цөөхөн хүн ажилладаг. Тэд авсан цалингаа ёстой бензин шатахуундаа зараад ажиллаж байна. Тэдний урсгал зардлыг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газрыг манаж, хамгаалах ёстой байгаль хамгаалагчийг олон болгох шаардлага бидэнд бий. Тусгай хамгаалалттай газар өөрөө санхүүгээ олдог байх бололцоог боомтын худалдаа нээж өгснөөр, тэр худалдаанаас орж байгаа орлогоос тодорхой хэмжээгээр менежментийн зардал руу нь шилжих нөхцөлийг хамтраад бүрдүүлбэл эрдэмтэд дургүйцэхгүй байх гэж бид үзэж байна.
-Хамгийн гол нь, Талын мэлтэсийн 300 тонн нөөцтэй алтны үндсэн ордыг л ашиглах нь гэсэн хардлага их байгаа юм билээ?
-Тэнд алтны орд байхгүй. Гэтэл илэрц бий гээд очиж ухаад байдаг. Нэг ч удаа албан ёсны нөөц тогтоож, хайгуул хийгээгүй. Дархан цаазтай газар дотор хайгуул, олборлолт хийх боломжгүй. 300 тоннын нөөц гэдэг нь цуу яриа шүү. 1900 оноос өмнө янз янзын байдлаар алт олборлож байсан гэдэг. Тэрийг нь л зарим хүн өлгөж авдаг юм шиг байна лээ. Яагаад манай баруун бүсэд амьдарч байгаа иргэд төвийн бүсийнхэнтэй ижил үнэтэй шатахуун хэрэглэж, ижилхэн хатуу хучилттай авто замаар явж, гадагшаа худалдаа хийж болдоггүй юм бэ. Яагаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ заавал 1000 км явж Хятадын зах зээл рүү оруулах ёстой юм бэ. Тийм учраас л бид үүнийг яриад байгаа юм. Хүмүүс дархан цаазтай газрын дундуур явна гэж буруу мэдээлэл өгөөд байгаа. Ийм асуудал огт байхгүй. Дархан цаазтай газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулах асуудал байхгүйг хатуу хэлье.
Хүмүүс Бургастайн боомтыг ашигла гэдэг. Бургастайн боомт нэгт, Нарансэвстэйгээс 400 км-ийн цаана бий. Хоёрдугаарт, Бургастайн боомтын цаана Шинжаан-Уйгурын өөртөө засах орон байна. Хил хамгаалахаас гадна цагдаа нар өдөр, шөнөгүй хилийн цаана машинтай, улаан цэнхэр гэрэл асаагаад явж байдаг. Тусгай хяналттай, өөр дэглэмтэй бүсээр чөлөөт худалдаа хийнэ гэдэг маш хүндрэлтэй. Тийм учраас Хятадын дотоод мужтай худалдаа хийхээр Бургастайг биш, Нарансэвстэйг яриад байгаа гэсэн санаа.
Д.Эрдэнэтуяа