Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Үндэсний хорооны хурлаар М.Нарантуяа-Нараг намын нэр хүндийг олон нийтэд гутаасан гэдэг үндэслэлээр дэд даргын албан тушаалаас нь чөлөөлснийг өнгөрсөн ням гарагт мэдээлэв. Улмаар түүнийг намаасаа хөөх саналтай байгаагаа ч гишүүд нь уламжилжээ. Эл маргаан намын дарга болон УИХ-д сонгогдсон бусад гишүүнээ чуулганы хуралд ч суудаггүйг нь М.Нарантуяа-Нара шүүмжилсний төлөө дэгдсэн гэж үзэж буй.
Тодруулбал, М.Нарантуяа-Нара намын Үндэсний хорооныхоо дээрх шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Би ИЗНН-ыг цэвэр, шударга нам гэж бодож, гишүүнээр элссэн. Тэр ч утгаараа УИХ-ын сонгуулийн үеэр өөрийн бүх хүч, багагүй хөрөнгө, хөлсөө намдаа зориулсан. Гэтэл сонгуулиас хойш ИЗНН-д нэлээд асуудал үүслээ. Намайг ч “ИЗНН-ын буянаар УИХ-ын гишүүн болчхоод намаа, намын даргаа муухай харагдууллаа” гэж олон нийт шүүмжилж буй. Гэвч энэ маргаан нь зөвхөн намын дарга Б.Батбаатарын асуудал биш. Бид сөрөг хүчин байна гэж иргэдэд амлаж, УИХ-д дөрвөн ч суудалтай болсон. Тиймдээ ч би өнгөрсөн хугацаанд намын гишүүддээ үүнийг цаг ямагт сануулж, зарчмын л асуудал хөндөж, шүүмжилж ирсэн. Иргэдээс хандив авсан юм бол ил тод тайлагнах л ёстой биз дээ.
Гэтэл манай намынхан яг үнэндээ шинэ системээ ч ойлгоогүй сонгуульд өрсөлдсөн. Мөрийн хөтөлбөрүүд нь ч ичмээр л байсан шүү дээ. Шүүмжлэл, шаардлагын хариуг ингэж өгч болох уу. Бид тус тусдаа бүрэн эрхтэй гишүүд. Гэтэл намын дарга байна гэдэг маш том ашиг сонирхол аж. Тиймдээ ч Б.Батбаатар дарга ИЗНН-ыг ах, дүү, хамаатан саднаараа дүүргэж буй бололтой. Намайг дэд даргын албан тушаалаас огцруулсан ч би ард иргэдэд амласан, хэлснээ ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх л болно” гэсэн юм.
М.ГЭГЭЭ