Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй билээ. Пакистаны нийслэл Исламабадад болж буй тус хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай өчигдөр уулзлаа.
Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтыг ийнхүү зохион байгуулж, өмнөх хэлэлцээрүүдээ ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар талууд санал солилцсон байна. Энэхүү уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр холбох, ингэхдээ манай улсын “байнгын сэдэв” болсон ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхийг хүсжээ.
Мөн эрчим хүчний реформын хүрээнд ногоон, сэргээгдэх эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, хил дамнасан цахим худалдааны платформ үүсгэх, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх чиглэлд өргөн хүрээнд хамтран ажиллах санал дэвшүүлэв. Түүнчлэн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор”-ыг бүтээн байгуулах ажлыг урагшлуулахад Монгол Улс бэлэн гэдгээ илэрхийлсэн аж.
Гурван улсын эдийн засгийн сүлжээг байгуулах ажлын хүрээнд 33 төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь Замын-Үүд-Алтанбулаг чиглэлд барих төмөр зам юм. Эхний ээлжид эл төслийг хэрэгжүүлэх нь гурван улсын эдийн засагт томоохон алхам болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар түүний дэвшүүлсэн дээрх саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Үүний хүрээнд тэд гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах хэрэгтэй гэв. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан барих төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, үүнийг бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэжээ. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ амлав.
О.ОРГИЛОХ