Энэ сарын 14-нд Гүржид Ерөнхийлөгчийн сонгууль болж, эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” намаас нэрийг нь дэвшүүлсэн, Оросын хөлбөмбөгийн “Алания” клубийн тоглогч, депутат байсан Михаил Кавелашвили Төрийн тэргүүнээр сонгогдов. Түүнд өрсөлдөгч байсангүй, 53 настай Кавелашвилийн төлөө 300 хүний 224 нь саналаа өгчээ.
Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн энэ сонгуулийг шинэ хэлбэрээр явуулсан байна. Төрийн тэргүүнийг анх удаа иргэдийнхээ шууд санал хураалтаар биш, 300 хүнээс бүрдсэн коллег сонгов. Энэ сонгогчдын хагас нь парламентын гишүүд, нөгөө хэсэг нь бүс нутгуудын төлөөлөл байжээ. Түүнчлэн Абхазын автономит БНУ-ын төлөөллийн дээд байгууллагын 30 жилийн өмнө сонгогдсон гишүүдээс ч ордог аж.
ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн доцент, Европын мэдээллийн төвийн захирал Николай Топорнин шинэ Ерөнхийлөгчөө сонгосны дараах Гүрж улсын ирээдүйн талаарх төсөөллөө илэрхийлсэн байна.
Түүний хэлснээр Европт нэгдэх Гүржийн үйл явц удаашрах төдийгүй хоригтой ч тулгарч мэдэх аж. Тэгэхдээ Кавелашвили бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Халаагаа өгөхийг одоогийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили зөвшөөрөх, эсэх нь эргэлзээтэй, яагаад гэвэл энэ хатагтай саяны сонгуулийг хууль бус гэж үзээд байгаа. Гэлээ ч шинэ Ерөнхийлөгчийг албаа хашихад энэ нь саад болох хангалттай үндэслэл биш юм. Түүнээс гадна Гүржид Ерөнхийлөгчийн алба нь ёслол хүндэтгэлийн шинж чанартай байдаг. Түүнд удирдан захирах төгс бүрэн эрх байхгүй аж.
Энэ сонгууль эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын өдөөн хатгалга болохоос хууль ёсны ардчилсан үйл явц биш гэж одоогийн Ерөнхийлөгч, хатагтай Саломе Зурабишвили мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар энэ сонгууль хууль бус парламентын хийсэн, Гүржийн ард түмнийг доромжилсон үйлдэл гэнэ. Гэтэл тус улсын Ерөнхий сайд Ираклий Кобахизе Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Кавелашвилид баяр хүргээд Зурабишвилийг суудлаа орхих цаг болжээ хэмээн мэдэгдэв.
Михаил Кавелашвили нэрд гарсан хөлбөмбөгч, Владикавказын “Спартак-Алания” багт тоглож 1995 онд Оросын аварга болж, гурван удаа парламентын депутатаар сонгогдож байжээ.
Одоогийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили өнгөрсөн бямба гарагт болсон сонгуулийг “Ардчиллаар наадсан, Европыг зорих Гүржийн замыг зогсоох гэсэн оролдлого” хэмээжээ. Тэрбээр “Хэн ч, хэнийг ч сонгоогүй, ямар ч үйл явдал болоогүй, би үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдлээ.
Уг нь бол “Гүржийн мөрөөдөл” нам 70.3 хувийн санал авчээ. Ерөнхийлөгчийг сонгоход энэ нь бүрэн хүрэлцээтэй дэмжлэг юм. Санал хураалтад 300 депутатын 225 нь оролцож, саналын нэг хуудас хүчингүй болж, сөрөг хүчний дөрвөн нам хуралдааныг хаяж гарсан байна. Ганц депутат саналаа өгсөнгүй. Энэ хүн Кавелашвилийг “Сайн хүн байж болох ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд тохирохгүй” гэж сурвалжлагчид хэлжээ.
Михаил Кавелашвили одоо 53 настай, парламентын депутатаар гурван бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа Өрнөдийн бодлогыг нэг бус удаа эсэргүүцэж, Гүржид хоёрдугаар фронт нээж, Оростой хийх шинэ дайнд түүнийг татан оруулах гэсэн хүчин АНУ болон Европын Холбоонд байна гэж хэлдэг байжээ. Кавелашвили анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн дээд боловсролгүй хүн юм. Түүгээр ч барахгүй бүрэн дунд сургууль ч төгсөөгүй аж. Түүнийг эсэргүүцэгчид дипломоо үзүүлэхийг шаарджээ.
Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 29-нд болох ёстой. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил. Саломе Зурабишвилигийн бүрэн эрх өчигдөр дууссан. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн тэмцэл Тбилиси, Батуми, Кутаиси болон бусад хотод үргэлжилж байна. Жагсаал тэмцэлд оролцсон 400 гаруй хүнийг саатуулж, тэдний 30-д нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эсэргүүцэгчид улс орноо Европын интеграц руу буцаахыг шаардаж байна. Энэ замаас ухраасан хүн нь Ерөнхий сайд, “Гүржийн мөрөөдөл” намын гишүүн Ираклий Кобахизе аж.
Гүрж улс 2017 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Төрийн тэргүүнээ ард түмэн нь биш, сонгогчдын төлөөлөл сонгож байхаар болгожээ. Сүүлчийн ийм сонгуулиар “Гүржийн мөрөөдөл” нам парламентад олонх болсон байна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг Ерөнхий сайд Ираклий Кобахизе нь “Ийм эх оронч, төлөв сайхан хүн сүүлийн 30 жилд Гүржийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байсангүй” гэж дүгнэсэн байх юм.
Аравдугаар сарын эцсээр болсон парламентын сонгуулийн дараачаас эхэлсэн эсэргүүцэл тэмцэл намжаагүй байхад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрчээ. Гүрж улсаа Европын Холбоонд нэгдэх үйл явцыг Ерөнхий сайд Ираклий Кобахизе түр зогсоосны дараа уг тэмцэл бүр ширүүссэн байна. Үүнд Ерөнхийлөгч Саломе Зурабишвили нэгджээ. Тэрбээр шинээр бүрдсэн парламентыг хууль бус гэж үздэг болохоор тэндээс гарсан шийдвэрийг ч мөн хууль ёсны бусад тооцдог, өөрийгөө тус улс дахь хүлээн зөвшөөрөгдсөн ганц эрх мэдэлтэн гэж хэлдэг аж. Сөрөг хүчин нь ч парламентаа бас хүлээн зөвшөөрөхгүй, Европын Холбооны гишүүн орнуудаас Унгараас бусад нь мөн хууль ёсны бус гэж үзэж байна. Гол нь Гүржийн парламент ганц намаас бүрдэж буй нь түүнийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэх нэг гол үндэс болж буй гэнэ.
Михаил Гурамович Кавелашвили 1971 онд Тбилиси хотод төржээ. 1989 онд Тбилисийн Улсын их сургуулийн эдийн засгийн салбарт элссэн ч хоёрдугаар ангиас сургуулиа хаясан байна. Тбилисийн “Локомотив” багт хөл бөмбөг тоглож эхэлжээ. 1988-1995 онд “Динамо Тбилиси”-д тоглож байв. Багаа ахалж 130 тоглолтод оролцож, 80 бөмбөг хаалганд оруулсан байна. Энэ багтайгаа 1991-1995 онд улсынхаа, 1992-1995 онд дөрвөн удаа Гүржийн цомын аварга болж байв. 1991-2002 онд Гүржийн шигшээ багт тоглож, 45 тэмцээнд оролцож, есөн бөмбөг хаалганд оруулж байжээ. 1990-ээд онд гадаадын томоохон багт тоглож байв. 1994-1995 онд Владикавказын “Спартак-Алания” багт тоглож, 1995 онд Оросын аврага болж, мөн ондоо Оросын шилдэг 33 хөлбөмбөгчийн нэг болж байсан аж. 1995-1997 онд Британийн “Манчестар Сити”, 1997 оноос Швейцарын “Грассхоппер” багт тоглож, 1998 онд улсынх нь аварга болжээ. Дараа нь 1999-2005 онд Швейцарын “Цюрих”, “Люцерн”, “Сьон”, “Арау” багуудад тоглосон байна. 2005-2006 онд Швейцарын “Базел” багт тоглож байгаад спортоо орхижээ. 2006 онд дасгалжуулагчийн “С”, 2016 онд УЕФА-гийн “В” зэрэгтэй болов.
2007 онд “Манай хөлбөмбөг” хэмээх байгууллагыг үндэслэгч, дарга нь болсон байна. 2009 оноос Гүржийн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Олон улсын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажиллав. 2016-2020 онд ес дэх удаагийн сонгуулиар Гүржийн парламентын депутатаар сонгогдож, Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн Байнгын хорооны даргаар ажилласан байна. 2020 онд дахин сонгогдсон. 2022 онд “Гүржийн мөрөөдөл” намаасаа гарчээ. Энэ шийдвэрээ нам бус байснаар улс орондоо болж буй улс төрийн үйл явцын тухай үнэнийг нийгэмд аль болох илүүтэй хүргэх боломжтой болно хэмээн тайлбарлажээ. Оросын эсрэг хориг тавих, Украин дахь зэвсэгт зөрчил тэмцэлд татагдан оролцохоос татгалзсаны улмаас Гүржийн эрх баригчид Өрнөдийн шударга бус дайралтад өртөх болсон гэж анх ам нээсэн хүмүүсийн нэг нь Кавелашвили байв.
Хэсэг депутат “Ард түмний хүч” гэх олон нийтийн байгууллага үүсгэж, 2024 оны гуравдугаар сард түүнийгээ улс төрийн нам болгож бүртгүүлэв. Тус намын нэг гол хорооных нь бүрэлдэхүүнд Михаил Кавелашвили оржээ. Тус нам “Гүржийн мөрөөдөл” эвсэлд нэгдэв. 2024 оны арваннэгдүгээр сард тэрбээр дахин парламентын депутатаар сонгогдлоо.
Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 2024 оны арваннэгдүгээр сарын эцсээр түүний нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүллээ. Үүнтэй холбогдуулж “Гүржийн нийгмийг нэгтгэхийн төлөө, үндэсний эрх ашгийн төлөө, Гүржийн тусгаар тогтнолын төлөө, ард түмнээ нягтруулахын тулд чадах бүхнээ хийнэ” гэж Кавелашвили мэдэгдсэн байна. “Алания” багийн дасгалжуулагч байсан Валерий Газзаев “Миша бол жинхэнэ эх оронч, түүний нэрийг дэвшүүлсэн нь санамсаргүй тохиол биш” гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.
Михаил Кавелашвили эхнэртэй, түүнийг нь Тамара Багратиони гэдэг. Тэд гурван охинтой. Тамара Багратионид бас өмнөх нөхрийнх нь нэг хүү бий. Кавелашвили 2009 онд ах, дүү нартайгаа хамтарч, Швейцарт “GTL oil trade and invest cmbH” гэдэг нефть худалдаж, энэ салбарын бизнест хөрөнгө оруулдаг компани байгуулсан ч тэр нь дампуурсан. Михаил Кавелашвили өөрийн гол хөрөнгө болох 88 ам дөрвөлжин метр талбайтай гараашийг 2007 онд худалдаж авчээ.