Манай улсын 1.7 сая иргэн аппликэйшнүүдээс 991.7 тэрбум төгрөгийн зээл авсныг Харилцаа холбооны зохицуулах газраас мэдээллээ. Насанд хүрсэн иргэдийн 80 орчим хувь нь ийм зээлтэй гэсэн үг. Тодруулбал, банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан иргэдийн нийт барьцаат зээл 4.6 их наяд төгрөг, үүнээс 991.7 тэрбум нь цахим зээл аж. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг л бол иргэд төрөл бүрийн хэрэглээний зээлийг цахимаар, барьцаа төлбөргүй авдаг болсон. Үүнийг финтек зээл хэмээдэг. Энэ төрлийн үйлчилгээг “М-банк”, “МобиМН”, Zeely.mn болон “LendMN”, “Qmoni”, “Pocket” зэрэг хэрэглэгчийн хэдийн мэддэг болсон аппликэйшнээр дамжуулан үзүүлж буй. Эдгээр нь ихэвчлэн арилжааны банкуудын, банк бус санхүүгийн байгууллагынхны, хадгаламж зээлийн хоршоод, бизнесийнхний хөгжүүлсэн цахим зээлийн үйлчилгээ юм.
Аппликэйшний зээлийн хүү сарын 1.5-2 хувь бөгөөд үйлчилгээ авах бүрд энэ нь багасдаг аж. Иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг цахимаар түргэн шуурхай авдаг тул сүүлийн үед өдөр тутмын хэрэгцээндээ өргөн ашиглах болж, тэр хэрээр хэмжээ нь хурдтай нэмэгдэж буйг албаныхан хэлсэн. Уламжлалт буюу барьцаат зээлдэгчдийн дундаж өглөг 10.5 сая бол цахим зээлийнх 600 орчим мянган төгрөг.
Ташрамд, манай улс 2017 оноос финтек зээлийг нэвтрүүлснээр өдгөө уламжлалт үйлчилгээний хүрээ хумигджээ. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, финтек зээлийн 59 бүтээгдэхүүнийг зах зээлд “арилжиж” байна.
О.УНДРАХ