Улаанбаатар утаа, түгжрэлтэйгээс гадна цахилгаангүй, харанхуй хот болчихлоо. Орон нутагт ч ялгаагүй хэсэгчилсэн, гэнэтийн хязгаарлалтыг үе шаттайгаар хийж байна. Яг жилийн өмнөх энэ өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдэж, улмаар нийслэлд хэсэгчилсэн хязгаарлалт хийн өвлийг арайхийн давсан билээ. Тэгвэл жилийн дараа цахилгааны үнэ нэмснийг эс тооцвол эл салбарт юу ч өөрчлөгдсөнгүй, Б.Чойжилсүрэн яг өмнөх шигээ улс даяар хязгаарлалт хийх тухай яриад зогсож байна.
Гэхдээ өмнөх жилийнхээс ялгаатай нь Б.Чойжилсүрэн энэ удаад буруугаа байгалийн үзэгдэлд тохохоор шийдсэн нь юм. Тэрбээр “Нар байхгүй. Хангалттай салхи гарахгүй учраас эрчим хүчний чадлын дутагдалд орж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг арванхоёрдугаар сарын 15-наас төвийн сүлжээнд холбочихъё гэж төлөвлөсөн. Харамсалтай нь, гал гарснаар урьдчилан тооцоогүй асуудал үүссэн тул энэ оны төгсгөл хүртэл хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” хэмээн ярьж, олныг гайхшируулав. Гурван жил сайд хийж буй салбартаа ямар ч ахиц гаргаж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, чаддагт нь зайгаа тавиад өгчих байтал ийм “үлгэрийн” юм яриад гудиггүй зогсож байгаа нь ичмээр.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр “Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой. Үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” хэмээн “попорч” байсан билээ. Гэвч уг станц нь ашиглалтад оруулаагүй байтал эвдэрчихэв.
Асуудлыг шийдэх хангалттай хугацаа Б.Чойжилсүрэнд, бас эрх баригч МАН-д байсан. Гэвч тэд нар өнгөрсөн хугацаанд зөвхөн олон нийтийг хуурч, тархийг нь угаахад л анхаараад, бодит асуудлуудаа огт шийдээгүйн горыг иргэд одоо амсаж байна. Хачирхалтай нь, юу ч хийж гийгүүлээгүй Б.Чойжилсүрэн хариуцлага хүлээх бус, харин ч УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ Засгийн газрын Эрчим хүчний сайдаар улиран ажиллах эрхээр шагнуулсан билээ.
“Дарга нар эрчим хүчээ экспортолно гэж ярив. Гэртээ иртэл цахилгаан тасарсан байлаа”. Олон иргэн цахим орчинд ингэж бичсэн нь эрх баригчдын пиарын цаадах бодит үнэнийг илчилсэн маш сайн жишээ боллоо. “Эрчим хүч экспортолно” гэсэн агуу санаа, суртал ухуулга, тархи угаалтаар МАН-ынхан өнгөрсөн найман жил гаруйн хугацаанд олныг хуурлаа. Тус намын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн 2.3.2-т “Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина”, 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийнх нь 2.5.6-д “Байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ”, 2.5.8-д нь “Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ” гэж тусгажээ. Ер нь мөрийн хөтөлбөртөө юу ч гэж бичиж, олныг хуурах боломжтой, уриа лоозонгийн шинжтэй заалтуудаа хэрэгжүүлэхгүй байсан ч хамаагүй, хамгийн гол нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй гэсэн үг.
Түүнчлэн дарга нарын худал яриа, популист амлалтууд улам төгсрөөд, улсын хэмжээнд 14 мега төсөл хэрэгжүүлж, нийслэл дүүжин тээвэр, метротой болно гэсэн зорилго тавиад байгаа. Харанхуй, утаатай, түгжрэлтэй, ханиад, томуу газар авсан, стресс, бухимдал дүүрэн хотод иргэд амьд үлдэхийн төлөө тэмцэж, “Ийм хүнд өвлийг үзсэнгүй” гэж халаглаж байхад эрх баригчид нь том том төсөл яриад, тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгах болсон нь олон нийтийн, ялангуяа залуусын итгэлийг алдагдуулж, урмыг нь хугалж байна.
“Яг найман жилийн өмнө Германаас ирсэн юм. Монголд болж буй элдэв эвент, хөтөлбөрт хамрагдаад, идэвхтэй амьдарсан. Эргэн тойронд л төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, старт-ап, технологи ярьсан залуучууд байлаа. Манай үеийнхэнд ирээдүйдээ итгэх итгэл найдвар өндөр байсан санагдана. Харин өнөөдөр бидэнд цахилгаан алга. Тэгээд “Сүүлийн найман жил юу болов” гэж бодлоо. Улс төрд үе солигдож, шинэ үеийн гэх тодотголтой гялгар нөхдүүд сонгууль дамнан засаг барьжээ. Энэ л үнэхээр харамсалтай. Үзэл санаа, манлайлал, арга барилын ямар ч инновацгүй шинэ үе гэж юу байх билээ. Лаа, хүжийн гэрэлд суудаг шинэ үеэр ер нь яах юм бэ” гэж нэгэн иргэн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлжээ. Бас нэг нь “Манайх бэйкери ажиллуулдаг. Өдөрт 1000-1300 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэг өглөө цахилгаан хязгаарлахад ийм хэмжээний борлуулалтын орлогоо алдана” гэсэн байна. Зөвхөн энэ хоёр иргэн бус, бараг л улс нийтээрээ эл нөхцөл байдалд санаа зовж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь гадаадаар зугаалж сураггүй болоод, эрчим хүчний салбар хариуцсан сайд Б.Чойжилсүрэн нь “үл мэдэх”-ийн дүрд тоглохоор ямар ч хүнд итгэл найдвар төрөхгүй.
М.ОЧ