“Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Эдийн засгийн яам, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт улсын хэмжээний ажлын байрны 50 хувийг бүрдүүлдэг үндэсний үйлдвэрлэгчид, татвар төлөгчид цуглав. Тэд Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн зарим зүйл, заалтыг эсэргүүцэн нэлээд ширүүн маргаан өрнүүлсэн юм. Эдийн засгийн яамныхан “Тус хэлэлцээрийг байгуулснаар 375 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг тэглэж, харилцан нийлүүлнэ” гэсэн бол дотоодын үйлдвэрлэгчид “Сүүлийн 30 жилд айлаас хүнсээ гуйхгүй болтлоо бид хөдөлмөрлөсөн, хичээсэн. Энэ хэлэлцээрээр бол хүнсний үйлдвэрүүдийг дампууруулах юм байна” хэмээн шүүмжлэв.
“Түмэн шувуут” компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр “Манай үйлдвэрээр ороод үз. Юу хийдгийг нь хар. Эдийн засгийн яамныхан үйлдвэрлэгчдийнхээ үгийг сонсохгүй байна. Монгол Улс эдийн засгийн хувьд тусгаар тогтносон байх ёстой. Манай үйлдвэр дотоодын өндөгний хэрэглээний 65 хувийг хангадаг. 2027 оноос 100 хувь хангахаар төлөвлөн ажиллаж буй. Одоогоос 12 жилийн өмнө өндөгний импортыг 15 хувийн татвартай болгосноор үндэсний үйлдвэрлэл хөгжсөн шүү дээ. Гэтэл өдгөө буцаад Оросын хараат болъё гэх юм. Монголдоо үйлдвэрлэдэг, ирээдүйд ч хийх боломжтой бараа, бүтээгдэхүүнийг Евразийн хэлэлцээрийн жагсаалтад бүү оруул. Харин сав, баглаа, боодол зэрэг материалыг импортлох хэрэгтэй” гэсэн юм.
М.ГЭГЭЭ