Зам тээврийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай транзит тээвэр, олон улсын тээвэр ложистикийн талаар ярилцлаа.
-Манай улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-2011 он хүртэл манайх 11 улстай Засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээртэй байсан. Түүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар олон улсын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, худалдаа, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, тэр дундаас Европын холбооны улсуудтай Засгийн газар хоорондын олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын Азийн авто замын сүлжээний хэлэлцээрийг амжилттай байгууллаа. Азийн авто замын сүлжээний хоёр гол босоо тэнхлэгийн замаар тээвэрлэлт хийх ажлыг эрчимтэй эхлүүлсэн. Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн 970 орчим км авто замаар голчлон олон улсын тээвэрлэлт хийгдэж байна. 2022 онд Азийн авто замын сүлжээний 745 км баруун босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор гурван улсаас туршилтын тээвэр хийсэн. Үүгээр дамжин өнгөрөх олон улсын тээвэр хийгдэж байна. Бид өнөөдөр 17 улстай авто тээврийн харилцааны хэлэлцээрийг байгуулаад байна. Зөвшөөрөл солилцох хүрээнд нэмээд таван улстай байгуулж, нийтдээ 22 улстай олон улсын тээвэрлэлтийг авто тээврээр гүйцэтгэж байна. Мөн Узбекстан, Тажикстан улстай албан ёсны хэлэлцээр хийгдэж байгаа. Сүүлийн үед Беларус, Казахстан зэрэг улс манайхаар дамжиж тээвэр хийх нь нэмэгдлээ. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард БНХАУ-тай хийх хэлэлцээрийг шинэчилсэн. Энэ шинэчлэлтийн үр дүнд Монгол, Хятад хоёр улсын тээвэрчид нутгийн гүн рүү тээвэр хийх нөхцөл бүрдсэн. Тус улсын нутаг дэвсгэрээр дамжаад цаашаа төв Азийн орнууд, гуравдагч улс руу дамжин тээвэр хийх нээлттэй хэлэлцээрийн бэлтгэл ажил хангагдсан. Ирэх оны хоёрдугаар сараас эхлээд тус улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэр хийхээр бэлтгэж байна. Энэ оны эхээр ХБНГУ-тай олон улсын авто тээврийн хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн үр дүнд Европын холбооны улсуудтай тээвэрлэлт хийх боломжийг бүрдүүлэх юм.
-Сүүлийн жилүүдэд төрийн тэргүүнүүдийн айлчлалаар хөндөгдөж буй чухал асуудлын нэг нь транзит тээвэр ложистикийг хөгжүүлэх, бүс нутаг дахь хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Аравдугаар сард Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев манай улсад айлчлахдаа тээвэр ложистикийн шинэ маршрутыг бий болгох чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо албан ёсоор илэрхийлсэн. Энэ талаар тодруулна уу?
-Казахстан Улстай Оросоор ч, Хятадаар ч дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх бүх бололцоог бид бүрдүүлсэн. Хойд талаараа ОХУ-аар дамжин Казахстан руу орно. Мөн БНХАУ-ын шинэчлэгдсэн хэлэлцээр ирэх оны хоёрдугаар сараас хэрэгжээд эхлэх юм. Энэ хүрээнд урдуураа тус улс руу дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх асуудлаар хамтарсан судалгаа хийж, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь дэд бүтцийн хувьд бүрэн боломжтой. Мөн тус улсаас баруун бүсийн чиглэл, Баян-Өлгий аймгийн Даянгийн боомтоор дамжин өнгөрөх тээврийн шинэ маршрут нэмж гаргах санал тавьсан. Одоогоор дэд бүтцийн хувьд хангалтгүй учраас энэ санал судалгааны түвшинд яригдаж байна. Сүүлийн жилүүдэд гадаад нөхцөл байдлаас болж дамжин өнгөрөх тээвэр нэлээн багассан. Гэхдээ ОХУ-ын төрийн тэргүүн, холбогдох яамдын удирдлагууд манай улсын саналыг нааштайгаар дэмжин ажиллаж байгаа.
-Цаашид гарах үр дүнг хэрхэн тооцож байна вэ?
-Сүүлийн үед нэлээн ач холбогдолтой хэлэлцээр байгуулж байгаагийн нэг нь Хятадтай хийсэн хэлэлцээр. Тус улсын нутаг дэвсгэрээр дамжин, нутгийн гүн рүү Монголын тээвэрчид очиж, гуравдагч улс Вьетнам, Киргизстан, Казахстан руу гарах, цаашлаад далайн боомтууд руу тээвэрлэлт хийх юм. Монгол Улс нийтдээ далайн долоон боомттой хэлэлцээр байгуулсан. Эдгээр боомт дээр Монголын тээвэрчид очоод ачаа бараагаа тээвэрлэх нөхцөл бүрдэх юм. Одоогоор олон улсын авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд БНХАУ-тай долоон төрлийн зөвшөөрлийн бичиг солилцоод явж байгаа. Ачаа тээвэр дээр аюултай C, D ачаа тээврийн зөвшөөрөл гэж солилцдог. Мөн ХБНГУ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тус улсаас цаашаа бас далайн боомтууд руу гарах буюу Европын хилийн боомтууд руу хүрэх боломжтой юм. Ингэснээр Монголын тээвэрчид олон улсад гарах боломжийг бүрдүүлж байгаа.
-Манай улс транзит тээврийн газар зүйн байршлын хувьд боломж ихтэй. Гэвч бодит байдал дээр хэрэгжилт нь маш муу байгаа гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Энэ талаарх таны байр суурь?
-Ерөнхийдөө манайд транзит тээврийн хүрээ бага. БНХАУ-тай хийж байгаа хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байгаа учраас Хятадын нутаг дэвсгэрээр тойроод Манжуураар гараад явдаг. Урдуураа Казахстанаар дамжаад Европын холбооны улс руу гардаг. ОХУ-аар дамжаад мөн Европын холбооны улсаар гараад явчихдаг. Транзит тээвэр Монгол Улсыг тойроод байдаг нь үнэн. Тэгэхээр бид өөрсдийнхөө эрх зүйн орчин, дэд бүтцийг сайжруулж байж олон улсын тээвэрлэгчдийг дотоодын транзит тээврээрээ явуулах асуудлыг хөндөнө. Мөн транзит тээврээс олох орлого одоогийн байдлаар эрх зүйн хувьд манай улсын эдийн засагт өндөр ач холбогдол өгөхөөр дүр зураг харагдахгүй байгаа. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны тавдугаар сард транзит тээвэртэй холбоотой төлбөр хураамжийн асуудлыг дэвшүүлсэн. Цаашид энэ тээвэр нэмэгдэхээр улсын төсөв, авто замын чиглэлд багагүй хэмжээний төсөв төвлөрүүлээд, түүгээрээ дэд бүтцээ сайжруулахаар төлөвлөж байгаа.
-Зам тээврийн яамнаас Авто тээврийн салбарт энэ онд ямар ажлууд хийв?
- Дамжин өнгөрүүлэх тээврийг хөгжүүлэхэд хамгийн чухал ажил дэд бүтцийн асуудал. Сүүлийн жилүүдэд авто замын ажлууд нэлээд хийгдэж байна. 2022 онд баруун босоо тэнхлэгийн 745 км замд барилгын ажил хийгдээд бэлэн болсон. Одоо 970 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил хэсэгчлээд явж байгаа. Улаанбаатар, Дархан чиглэлийн 204 км зам удахгүй бүрэн ашиглалтад орчих байх. Үргэлжлээд Дархан, Алтанбулагийн чиглэлийн 113 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ. Олон улсын шинж чанартай замыг өргөжүүлэх, шинэчлэх засварлах, аймгийн төвүүдийг сумын төвтэй холбох Таван тойрог хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөн хил холболтын төмөр замын асуудлууд нааштайгаар шийдэгдээд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Мөн олон улсын тээвэр ложистикийн төвүүдийг байгуулах төслийн төлөвлөлтийг хийж байгаа. Эхний ээлжид Замын-Үүдэд бүсийн тээвэр ложистикийн төв байгуулаад байна. Цаашид ачаа тээвэр ирэх боломжтой газруудыг бүсчлээд Алтанбулаг, Чойбалсан, Ховд, Чойрт орон нутгийн тээвэр ложистикийн төвүүдийг байгуулах юм.
-Олон улсын хэмжээний хэлэлцээр хийх үеэр манайд ямар саналыг түлхүү тавьдаг вэ?
-Олон улсын тээврийн байгууллагуудаас дэд бүтцийн асуудлыг хамгийн эхэнд тавьдаг. Манайд олон улсын шинж чанартай 7500 орчим км авто зам байгаа. Дээр нь Азийн Авто замын сүлжээний H3, H4 гэсэн хоёр гол тэнхлэгээр олон улсын тээвэрлэлт хийгддэг. Энэ чиглэлд авто зам дагуу үйлчилгээний асуудал дутмаг, одоогоор манайд сайн хөгжөөгүй байна. Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 970 орчим км зам дагуух худалдаа үйлчилгээний төв, авто засварын газар, олон улсын тээвэрчид орой үдэш хоноглоод явах тухтай буудал, цайны газар байх ёстой. Энэ үйлчилгээний цогцолборууд сайн хөгжөөгүй учраас дэд бүтцийн асуудал дутмаг. 2020-2024 болон 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр зам дагуух үйлчилгээний цогцолборыг бий болгох чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарч ажиллах төслийг хэрэгжүүлээд улсын хэмжээнд нийтдээ 27 байршилд 18 аж ахуйн нэгж байгууллага стандарт үйлчилгээний цогцолборыг байгуулахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулаад зарим төсөл нь хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг тавьдаг. Монгол Улсад сүүлийн үеийн статистик мэдээллээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын улмаас жилд 530 орчим хүн амь насаа алдаж байна. Энэ тоо ерөөсөө буурахгүй байна. Нийт ослын шалтгааны 80 хувь нь орон нутгийн буюу олон улсын чанартай замд гардаг. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой гэсэн саналыг харилцан хөнддөг.
-Манай улсын тээврийн хэрэгсэл олон улсын стандартын шаардлагад хэр нийцдэг бол?
-Сүүлийн жилүүдэд Европын холбооны улстай байгуулж буй хэлэлцээрүүдэд экологийн чанар, аюулгүй байдлыг тавьдаг болсон. ХБНГУ евро 4-өөс дээш хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг л олон улсын тээвэртээ хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн БНХАУ-ын дотоодын стандартууд байгаа. Үүнд экологийн чанарын стандартыг маш өндөрт тавьдаг. Ялангуяа евро 4, 5-аас дээш хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг дотоодын тээвэрлэлтэд оролцуулах асуудлыг хөндөж байгаа. Монголын тээвэрчид ч мөн адил ойрын 2-3 жилдээ энэ чиглэл рүү орохгүй бол олон улсын тээвэрлэлтэд шахагдах нөхцөл үүсэх юм. Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоонд бүртгэлтэй 16 орчим аж ахуйн нэгж бий. Эдгээрийн 700 орчим тээврийн хэрэгсэл олон улсын тээвэрлэлт гүйцэтгэдэг. Тээврийн хэрэгслийн 80 хувь нь евро 4-өөс доош хөдөлгүүртэй. Олон улсын экологийн стандарт шаардлагын хүрээнд манайх арай хүрэхгүй байгаа. Тиймээс бид Европын холбооны томоохон машин үйлдвэрлэгчидтэй холбогдож, парк шинэчлэлтийн чиглэлээр Монголын тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар хэлэлцээр хийж байгаа.
-Гол сүлжээ замуудын засвар, шинэчлэлтийн ажил хэр байгаа вэ?
-Тодорхой ажлууд хийгдэж байгаа. Сүүлд баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсон. Шинэчлэлийн ажлын хүрээнд өндөр зэрэглэлийн шинэ технологиудыг шингээсэн Замын-Үүд, Алтанбулаг чиглэлийн 1031 км замыг бүгдийг нь дөрвөн эгнээ болгох, даацыг нь нэмэгдүүлэх, аюулгүй байдлын хяналтын системийг иж бүрнээр нь суурилуулах зэрэг төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн төв зам Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг. Энэ урсгалыг бас тойруулаад Хөшигийн хөндийгөөр тавихаар замын зарим зураг төсөл эхнээсээ гарч байгаа.
-Шинээр ямар орнуудтай хэлэлцээр хийхээр яригдаж байгаа бол?
-Цаашид Болгар, Франц, Хорват, Австри зэрэг 10 орчим улстай хэлэлцээр хийхээр тохирч, заримтай нь ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Зам тээврийн яамнаас Монголын тээвэрчид Европын холбооны улсуудад тээвэр хийх, энэ чиглэлийн гэрээ, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах юм. Үүнээс гадна Европын улсууд руу явахад даатгалын асуудал нэлээд хөндөгддөг. Манайхаас Европын холбооны ногоон даатгалын системд нэгдэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Мөн Монгол Улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулан хамтран ажиллаж байна.