Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 11 сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 28.7 хувиар өссөн байна. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийнх өнгөрсөн жилийнхээс 26 хувиар өсөн 26.1 их наяд төгрөг болжээ. Мөнгөний нийлүүлэлт энэ хугацаанд 17.2 хувиар нэмэгдэж, урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрэхэд иргэдийн харилцах данс, хадгаламж дахь мөнгөний хэмжээ 30-аас дээш хувиар өссөн нь нөлөөлсөн аж. Тодруулбал, хадгаламжийн орлого 32.5 хувиар өсөн 5.2, харилцах дансных 36.2 хувиар нэмэгдэн 2.6 их наяд болсон байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгөөр өссөн дүн гэнэ. Үүнд уул уурхай, олборлох салбарын орлого 7.8, цахилгаан хий, уур, агааржуулалтын үйлдвэрлэлийнх 7.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Н.Мишээл