УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү таван сарын турш үргэлжилж, парламентад томоохон сорилт болсон төсвийн хэлэлцүүлэг шувтрав. Анх удаа УИХ ирэх оны төсвөө хоёр удаа эхнээс нь хэлэлцэн баталсан нь энэ. Хугацаа сунган байж хэлэлцсэний дүнд УИХ үр ашиггүй зардлуудыг аль болох танаж, усыг нь шахах гэж хичээжээ. Засгийн газраас төсвийг дахин оруулж ирэхдээ орлого, зарлагын аль алийг нь 33.5 их наяд болгон тэнцүүлж, алдагдалгүй болгосон юм. Анхны хувилбараас 2.3 их наяд төгрөгийн зардал хассан. Гэвч үүнийг урсгал зардлаас 30, хөрөнгө оруулалтаас 70 хувиар танаж, үр ашигтай байх зарчмыг эвдлээ, нийт орлогын 95 хувийг татвараас бүрдүүлж, хувийн хэвшлийнхэнд дарамт үүсгэх нь хэмээн УИХ дахь АН-ын бүлгийнхэн үзэж байлаа. Төрийн данхар бүтэц, орон тооноос ч хасах боломжтой байсан гэж тэд үзсэн юм.
Төсвийн байнгын хорооноос байгуулсан Г.Тэмүүлэн ахлагчтай 26 гишүүнээс бүрдсэн ажлын хэсгийнхэн нэлээд зардлыг танаж, мөн зарим сайдын багцыг нэмжээ. Ирэх онд төрийн албан хаагчдын орон тоог 3600-гаар нэмэхээр төсөлд тусгасныг тэд 1200 болгон бууруулсан байна.
Гомдол, лобби, хардлага
Засгийн газраас төсвийг дахин өргөн барихдаа хөрөнгө оруулалтын зардлаас 800, гадаад зээлийн ашиглалтаас 700, урсгал зардлаас 700 тэрбум төгрөг танасан. Хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тодорхой зардлуудыг 50 хувиар бууруулсан билээ. Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг тэгшитгэн 10 хувиар хассан юм. Ажлын хэсгийнхэн зарим зардлыг хасаж, өөрчилжээ. Тэд ирэх онд нийт 13 байгууллагын шинээр нэмэх орон тоог хассанаар 40.6 тэрбум төгрөг хэмнэх санал оруулж ирсэн юм. Мөн бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлаас 11.5, Эрчим хүчний реформын үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны зардлаас ес, ХЗДХ-ийн сайдын дэргэдэх Архидан согтуурахтай тэмцэх сангаас 6.9 зэргээр нийт 30 тэрбум төгрөг төгрөг хэмнэе гэв. Хууль зүйн салбар хэмнэлтэд хамгийн их “хэлмэгдсэн” мэт дүр зураг тэдний саналаас харагдаж буй. Тиймээс ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл гомджээ. Тэрбээр “Улаанбаатарын замын түгжрэлийг зохицуулж ажиллах 160 орон тооноос 50 хувийг нь хасчихаж. Та нар өөрсдөө зам дээр зогсож, зохицуулалт хийх үү. Цагдаагийн байгууллагад 6000 орон тоо дутуу байна. Үүнийг ядаж 2000-аар нэмэх санал оруултал ажлын хэсгийнхэн талыг нь хаслаа. Угаас орон тоо, хүч нь хүрэхгүй байгаа салбараас биш, өөр олон үргүй зардлаасаа хас л даа” гэсэн юм. Аймгуудын ундны усны хамгаалалтад зогсох дотоодын цэргийн орон тоог цөөрүүллээ, орон нутгийн иргэдийн аюулгүй байдалд нөлөөлнө гэж гишүүн П.Сайнзориг үзэв. Тэгвэл ажлын хэсгийн ахдагч Г.Тэмүүлэн “Төрийн байгууллагуудын орон тоо энэ оныхоосоо өөрчлөгдөхгүй. Ажлын хэсэг зөвхөн ирэх онд шинээр нэмэх орон тооноос хэмнэх нь зөв гэж үзсэн. Төрийн албан хаагчдын тоог нэг жилд 3600-гаар нэмэх нь буруу. Гэхдээ хууль зүй зэрэг зайлшгүй шаардлагатай салбарт оруулж ирсэн саналынх нь 50 хувийг үлдээсэн” гэсэн тайлбар хэлэв. Архидан согтуурахтай тэмцэх сангаас 6.9 тэрбум төгрөг хасна гэснийг сайд нь “Энэ тусгай хуультай, хувийн хэвшлүүдээс санхүүжүүлдэг сан. Үүнийг хасаад зориулалтыг нь өөрчилбөл хууль зөрчинө” хэмээн сануулсан.
Эрчим хүчний реформ хийх нэрээр есөн тэрбум төгрөгийг мэдээлэл, сурталчилгаанд зарцуулах гэж буйг олон нийт шүүмжилсэн. Шадар сайд Т.Доржханд “Анх олон нийттэй харилцах ажилд 10 тэрбум төгрөг гэж Сангийн яаманд санал өгсөн нь үнэн. Гэхдээ өнгөрсөн хоёр сард бид зардлын задаргаагаа өөрчилсөн. Мэдээлэл, сурталчилгаанд 500 сая төгрөг л зарцуулна. Бусдыг нь үйл ажиллагаанд зориулна” хэмээн тайлбарласан ч ийм дураараа зүйл байж болохгүйг ажлын хэсгийнхэн сануулсан. УИХ-аар үүнийг дэмжсэнээр дээрх зардлыг хассан юм.
Хамтарсан Засгийн газрын хамгийн “үйлийн үр”-тэй сайд болох Ч.Номин дахин анхаарлын төвд өртлөө. Түүний багц дахь соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх эрхийн бичгийн 18.3 тэрбум төгрөгийн зардлыг дахин боловсруулсан төсвөөс 100 хувь хассан. Гэвч үүнтэй холбогдуулан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих болон Соёлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох санал оруулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүнийг Ч.Номин сайдын лобби хэмээн хардав. Хуулийн заалт хүчинтэй үлдсэн ч зардал нь хасагдсан хэвээр, гэхдээ дараа дараагийн жилүүдийн төсөвт оруулах боломж нь нээлттэй үлдэж буй юм. Үүнээс гадна төсвийн өөрчлөлттэй холбогдуулан Засгийн газрын тусгай сан болох Кино урлагийг дэмжих болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих санг татан буулгахаар тусгасан байна. Энэ үеэр ССАЖЗ-ын сайд Ч.Номин сангуудаа авч үлдэх тайлбар хийх гэж байгаад үгэндээ унав. Тэрбээр “Кино урлагийн сангаар дамжуулан монгол контентоо дэлхийд таниулах боломж бүрддэг. Өнгөрсөн хугацаанд “Баавгай болох сон”, “Сэр сэр салхи”, “Чимээгүй хотын жолооч” зэрэг киноны зардлын 30 хувийг тус сангаас санхүүжүүлж, олон улсын зах зээлд гарахад нь дэмжсэн. Уг санг татан буулгавал энэ бүх ажил зогсоно” хэмээн ярьсан юм. Гэтэл “Баавгай болох сон” киноны уран бүтээлчид “Бид уг сангаас нэг ч төгрөг аваагүй” хэмээн мэдэгдэх нь тэр. Ингээд “Улайх ч үгүй худал ярьдаг, хариуцлагагүй сайд Ч.Номинг огцруул” гэсэн бухимдал нийгмийн сүлжээнд хөвөрсөн. Ямартай ч Кино урлагийг дэмжих санг хэвээр үлдээж, ингэхдээ улсын төсвөөс бус, өөрсдөө санхүүжилтээ босгож байхаар боллоо.
Ажлын хэсгийнхэн төсвийг хасахаас гадна тэр хэрээрээ нэмж, тэнцүүлэх үүрэгтэй. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн барилгын төсвийг нэмж, дийлэхгүй байгаа ачааллыг хуваалцах зорилгоор объект түрээслэх, үүний зардалд 17 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Хэний эмнэлгийг яагаад 17 тэрбум төгрөгөөр түрээслэх гээд байна вэ гэж хардах гишүүд ч гарсан. Мөн сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд зориулан Боловсролын сайдын багцад 41.4 тэрбум төгрөг нэмжээ. Эдгээр саналыг УИХ дэмжив.
“Гишүүдийг дарамтлахаа боль”
Төсвийн хэлэлцүүлэг дууссан ч санал хураах төхөөрөмжтэй холбоотой маргаан мөд зогсохгүй нь бололтой. Төхөөрөмж ажилласангүй, болохгүй байна, саналаа өгч чадсангүй гэсэн гомдол төсвийн хэлэлцүүлгийн үеэр тасарсангүй. Улмаар Ж.Баярмаа гишүүн УИХ-ын даргатайгаа муудалцаад авав. Лхагва гаргийн чуулганы үеэр гишүүн Б.Мөнхсоёл “Төхөөрөмжид асуудал байна, үүнтэй яаж ажиллахаа би сайн мэднэ. Эхэндээ зүгээр байсан ч сүүлдээ ажиллахаа больчихлоо. Ер нь үе үе ингэдэг, миний саналаар дутахгүй байх гээд чимээгүй өнгөрөөх үе олон ч дандаа орхиж боломгүй” гэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хажууд чинь зогсож байгаа техникийн албаны ажилтан таны төхөөрөмжийг зүгээр гэж хэллээ. Гишүүд хуруугаа уншуулаад, санал хураалтад хариуцлагатай оролц” гэв. Гишүүн Ж.Баярмаа “Энэ хавиар ч бас төхөөрөмж ажиллахгүй байна. Заримдаа гишүүд хоцрох, түрүүлэх байдлаар саналаа буруу өгснөөр асуудал гардаг. Гэхдээ зөв дарсан ч ажилладаггүй үе олон. Сүүлдээ гишүүд бодит санал өгөх боломж хаагдах боллоо. Та төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй байж элдэв асуудал үүсгэлээ гэж дарамталмааргүй байна. Дарамтлаад байхаар чинь гишүүд айж, ичиж, хэл ам хийгээд яах вэ гээд өнгөрөөж байна” гэсэн юм. УИХ-ын дарга “Парламентын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Гишүүн өөрөө хариуцлагатайгаар хандсан нөхцөлд төхөөрөмж зүгээр ажиллаж байгаа гэсэн дүгнэлтийг ТЕГ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргаснаа ирүүлсэн. Хувь гишүүний асуудлыг УИХ-ын нийт үйл ажиллагаатай холбохгүй байхыг хүсье. Та ихэнхдээ эсрэг байр суурь илэрхийлж, санал хураах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй. Тиймээс зарим зүйлд дэмжих гээд санал өгөхдөө буруу зөрүү дараад байгаа болов уу. Эсрэг байр суурьтай гээд төхөөрөмжтэй харьцахгүй суугаад байлгүй, “үгүй”, “зөвшөөрөхгүй” гэдэг товчлуураа дарж бай. Гишүүдэд төхөөрөмжтэй харилцах дадал суугаагүй байна. Санал хураахад нийт 15 секунд байдаг. Нэг удаа дарахад гурван секунд зарцуулах учир буруудвал дахин гурван удаа оролдох боломжтой. Төхөөрөмжтэйгөө зав харьцахыг уриалъя. Уриалъя гэж хэлэхгүй бол дарамталлаа гээд байх юм” гэсэн. Ингээд микрофон хаагдсан учраас Ж.Баярмаа хариугаа цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр “УИХ-ын дарга бол бидний дарга биш. Чуулганы эхний өдрөөс одоо хүртэл асуудал дагуулж буй төхөөрөмжөө өмөөрөөд, гишүүнийг тэнэг мэт ойлгуулж, дарамталж айлгаад суух чиг үүрэг байхгүй болов уу” гэжээ.
Зарим үед өнөөх төхөөрөмж нь үнэхээр ажиллахгүй, эсвэл онцгой үеүдэд ажиллуулахгүй ч байгаа юм уу. Юутай ч будилж, будилуулсаар парламент төсвөө хэлэлцэж, 90 гишүүн буюу 81.8 хувийн саналаар эцэслэн батлав. Одоо нутгийн өөрөө удирдах байгууллагууд төсвөө батлахад шуурхайлах үлдлээ.