Худалдаа, хөрөнгө оруулалтын “Mongolian growth” форумыг Засгийн газраас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Төрийн худалдан авах ажиллагааны, Хөрөнгө оруулалтын, Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал, гадаад худалдааны реформын хүрээнд хийхээр төлөвлөж буй санал, санаачилгуудыг Шадар сайдын ажлын албаны мэргэжилтнүүд, хуулийн төслийн багийнхан танилцуулсан. Форумд Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн төлөөлөл, судлаач, эдийн засагч нийлсэн 200 гаруй хүн оролцсон юм.
Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахтай холбоотойгоор холбогдох хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон өөрчилж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд давуу тал олгох, урамшуулах зохицуулалтуудыг түлхүү оруулан, тогтвортой, тэгш шударга, ойлгомжтой, таамаглахуйц, шуурхай, цахимд тулгуурласан, саад тотгор учруулдаггүй байх зарчимд үндэслэсэн бодлогуудыг тусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл хэмээн өөрчилж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг бүтэц бий болгох гэнэ.
Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчилж, Худалдааны хуулийг батлуулах, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр манай улсад олгогдсон боломжийг бүрэн ашиглаж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, гадаад худалдааны эрсдэл, саад тотгорыг бууруулах зорилт тавьсан. Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Эдгээр зорилтыг хангахын тулд хөгжиж буй орнуудын жишгээр гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тусгай хуультай болох шаардлагатайг албаны хүмүүс форумын үеэр дурдлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ч шинэчлэн боловсруулж байгаа гэв. Үүнтэй холбоотой хууль, эрх зүй, бодлогын шинэчлэлийн ажлыг Шадар сайд Т.Доржхандын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хариуцаж байна.
Н.МИШЭЭЛ