Усархаг аадар бороо орж, аянга буух үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй билээ. Үүнд хүн, мал өртөх тохиолдол ч цөөнгүй гарсан. Үүнтэй холбогдуулан газар зүйн ухааны доктор Х.Хангайсайхантай ярилцлаа. Тэрбээр Монголд анх удаа үүлний судалгаагаар докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Х.Хангайсайхан нь Украины Одесса хотын Ус, цаг уурын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимд нислэгийн цаг уур, радиолокацийн цаг уур, цаг агаарын үзэгдэл, процесст нөлөөлөх физик үндэс, цаг уурын багажийн хэмжилт зэрэг сэдвээр хичээл зааж байсан, арвин туршлагатай нэгэн юм.
-Юуны өмнө аянга гэж ямар үзэгдэл болох талаар тайлбарлахгүй юу?
-Байгалийн аянга цахилгаан нь борооны бөөн үүлтэй холбоотой юм. Борооны бөөн үүл нь мөсөн талст, усан дуслаас тогтож, улмаар өгсөх урсгал явагддаг. Үүний нөлөөгөөр усан дусал болон мөсөн талстууд хоорондоо хавиралдаж, цахилгаанжилт үүснэ. Ингэхдээ үүлэн дотор, үүлсийн хооронд болон газар, үүлний хооронд ажиглагддаг үзэгдэл. Эдгээрээс газар, үүлний хооронд болдог ниргэлт нь хүн, мал, байгальд хамгийн аюултай. Газар нь нэмэх, үүлний сууриуд нь хасах цэнэгтэй. Тэгэхээр гол суваг дотор аянга цахилгааны цэнэгийн харилцан ниргэлт болно гэсэн үг. Улмаар суваг тэлж, маш чанга дуу гардаг. Өөрөөр хэлбэл, аянга нь цахилгаан болон гэрлийн хосолсон үзэгдэл юм. Аянга 0.2-0.3 секундийн хугацаанд үргэлжилдэг. Ингэхдээ 2-3, зарим тохиолдолд 20 км, түүнээс ч их хурдтай зурвасыг хамарч, гүйдлийн хүч нь хэдэн арван мянган ампер давна. Улмаар замд тааралдсан бүхнийг шатааж, дэлбэлэн, эвдлэн сүйтгэдэг.
Энэ жил манай оронд хур бороо ихтэй зун боллоо. Тиймээс хот, суурин газрын барилга байшин, мал, амьтад аянгад өртөх нь нэмэгдсэн. Хүмүүс ч аянгад ниргүүлж, амиа алдлаа. Манай орны нөхцөлд аянга хамгийн эртдээ дөрөвдүгээр сард эхэлж, хамгийн оройдоо аравдугаар сард дуусдаг. Ингэхдээ 12.00-18.00 цагийн хооронд голчлон ажиглагддаг гэх судалгаа бий. Тэгэхээр аянгын улирал хараахан дуусаагүй гэсэн үг. Энэ зуны аянгын идэвхтэй үе эхэлж, мал олноор үрэгдэх тохиолдол гарсаар л байгаа шүү дээ. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард Хөвсгөл аймагт айлын гэр дээр аянга бууж, гэрийн эзэгтэй амиа алдаж, хүү нь гэмтсэн. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн Их уул цэргийн хүрээ, Хонин цохио гэх газар долоодугаар сарын 29-нд аянга бууж, 17 бог мал өртлөө. Мөн өнгөрсөн сарын 8-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөндий бор хошуу гэх газар аянга бууж, хоёр малчин, 510 гаруй бог мал эндсэн. Маш аймшигтай явдал боллоо. Ер нь шөнийн цагаар аянга буух нь дээд зэргээр хөгжсөн, олон голомттой борооны бөөн үүл, хийн мандлын фронтын үүлтэй холбоотой юм. Олон голомтот ийм үүлнээс ихэнхдээ удаан хугацаанд үргэлжлэх эрчимтэй аадар, мөндөр орж, угсраа аянга цахилгаан цахих нь түгээмэл. Тус аймгийн Хужирт сум нь манай орны аянга цахилгааны хамгийн их давталттай хоёр газрын нэг юм.
-Сүүлийн жилүүдэд усархаг аадар бороо орох нь нэмэгдсэн шүү дээ. Энэ юутай холбоотой бол?
-Дэлхий дахинд, тэр дундаа манай оронд уур амьсгал нэлээд өөрчлөгдөж, дулаарах хандлагатай байна. Монгол орны уур амьсгалын дундаж сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.1 градусаар нэмэгдсэн. Дулаарч байна гэдэг нь зуны улиралд газрын гадаргаас дээш ус чийг ууршиж, тэр нь борооны бөөн үүл болон хөгжиж буй үйл явц юм. Борооны бөөн үүл нь усан дусал, мөсөл талстаас бүрддэг, байгаль, цаг уурын объект. Зуны улиралд 12.00-18.00 цагт борооны бөөн үүл хөгжих магадлал хамгийн өндөр гэж үздэг. Ялангуяа зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл энэ үзэгдэл эрчимждэг онцлогтой. Борооны бөөн үүлийг дотор нь нэг, олон, хэт их голомтот гэж ангилдаг. Олон голомтот борооны бөөн үүлнээс үүдэн аянга цахилгаан цахиж болно. Эдгээрээс хамгийн аюултай нь хэт их голомтот борооны бөөн үүл юм. Энэ үед аянга цахилгаан цахиж, манайхны хэлж заншсанаар торнадо буюу догшин хуй үүснэ. Монгол орны хувьд нэг болон олон голомтот борооны бөөн үүл хөгждөг. Үүнээс гадна фронтын үүл гэж бий. Хоёр өөр агаарын заагийг агаар мандлын фронт гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, халуун, хүйтэн агаарын заагт ийм үүл их хөгждөг гэсэн үг. Төвийн нутгийн хувьд аянга цахилгаантай борооны бөөн үүлний орой хүртэлх дундаж өндөр нь 8.5, хамгийн их нь 11.2, хамгийн бага нь 6.9 км. Энэ үед аянга цахилгаан ажиглагддаг гэсэн үг. Харин торнадо буюу догшин хуй болоход хүргэдэг хүчтэй аадар, мөндрийн үүлний хамгийн их өндөр нь 14.5 км-т хүрдгийг радиолокаторын ажиглалтаар тогтоосон.
-Аянгын давтамж ойртож хүн, мал үүнд өртөх боллоо. Саяхан нэг айлын 500 гаруй бог мал аянгад өртөж хорогдлоо. Яагаад аянгын давтамж ойртоод байна вэ. Байгаль, цаг уур, эсвэл хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна уу?
-Дээр дурдсанчлан манай оронд дулаарал эрчимтэй явагдаж буй. Үүл тунадасны өөрчлөлтөд орж, дулааны улиралд их хөгжиж байна. Үүл хөгжих нөхцөл бүрдсэнээр аянга буух нь нэмэгдэнэ гэсэн үг. Борооны бөөн үүлнээс хүчтэй аадар бороо, мөндөр орох үед дагалдах аянга цахилгааны үзэгдлийн хүн, нийгэмд үзүүлэх нөлөө нэмэгдэнэ. Аянга цахилгаантай бороо орсон үед уул толгод, хөдөө хээр, гол ус, нуурын хавь, ой модонд яваа, тэр бүү хэл нийслэл хотын хороололд, гэр орондоо ч тухлан, зурагт үзэж, утсаар ярьж байгаа хүмүүс ч аянгад өртөх тохиолдол цөөнгүй байна. Хүн, амьтан дээр буусан шууд аянга үхлийн аюул учруулдаг. Аянгын хэт хүчдэл нь эрчим хүч, холбооны шугамаар дамжин гэр, байшин доторх цахилгааны хэлхээ, багаж төхөөрөмж, утсанд орж сүйтгэн, улмаар хүний аминд хүрдэг.
-Манайд ийм олон хүн, мал аянгад өртсөн тохиолдол урьд нь гарч байв уу. Ер нь газар зүйн байршлын хувьд хаана аянга буух нь түгээмэл ажиглагдаж байна вэ?
-Ийм олноороо өртөж, үрэгдсэн тохиолдол ховор. Манай орны хувьд аянгатай өдрийн тоо харьцангуй цөөн. Газрын гадаргаас хамаарч аянга нь нийт нутгаар харилцан адилгүй буудаг юм. Хангай, Хэнтийн уулархаг нутагт жилд дунджаар 25-36 өдөр аянгатай байна. Энэ бүсээс холдох тусам аянгатай өдрийн тоо цөөрч, тал хээрийн бүсэд 15-25 болдог. Ийм маягаар бүхий л нутгийн хэмжээнд нэгтгэсэн судалгааны үр дүн бий. Хэнтийн Дадал, Өвөрхангайн Хужирт сумын нутагт аянга хамгийн их давтагддаг юм. Харин Их нуурын хотгор буюу манай орны өмнөд хэсэгт аянгын үзэгдэл хамгийн бага тохиолддог.
-Аянга буух үзэгдэл ер нь дэлхий дахинд ихсээд байна уу, эсвэл зөвхөн Монголд л нэмэгдэв үү?
-Манай гарагт жилд дунджаар 3.1 тэрбум орчим аянга цахилгааны үзэгдэл ажиглагддаг. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд секундэд зургаагаас доошгүй удаа цахилгаан цахина гэсэн үг. Аянгад хамгийн их нэрвэгддэг газарт Өмнөд Африк, Бангладеш, Малайз зэрэг улс багтдаг. Тухайлбал, Өмнөд Африк нь аянгын нийслэл хэмээн алдаршсан улс. Тус улсад жил бүр 500 орчим хүн аянгад цохиулж амиа алддаг. 1000 гаруй хүн бэртэж гэмтдэг гэх судалгаа бий. Харин аянгын хамгийн их давтамжтай газар бол Индонезийн Яава арал юм. Тэнд жилийн 320 гаруй хоног аянга ажиглагддаг. Ер нь далай, тэнгист бус, эх газарт аянга буух нь түгээмэл ажиглагддаг.
-Та мэргэжлийн хүний үүднээс аянга буух үед баримтлах аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөхгүй юү. Хот, суурины хүмүүс болон төвөөс алслагдсан хөдөөнийхөн аянга буух үзэгдлээс хэрхэн өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалах вэ?
-Манай орны нөхцөлд өндөрлөг газар аянга буух нь түгээмэл. Тиймээс малчид гэрээ өндөрлөг газар бус, уулын хормойд барих нь зөв. Эрт дээр үеэс бидний эцэг өвгөд үүнийг маш сайн мэддэг байж. Аянга буух магадлалтай газар, эсвэл үерийн аманд буудаггүйг амьдралынхаа туршлагаар мэддэг байсан. Харин сүүлийн үед хүмүүс ийм газар гэрээ барьж, улмаар аянгад өртөх нь түгээмэл болжээ. Үүнээс гадна ахуйн зарим зүйлс аянга буухад нөлөөлж байна. Жишээлбэл, антен босгох нь элбэг болсон. Мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд, 1055 хүний 225 нь шууд аянгад, 392 нь байшин барилга дотор байхдаа, 188 нь ойролцоох ургаа модонд аянга буухад, 20 нь холбооны шугамаар дамжсан аянгын хэт хүчдэлийн нөлөөнөөс болж ийм аюулд өртжээ. Тэгэхээр иргэд, ялангуяа хүүхэд, залуучууд хүчтэй аадар бороо орж, аянга цахилгаан ажиглагдаж буй үед биеэ аюулаас хэрхэн хамгаалах талаар наад захын ойлголттой, мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай юм.
Хэрвээ таныг гэр, эсвэл ажлын байрдаа байхад чинь аянга цахилгаан нүргэлж, аадар бороо, мөндөр орвол цахилгаанаар ажиллаж буй бүх төхөөрөмжөө даруй унтраах шаардлагатай. Мөн нийтийн сүлжээ, гаднах антенаа салгаж, залгуур, унтраалга, уурын халаагуур, түүний төмөр хоолой зэргээс аль болох хол байх нь зүйтэй. Хэрэв гадаа явж байвал гар утсаар ярих хэрэггүй. Байрны цонх, салхивч, агааржуулах хоолой, хаалгаа хааж, гэр хороололд бол яндангаа буулгаж, өрхөө татах нь өрөө тасалгаа, гэрт аянгын аюултай нэг хэлбэр болох бөмбөлгөн аянга “зочлох” аюулаас сэргийлж чадна. Аянгатай үед аль тааралдсан хашаа саравч, бухалдаж нуруулдсан өвс, ганц нэгээр ургасан модны нөмөрт орох нь туйлын аюултай. Өндөрлөг зүйл дээр аянга илүү олон буудгийг санаж, аль болох хонхор газар, суваг, шуудуу, жалганд хэвтэж нуугдах хэрэгтэй. Түүнчлэн биеэсээ металл эдлэлийг тусгаарлах нь зүйтэй. Хаа нэгтээ нуугдаж байгаад гэнэт ил задгай талбайд гаран гүйвэл шууд л аянгад өртөхийг мартаж болохгүй. Ганц нэгээр ургасан модны дэргэд байх нь бүр ч хориотой. Иймээс аянгатай үед ургаа модноос 8-10 метрээс багагүй зайд нам сууж, хэвтэж өнгөрөөх нь зөв. Хэрэв ойд яваа бол аянга нүргэлж эхлэхээс өмнө ойн цоорхойд гарч хэвтэх нь зүйтэй. Ургаа модон дээр 100 удаа аянга буудаг гэж үзвэл түүний 54 нь царс, 24 нь улиас, 10 нь гацуур, зургаа нь нарс, гурав нь эвэрлэг мод, хоёр нь далдуу, нэг нь хуайст оногддогийг тогтоосон. Тэгэхээр гэр, байшингаа царс модтой ойр барих нь аянга цахилгааны нөлөөнд өртөх аюултай гэсэн үг.
Дугуй, мотоцикл, задгай машинаар явах нь бүр ч аюултай. Машинтай явж байвал хурдаа хасах юм уу, ургаа мод, өндөр хүчдэл, холбооны шугам, шонгоос хол зогсох шаардлагатай. Тиймээс машинаа нам дор газар зогсоож, бүх цонхоо хаагаад аянга цахиж дуусахыг хүлээх нь зүйтэй. Ингэвэл аюул харьцангуй бага. Хөдөө хонь малд яваа бол, малаа аль болох нам дор, жалга, судагт тараан байрлуулж, өөрөө тэднээс хол, элсгүй, хонхордуу газар хэвтэж өнгөрөөх шаардлагатай. Мал тэнгэрийн дуунаас маш их айдаг. Тиймээс тэнгэр дуугарахад хуйлраад бөөгнөрчихдөг юм. Хэрэв тал бүр лүү тарчихвал бага ниргүүлнэ шүү дээ. Ялангуяа бог мал олноороо хуйларч байгаад ниргүүлэх нь түгээмэл.
-Аянга зайлуулагч гэж байдаг юм билээ. Энэ нь үр дүнтэй арга мөн үү?
-Барилга, байгууламж, өндөр цамхаг, эрчим хүч, холбооны шугам, шатах, тэсрэх, дэлбэрэх бодисын агуулах савыг аянгаас хамгаалахын тулд гүйдлийг нь өөртөө татаж газардуулдаг төхөөрөмж болох аянга зайлуулагчийг ашигладаг. Энэ нь хүн төрөлхтний нээсэн хамгийн үр дүнтэй сэргийлэх хэрэгсэл. Аянга зайлуулагчийг найдвартай хийж, баганыг нь зөв босгож, туузан төмрүүдийг нь сайн холбож, газарт булах нь үр дүнтэй.
-Манайд аянга зайлуулагч хангалттай хүртээмжтэй байдаг болов уу?
-Байгалийн сүр хүчит үзэгдлийг бид нэгэнт дийлэхгүйгээс хойш аянга зайлуулагч зэргийг жинхэнэ ёсоор нь хийж, аянгын улирал эхлэхээс урьтаж буюу хавар, намар уг төхөөрөмжийн эсэргүүцлийг шалгуулах ёстой юм. Ийм хялбархан зүйлийг цагт нь хийвэл өөрийгөө төдийгүй, өрөөлийн амь, бас үнэт эд хөрөнгөө хамгаалж, сэргийлж чадна. Ганц объект, цомхон хураасан ачаа барааг хамгаалахад багана хэлбэрийн газардуулагч тохиромжтой. Харин цуваа байрласан барилга байгууламж, агуулах, өндөр хүчдэлийн шугамыг хамгаалахад хэц хэлбэрээр татсан газардуулагч илүү зохимжтой. Багана хэлбэрийн хамгаалагчийг 60, хэц хэлбэрийнхийг 30 метр хүртэл өндөр байхаар тооцно. Хэц маягаар татсан хамгаалагчийн шон бүрд газардуулгатай байх ёстой.
У.ЦЭЦЭГСҮРЭН