Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын жендерийн ахлах мэргэжилтэн Г.Саранзаяатай жендерт суурилсан хүчирхийлэлд нөлөөлөх гол хүчин зүйл, үүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа. Тус байгууллагынхан монгол эрчүүд голчлон ямар төрлийн хүчирхий-лэлд өртдөгийг судалсан байна.
-Жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу болох талаар мэргэжлийн хүний үүднээс тайлбарлахгүй юу. Гэр бүлийн хүчирхийлэл үүнд хамаарах уу?
-Жендерт суурилсан хүчирхийлэл нь маш өргөн хүрээний ойлголт. Чи ямар хүйстэй байхаас хамаараад хүчирхийлэлд илүүтэй өртөж болно. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл ч хамаарна. Мөн хүн худалдах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, ажлын байрны бэлгийн дарамт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг олон төрөл байдаг. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд гурван эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэх судалгаа бий.
-Энэ төрлийн хүчирхийллийн гол шалтгаан нь юу байна вэ?
-Хүчний эн тэнцвэргүй байдал. Хэн илүү хүчтэй, эрх мэдэл, давуу талтай, нийгэмд эзлэх байр суурь өндөртэй байна, тэр хэрээр хүчирхийлэл үйлдэх магадлал нь нэмэгддэг гэсэн үг. Хүчирхийлэл нь зөвхөн бие махбодоор үйлдэгддэггүй. Бэлгийн, эдийн засаг, сэтгэл санааны зэрэг олон төрлөөр илэрч болно. Ер нь энэ төрлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эцгийн эрхт ёсонд суурилан, эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү давуу байдал бий болгосноос үүдэлтэй. Жендерт суурилсан хүчирхийлэлд өртөгсдийн 90 орчим хувь нь эмэгтэйчүүд. Эцгийн эрхт ёсонд зөвхөн эмэгтэйчүүд л үр хүүхдээ харж, хоол хийх ёстой зэргээр зайлшгүй үүрэг оноочихдог. Үүнээс үүдэн хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж, өөрийн мэдэлгүй даван туулсаар явна. Ээжийгээ хүчирхийлэлд өртөхийг харж өссөн хүүхэд насанд хүрснийхээ дараа хүчирхийлэгч болох магадлал тун өндөр. Энэ нь үеийн үед хүчирхийлэл давтагдах шалтгаан болдог гэсэн үг.
-Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны гол зорилго болон ямар байгууллагууд хамтран хэзээнээс хийж эхэлсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ер нь жендерийн эрх тэгш байдлыг хангах хамгийн гол хүчин зүйл нь хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох шүү дээ. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд олон улсын байгууллагын цөөнгүй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой. Азийн хөгжлийн банкны зүгээс эрчүүдийг хамруулж, зорилтот бүлгээ болгосон судалгаа хийх нэн шаардлагатайг олж харсан. НҮБ-ын Хүн амын сангийнхан 2017 онд эмэгтэйчүүдийн туулсан туршлагаар “Нүцгэн үнэн” хэмээх судалгаа хийсэн байдаг. Гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд, хоёр эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртсөн гэх нэлээд хэцүү үр дүн уг судалгаагаар гарсан. Тиймээс яагаад эрчүүдийн 90 хувь нь хүчирхийлэл үйлддэг, үүнд нөлөөлж буй суурь шалтгаан, өдөөгч хүчин зүйлс нь юу болохыг судалсан юм. Мэдээж энэ талаар олон улсад ч төдийгүй бидэнд ч янз бүрийн таамаг их байдаг. Манай улсын тухайд зөвхөн эрчүүдээс авсан ийм төрлийн судалгааг урьд нь хийж байгаагүйгээрээ онцлогтой.
Монгол орны дөрвөн зүг, найман зовхист тархан суурьшсан аймгуудаас есөн газрыг сонгож, 400 эрэгтэйг хамруулсан. Манай улс 3.5 сая иргэнтэй гэж бодвол 400 болон 4000 эрэгтэйгээс авах нь төдийлөн ялгаагүй гэж үздэг судалгааны аргачлал байдаг юм. Аймаг, сум, хотын 18-60 насныхныг түүврийн аргаар энэхүү судалгаанд хамруулсан. Ингэхдээ өрхийн дата мэдээлэлд сууриллаа. Нэлээд олон эмзэг сэдвийг хөндсөн, өмнө нь Монголд огт хийж байгаагүй судалгаа болсон. Судалгаа авахдаа нэг хүнтэй цаг гучин минут орчим ярилцаж, зарим эмзэг сэдвийг нь хөндөхдөө зураг, стикер үзүүлэх аргачлал ашигласан юм. Нэлээд олон асуулгатай. “IRIM” судалгааны байгууллагынхантай хамтран ажилласан. Олон улсын зөвлөхөөр Эмма Фүлү ажиллаж байна. Ерөнхийдөө нэг жил гаруй хугацаанд үргэлжиллээ. Одоо ч бид ажилласаар л байгаа. Судалгааныхаа эцсийн үр дүнг ирэх гуравдугаар сард олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн.
-Судалгаагаар манай улсын эрэгтэйчүүдийн 74 хувь нь бага насандаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөнийг тогтоосон гэсэн нь анхаарал татлаа?
-Судалгааны үр дүнд эрчүүдийн дийлэнх нь бага наснаасаа эхлэн сэтгэцийн дарамтад ордгийг тогтоолоо. Энэ нь эцгийн эрхт ёс давамгайлсантай холбоотой. Хүүхдэд багаас нь эр хүн хүчтэй, санхүүгийн хувьд хараат бус, гэр бүлээ тэжээж, аливаад ул суурьтай хандан, уйлахгүй байх ёстой гэх мэт жендерийн хэвшмэл ойлголтыг маш нарийн зааснаас үүдэлтэй гэсэн үг. Эмэгтэйчүүдийг ариун байж, эр нөхрөө халамжлан, хүүхдүүдээ асарч, ар гэрийн ажлаа хийх ёстой гэж заадаг шиг эрэгтэй хүнд маш их дарамт бий болгосоор иржээ. Эрчүүд зовж зүдэрч, хэцүү байгаагаа бусдад илэрхийлж чаддаггүй ч дотроо үргэлж шаналдаг. Мөн залуу эрэгтэйчүүд сэтгэцийн эрүүл мэндийн гүн асуудалтай байна. Олон улсад эрчүүдийн таван хувь нь сэтгэл гутралтай байгааг тогтоосон. Харин монгол эрчүүдийн хувьд энэ үзүүлэлт гурав дахин их буюу 17.2 хувьтай, сэтгэл гутрал нь 15-20 насанд эхэлдэг гэсэн үр дүн гарлаа. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 74 хувь нь ямар нэгэн байдлаар бага насандаа хүчирхийлэлд өртжээ. Тухайлбал, ээжийгээ хүчирхийлүүлэхийг харсан хүүхэд том болоод хүчирхийлэгч болох магадлал нь гурав дахин ихэсдэг аж. Мөн тэдний 19 хувь нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Бага насандаа ийм төрлийн хүчирхийллийн золиос болсон хүүхэд насанд хүрээд хүчирхийлэл үйлдэх магадлал тав дахин нэмэгддэг. Үүнийг чанарын судалгаагаар ч баталсан.
-Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол улирлаас хамааран өөрчлөгддөг гэх үр дүн гарсан юм билээ. Энэ нь ямар шалтгаантай юм бол?
-Энэ судалгааг өнгөрсөн жилийн зудын дараа авсан. Тэгэхэд эрчүүдийн 41 хувь нь зуд буюу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор стресстдэгийг мэдсэн юм. Энэ нь нэлээд өндөр үзүүлэлт. Чанарын судалгаагаар зудын дараа орон нутгийн эрэгтэй малчдын сэтгэцийн эрүүл мэнд шокийн байдалд ордгийг тогтоолоо. Улмаар стрессээ хэрхэн даван туулахаа мэдэхгүйгээс ханьдаа уурлаж, хүчирхийлдэг юм байна. Нэг ёсондоо дотно хамтрагчийн зүгээс үзүүлэх хүчирхийлэл ихэссэн гэсэн үг. Мэдээж энэ нь суурь шалтгаан биш боловч нөлөөлөх хүчин зүйл болж байна.
-Хүчирхийлэл нь гажуудсан нийгмийн харилцаа, жендерийн тэгш эрхийн хомсдолоос үүдэлтэй гэдэг. Хэрэв тийм бол энэ асуудлыг зөвхөн хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх?
-Жендерийн эрх тэгш байдлыг хангахад сүүлийн 20-30 жил манай улс нэлээд ахицтай ажиллаж байгаа. 2011 онд тусгайлсан хууль баталж, жендер хэмээх үгийг хүртэл тайлбарласан. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг 2016, 2017 онд шинэчиллээ. Хүн худалдаалах болон гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт хамруулан зүйлчилсэн. Энэ мэтээр жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ажлуудыг дэс дараатай хийсээр буй. Түүнчлэн Жендерийн үндэсний хороотой болсон.
Гэхдээ зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, хууль, эрх зүйн орчноо сайжруулснаар үүнийг таслан зогсоох боломжгүй. Үүнд салбар бүрийн оролцоо чухал юм. Тухайлбал, эдийн засгийн хувьд хэрхэн чадавхжуулах вэ гэдгээс эхлээд боловсрол, аялал жуулчлал, соёл урлагийн салбарынхан ч үүнд анхаарч, бодлого боловсруулах шаардлагатай. 16 яам, 14 агентлагт салбарын жендерийн бодлогыг тусган ажиллуулж байна. Гэсэн ч жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хувь хүн төдийгүй олон улсын байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй шүү дээ.
-Ер нь жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хэрэгжүүлж буй олон улсын, үндэсний стратеги, хөтөлбөрүүд нь төдийлөн үр дүнтэй биш юм шиг санагддаг. Энэ нь хариу арга хэмжээ дутагдалтай байгаатай холбоотой болов уу, эсвэл асуудлыг шийдвэрлэхэд илүү өргөн хүрээний, олон талт арга барил хэрэгтэй юү?
-Хариу арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан сэргийлэхэд анхаарах нь эдийн засгийн хувьд өртөг багатай. Үүнээс гадна үеэс үед дамжих хүчирхийллийг зогсоох стратеги боловсруулж, хэрэгжүүлэхгүй бол горьгүйг харуулж байна. Хэдийгээр хариу арга хэмжээ авч, гэр бүлийн хохирогчдыг түр хамгаалах байртай болсон ч удаан хугацаанд, тогтвортой ажиллах нийгмийн ажилтан, тулж ажиллах сэтгэл зүйч ховордсон. Нэг ёсондоо ажилтнуудын хомсдолд орсон гэсэн үг. Тэгэхээр түр хамгаалах байрны үйлчилгээ сайжрахгүй шүү дээ. Ингэснээр хохирогчид харьяа дүүргийнхээ энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүст итгэл алдарна. Тиймээс үүнийг зөвхөн Монгол Улсын Засгийн газар бус, иргэн, салбар бүр оролцон өөрчлөх хэрэгтэй. Тэгж чадвал бид урьдчилан сэргийлэх боломжтой.
-Хүчирхийллийг таслан зогсоохын тулд ямар арга хэмжээ авбал зохистой бол?
-Хамгийн түрүүнд бид үүнээс урьдчилан сэргийлэх арга зам хайх нь чухал. Манай улс хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага тооцдог хууль, хохирогчдыг түр хамгаалах байртай болсон. Ер хариу арга хэмжээ авах чадавх үндэсний хэмжээнд сайжирсан. Гэвч бид үүнээс урьдчилан сэргийлэхгүй л бол эдийн засгийн хувьд маш их гарз хохиролтой. Одоогоор үндэсний хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах хэчнээн байр ажиллаж байгаа билээ гэдгээс эхлээд л маш их зардал гарна. Наанадаж байрны урсгал зардал, хоол хүнснээс эхлээд асуудал их. Мэдээж нэг удаагийн үйлчилгээ үзүүллээ гээд дорвитой үр дүн гарахгүй шүү дээ. Хохирогчдод амьдралынх нь туршид үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Гэвч өдгөө үндэсний хэмжээний чадавх, ачааллын түвшнийг бодоод үзэхээр яах аргагүй эрчүүдэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч буй.
-Тухайлбал, яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Манай судалгааны олон улсын зөвлөх жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ямар ажил үр дүнтэй байгааг тодорхойлсон. Тухайлбал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлснээр жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боломжтой. Нийгмийн эмзэг бүлгийн, хүчирхийлэлд өртөх магадлалтай иргэдэд эдийн засгийн чадавхыг нь бэхжүүлэх сургалт явуулах нь маш үр дүнтэй гэж үзсэн. Зөвхөн бэлэн мөнгө өгөх бус, өрхийн орлогоо хэрхэн дэмжих үйл ажиллагаа эрхлэх талаар л заана. Эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд чадавхажсанаар өөрсдийн хүссэн чиглэлээр өрхийн орлогоо дэмжиж, хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Нэг ёсондоо хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд автахаас ингэж сэргийлнэ. Энэ нь л урьдчилан сэргийлэх хамгийн том арга хэмжээ юм. Хоёрдугаарт, сургуулийн өмнөх боловсрол болон сургуулиар дамжуулан бага насны хүүхдүүдэд зориулсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Зөвхөн хүчирхийлэл ярих бус, эрүүл харилцаа гэж юу болох талаар ойлгуулна. Мөн эрүүл мэндийн хичээлээр дамжуулан хосын болон аюулгүй бэлгийн харилцааны талаар маш сайн, тодорхой ойлголттой болгох хэрэгтэй. Үүнийг нь бэлгийн цогц хөтөлбөр гэж нэрлэдэг. Манай улс үүнийг аль хэдийн 2018 онд боловсруулсан юм. Харамсалтай нь, чанартай, хүртээмжтэй хүргэж чадахгүй байна. Энэ мэтээр үндэсний хэмжээнд урьдчилан сэргийлэхийн тулд салбар бүр юу хийх ёстой талаар тодорхой төсөв ч өгөх ёстой. Хэрэв төсөв нь байхгүй бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс үүнд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт гаргах нь чухал.
У.Цэцэгсүрэн