Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээний асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Янжмаатай ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гол үүрэг юу вэ. Монгол Улсад хэчнээн салбар комисс ажилладаг вэ?
-Улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт 30 салбар комисс ажиллаж байна. Салбар комисс нь орон тооны бус долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тусгай хэрэгцээт хүүхдийн бэрхшээлийг тодорхойлох, байнгын асаргаа шаардлагатай, эсэхийг нь тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зорилготой.
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүүхэд байна. Хэд нь байнгын асаргаанд хамрагддаг бол. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалттай юу?
-Хамгийн сүүлд гаргасан тоон мэдээллээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14 609 хүүхэд байна. Үүнээс 13 077 нь байнгын асаргаанд байдаг. Бэрхшээлийнхээ төрлөөс хамаарч цэцэрлэг, сургуулийн насанд хүрсэн ч боловсролын үйлчилгээнд тогтмол хамрагдаж чаддаггүй хүүхдүүд бий. Тухайлбал, цэцэрлэгт 800, ерөнхий боловсролын сургуульд 1270 орчим хүүхэд хамрагдаж чадахгүй байгаа тоон үзүүлэлт гарсан. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай. Үүн дотроо хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд сэргээн засах, нөхөн сэргээх үйлчилгээ маш чухал. 2021 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн сайд нар хамтран Хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлалыг баталсан. Энэ аргачлалд хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт оношлох талаар заасан байдаг. Тодруулбал, хүүхдийг ес, 18, 36 сартайд нь товлолт үзлэгт заавал хамруулах хэрэгтэй. Мөн эцэг, эхийнх нь ажиглалтад үндэслэн хүүхдийн хоцрогдлыг эрт оношилж чадвал хүндрэхээс нь сэргийлэх боломжтой юм. Хүүхдэд хөгжлийн хоцрогдол, бэрхшээл илэрсэн тохиолдолд түүнд тохирсон сэргээн засах буюу хэл, ахуй, хөдөлгөөн, хөдөлмөр заслын эмчилгээг эрт эхлүүлэх шаардлагатай.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Уг өдрийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?
-Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа онцлог хэрэгцээ шаардлагатай, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын тулд бодлогын өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна. Жишээлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрмийг шинэчилж буй. Мөн өмнө нь дурдсан гурван сайдын хамтран баталсан аргачлалыг шинэчлэх юм. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлдог өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан. Байнгын асаргаа шаардлагатай ч онош нь өвчин, гэмтлийн жагсаалтад ороогүйн улмаас үйлчилгээнд хамрагдаж чад даггүй хүүхдүүд байгаа талаар манай салбар комиссуудаас мэдээлэл ирүүлдэг. Гэтэл байнгын асаргаа шаардлагатай өвчний жагсаалтаар хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд ч үйлчилгээнд хамрагдах нь бий. Тиймээс дээрх байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг илүү нарийвчилж, заагласнаар зорилтот бүлгийнхэнд тохирох үйлчилгээнүүдийг оновчтой хүргэх боломжтой.
Мөн 2024 онд байнгын асаргаа шаардлагатай, тогтмол танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүдийг боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, хөгжлийн цогц үйлчилгээнд хамруулах зорилгоор дэмжих төвийн тогтолцоо бий болгосон. Ирэх оноос эхлэн үйлчилгээг нь тогтмолжуулахаар ажиллаж байна. Энэ үйлчилгээний зардлыг төсвөөс санхүүжүүлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд гэрээлэн гүйцэтгэх байдлаар хэрэгжүүлэхээр зохицуулсан. Ер нь бэрхшээлээс нь үл хамаарч хүүхдийг боловсрол, нийгмийн хамгааллын үйлчил гээнээс орхигдуулахгүй байх зорилгоор дэмжих төвүүдийг ажиллуулах нь зөв гэж үзэж байгаа.
-2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрмийг 2021 онд Засгийн газраас шинэчилсэн. Тэгэхэд ямар өөрчлөлт оруулсан юм бэ?
-2021 оны дүрмийг дахин шинэчилж, илүү нарийвчлан боловсруулахаар ажиллаж байна. Төслийг одоогоор батлаагүй.
-Байнгын асаргаа шаардлагатай гэдэгт ямар өвчний оноштой хүүхдүүдийг хамруулдаг юм бол. Бэрхшээлийн аль төрөл нь илүү давамгайлж байна вэ?
-Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар бол өдөр тутмын үйлдлээ бусдын тусламжгүйгээр хийх чадваргүй, бие даан амьдрахад хэн нэгний тусламж шаардлагатай, хэвтрийн, оюун сэтгэцийн хувьд хүнд бэрхшээлтэй хүүхдүүдийг байнгын асаргаа шаардлагатай гэж үздэг. Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалтын тухайд дээр дурдсан. Үүнд20 бүлгийн онош бүхий 134 төрлийн өвчний жагсаалт багтдаг. Олон улсын өвчний код, шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олонх нь тархины саа, саажилт оноштой. Түүнчлэн харааны бэрхшээлтэй 700, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 894, хөдөлгөөний гэмтэл, согогтой 977, оюун сэтгэцийн асуудалтай 1395, аутизмын хүрээний эмгэгтэй 2395, даунтай 663, унаж, татдаг 1140 хүүхэд бий. Үлдсэн нь мэс засал, дотор, хавсарсан, бусад гэсэн оноштой байна.
-Сүүлийн үед аутизмын хүрээний эмгэгийн талаар их ярих болсон. Үүнтэй холбоотой асуудал ч цөөнгүй. Тухайлбал, аутизм бол эмгэг, эдгэхгүй гэж эмч нар хэлдэг. Тэгсэн хэрнээ тухайн хүүхэд живх хэрэглэхээ болих, ганц хоёр үг хэлж эхлэнгүүт “Эрүүл байна” гээд халамжийн үйлчилгээнээс хасчихдаг гэх юм. Гэтэл тухайн хүүхдийг хэн нэгэн байнга асарч, хамт байхгүй л бол бие дааж амьдрах чадвар султай шүү дээ.
-Хэн нэгний тусламжгүйгээр өдөр тутмын үйлдэл хийж чадахгүй хүүхдүүдийг байнгын асаргаанд хамруулдаг. Энэ нь хооллох, хувцаслах, бие засах гэх мэтээр бие даан үйлдэл үзүүлж чадахгүй гэсэн үг. Аутизмын хүрээний бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ аутизм нь илрэх байдлаасаа хамаарч олон төрөлтэй. Тухайн хүүхдийн гаргаж буй зан авир, үйлдэл, шинж тэмдгээс хамаарч өөр өөр. Аутизмтай гэхээр бүгд нэг хэв шинжид хамаарахгүй. Хөнгөн, хүнд хэлбэрээр илэрч болно. Тухайн хүүхэд ямар ч оноштой байсан тодорхой хугацаанд байнгын асаргаанд хамруулах заалттай бол түүнийгээ баримтлан шийдвэр гаргадаг. Эл хугацаанд өдөр тутмын амьдралд хэвийн оролцоход нь туслах үйлчилгээнд холбон туслах үүрэгтэй. Тухайн хүүхэд байнгын асаргаанд байх шаардлагагүй гэж комисс дүгнэсэн бол нөхцөл байдал нь өмнөхөөсөө дээрдэж сайжирсан гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн хамрагдах үйлчилгээ болон цогц дэмжлэг үзүүлэх зорилго ялгаатай. Хүүхэд бүрийн хэрэгцээ, онцлогт тохирсон үйлчилгээнүүдийг үзүүлэх нь чухал юм.
-Аутизмын хүрээний эмгэгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-өөс өөр газар оношилдог уу?
-Аутизмын оношилгоог СЭМҮТ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Монголын аутизм судлалын хүрээлэн, Онцгой хүүхдүүдийн академи гэсэн дөрвөн газрынхан оношилж байгаа. Тухайн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, байнгын асаргаа шаардлагатайг тогтоох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, эсэхийг ганц хүн шийддэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс бол СЭМҮТ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын тавьсан оношийг баталгаажуулан батлагдсан маягтын дагуу шаардлагатай үйлчилгээнүүдэд зуучлах тогтолцоо юм.
-Халамж хавтгайрлаа гэж ярьдаг. Ялангуяа зорилтот бүлэгтээ хүрэхгүй атал шаардлагагүй хүмүүс аваад байдаг гэх шүүмжлэл ч бий. Комисс хараат бусаар ажиллаж чаддаг уу. Иргэдээс гомдол ирүүлдэг үү?
-“Манай хүүхдийн өвчний заалт энэ жагсаалтад байхгүй байна”, “16 нас хүртэл сунгуулах заалттай. Гэтэл гурван жилд нэг удаа комиссын хурлаар оруулахыг шаардаж байна” гэх мэт гомдол иргэдээс ирдэг. Энэ нь нэг талдаа тухайн хүүхдийг бодсон шийдвэр. Заалтынх нь дагуу бүх хүүхдийн байнгын асаргаа болон халамжийн тэтгэвэр тэтгэмжид хамрагдах хугацааг 16 нас хүртэл нь сунгачхаар зарим нь эрсдэлд өртөх талтай. Жишээлбэл, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн тохиолдол бий. Зөвхөн халамжийн мөнгийг нь аваад хүүхдээ хайхардаггүй эцэг, эх байдаг. Нөгөө талдаа хүүхдээ өдөр бүр сэргээн засах эмчилгээнд явуулж, анхаарал халамж сайн үзүүлдэг аав, ээжүүд ч бий. Комиссын тухайд өвчин, гэмтлийн жагсаалт, хууль дүрмээ л баримтлан ажиллана.
-Орон нутаг, алслагдсан сум, багт амьдардаг хүүхдүүдэд комисс яаж хүрдэг вэ. Хөгжлийн бэрхшээлтэй ч халамжийн үйлчилгээнд орж чаддаггүй хүмүүс бий шүү дээ.
-Салбар комиссууд цахим болон нүүдлийн хэлбэрээр хуралддаг. Тодруулбал, алслагдсан тосгон, багт очиж хурал зохион байгуулдаг юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэхдээ зөвхөн бие махбод нь эрүүл, эсэхийг л үздэг. Боловсролын асуудлыг орхисон нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл тухайн хүүхдийн чадамжид суурилан боловсрол эзэмшүүлэх нь чухал байдаг.
-Тийм ээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр үйлдлийн олон улсын ангилал буюу ICF-ийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хүүхдийн эрүүл мэндийг бус, олон талаас нь үнэлэх нь чухал. Дараа нь үнэлгээнд суурилсан төлөвлөгөө боловсруулна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэний суурь асуудал нь эрүүл мэнд учраас нарийн мэргэжлийн эмч нар тодорхойлох нь тохиромжтой. Манай комисс эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын ажилтнуудаас бүрддэг учир насанд хүрэгчдийнхээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдийн комисс нь тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоодог. Харин бид тухайн хүүхэд боловсролын үйлчилгээ авахад ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө хэрэгтэй, эсэх, тусгай болон ердийн сургуульд сургах зэрэг асуудлыг нь шийдвэрлэдэг. Комиссын гишүүдийг чадавхжуулах цөөнгүй ажил хийж байна. Тухайлбал, Японы Хүүхдийг ивээх сангийн “Тэгш хүртээмжтэй үйлчилгээгээр бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд салбар комиссын гишүүдийн чадавхыг сайжруулж буй нь сайшаалтай. Мөн эрт илрүүлгийн талаар эцэг, эх, боловсролын байгууллагын ажилтнуудад ойлголт, мэдээлэл өгөх юм. Төслийг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүй бүхий гарын авлага боловсруулах, бодлогын баримт бичгүүдийг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар болсон.
Нийгмийн халамжийн тухай болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулж буй. Эдгээр хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байнгын асаргаа шаардлагатайг тодорхойлох насыг 0-16 гэж тогтоосныг 0-18 нас болгон өөрчлөх саналыг манай комиссоос гаргасан.