Монголын тэшүүрийн спортод сүүлийн үед Сайнхүүгийн Ганхөвсгөл хэмээх тамирчин цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумд тэшүүрээр хичээллэж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр өсвөр үеийн шигшээ багт уралддаг. Улсын хошой аварга, зургаан мөнгө, нэг хүрэл медальтай Г.Ганхөвсгөл Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад өнгөрсөн жил зохион байгуулсан шорт трекийн олон улсын тэмцээнд үндэсний шигшээ багийнхантай оролцож залуучуудын “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх өвөртөлсөн. Үүнээс гадна ХБНГУ-ын Росток хотод болсон тэмцээнээс алтан цом гардаж байв. Мөн Индонез улсад зохион байгуулсан Зүүн Азийн нээлтэй тэмцээний багийн уралдаанаас хүрэл медальтай ирсэн юм. Монголын тэшүүрийн холбоо түүний өрсөлдсөн тэмцээнүүдийн үзүүлэлтийг өндрөөр үнэлж, тэтгэлэгт хөтөлбөрт тодорхойлсноор өнгөрсөн аравдугаар сард 2100 ам.долларын тэтгэлэг авсан билээ. Дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад Италийн Турин хотод ирэх жилийн нэгдүгээр сард зохион байгуулах дэлхийн 31 дэх универсиад, БНХАУ-ын Харбинд хоёрдугаар сард болох Азийн өвлийн спортын IX наадамд оролцох багийнхантайгаа БНСУ-д хамтарсан бэлтгэл хийж буй түүнтэй ярилцлаа.
-Монголын гүйлтийн тэшүүр, шорт трекийн тамирчдыг айлчлан ирэх шинэ онд олон тэмцээн хүлээж байна. Та оролцоно биз?
-Тэшүүрийн шигшээ багийнхан БНСУ-д энэ сарын 13-15-нд болох шорт трекийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус улс тамирчдаа дэмжиж, бүх зүйлээр хангадаг нь сайхан санагдсан. Тамирчид нь нээлттэй, найрсаг харилцаатай. Тэднээс суралцах зүйл бидэнд их бий. Дасгалжуулагчид нь тэшүүрчдийнхээ ур чадвар, техникт анхаарал хандуулдаг нь хамтарсан бэлтгэлийн үед анзаарагдсан. Шигшээ багийнх нь дасгалжуулагч Ча Жи Хүн туршлагатай. Тэрбээр шорт трекийн тамирчин байхдаа Норвегийн Лиллехаммер хотод 1994 онд зохион байгуулсан өвлийн олимпын XVII наадмаас алтан медаль хүртэж, 1995 онд дэлхийн аварга болж байсан юм билээ. Манай тамирчид тэшүүрийн төрлөөс шорт трект илүү амжилт гаргадаг. Тус улсад өнгөрсөн зун бэлтгэл базаасан бидэнд энэ удаа хөл тавихад өмнөхөөсөө илүү дотно санагдсан.
-Тэшүүрийн багт орон нутгаас төрсөн тамирчид голдуу байдаг. Та ч бас тэдний нэг бололтой.
-Тийм ээ. Би 16 настай, спортын дэд мастер цолтой. Хөвсгөл аймгийнх. Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11б ангид сурдаг. Манай сум баруун талаараа Ханх, баруун урд талаараа Чандмань-Өндөр, урд талаараа Эрдэнэбулган, хойд болон зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг. Миний хувьд ДАШТ, оюутны универсиад наадамд оролцох насанд хараахан хүрээгүй тул одоогоор шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийж байгаа. Хэдийгээр энд болох ДАШТ-д оролцохгүй ч ах, эгч нараа дэмжиж, уралдахыг нь үзнэ.
-Цагаан-Үүр сумд тэшүүрийн тамирчин цөөнгүй бий. Нутгийнхаа голын мөсөн дээр гулгаж, энэ спортод татагдав уу?
-Миний хувьд 2019 оноос тэшүүрээр хичээллэсэн. Сумынхаа ах нарыг Хар-Ус голын мөсөн дээр гулгахыг сонирхож харсаар өөрийн эрхгүй энэ спортод дурлаж байв. Манай сумын хүүхдүүд амралтын өдрөөр, чөлөөт цагаараа гулгаж өнждөг. Энэ нь намайг тамирчин болоход багагүй нөлөөлсөн гэж боддог. Тэр жилээ Ханх сумд болсон аймгийн АШТ-д оролцож, IV байрт шалгарснаар УАШТ-д өрсөлдөх эрх авсан. Хөвсгөл нуурын мөсөн дээр анх удаа гарч, үеийнхэнтэйгээ уралдах тун сонирхолтой санагдаж билээ. Тус тэмцээнд нэг ангид хамт сурдаг А.Дагвадорж найз минь миний насны ангилалд түрүүлж, аймгийн аварга болсон юм. Түүнээс хойш цар тахал дэгдэж, тэмцээн, уралдаан цуцлагдсан ч мөсөн дээр гулгах нэг талаар надад бэлтгэл сургуулилалт болдог байв.
-2022 оноос тэмцээн, уралдаан зохион байгуулахад та Улаанбаатарт ирж, гүйлтийн тэшүүрийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн шүү дээ.
-Тухайн үед аймгийн АШТ-д эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдэд УАШТ-д өрсөлдөх эрх өгсөн юм. Улаанбаатар хотыг хоёр дахь удаагаа зорьж, гүйлтийн тэшүүрийн 1000, 1500 метрийн зайд уралдахад найз минь мөн л тэргүүлж, би мөнгөн медальтай гэртээ ирсэн. Дараа жилийнх нь тэмцээнд 500 метрт хурд сорьж, улсын аваргаар шалгарлаа. Тэр цагаас гадаадын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.
-Хилийн дээс анх удаа алхсан хүүд Унгар улс ямар сэтгэгдэл үлдээсэн бол?
-Мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн. Бид тэндээс эх орондоо “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй ирж байлаа. Би шагналынхаа туузны хамгийн дээр Унгарт болсон олон улсын тэмцээнд хүртсэн хүрэл медалиа залдаг. Тус улсад тэшүүрийн спорт өндөр хөгжсөнийг тэмцээнд оролцох үедээ мэдсэн. Шорт трекийн төрөлд өвлийн олимпоос алтан медаль хүртсэн тус улсын тамирчин одоо өмнөд хөршийн багт легионероор уралддаг. Олон орны тамирчид уралдсан тэр их өрсөлдөөнөөс хүрэл медаль хүртэх бидэнд амар байгаагүй. Эзэн орны тамирчид нутагтаа зохион байгуулсан тэмцээнд түрүүлж, Словакийн тэшүүрчид мөнгөн медальтай нутаг буцсан.
-Азийн орнуудаас БНХАУ, БНСУ-ын тамирчид гүйлтийн тэшүүр, шорт трекийн төрөлд хүчтэй өрсөлдөж харагддаг.
-Аль алиных нь шигшээ багт “Дэлхийн цом”, ДАШТ, өвлийн олимпоос медаль хүртсэн тамирчин бий. Унгарт болсон тэмцээний дараа бид Нидерландад зохион байгуулсан тэмцээнд оролцсон. Тэнд шилдгүүдтэй уралдахдаа харилцааны соёл, биеэ авч яваа байдал, ур чадвар, гулгах техникийг харж биширч билээ. Эхний гурван байрт мөн л өмнөд хөрш, БНСУ-ын тамирчид шалгарсан. Түүнээс хойш гадаадын тэмцээнд оролцох бүрдээ улсынхаа нэрийг өндөрт өргөх сөн гэх үүрэг, хариуцлагыг илүү мэдэрдэг болсон доо.
-БНСУ-ын тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр очсон манайхныг хэрхэн угтаж авсан бэ?
-Сэтгэл өндөр угтаж авсан. Шигшээ багийн тамирчид нь зөв төлөвшилтэй, эерэг хандлагатай. Тэнд Энэтхэг, Сингапурын тамирчин бидэнтэй хамтарсан бэлтгэл хийдэг. Амьдралын хэв маяг, ахуй соёлоор өөр ч гэлээ тэд бидэнтэй эв найртай. Б.Бат-Оргил багш англи хэлээр сайн ярина. Тэдний асуусан, хэлсэн зүйлийг нь орчуулдаг болохоор амархан ойлголцож байгаа. Энэтхэгийн тамирчин шашин соёлоор ойролцоо тул манайхантай ойр дотно нөхөрлөдөг. Өдөрт хоёр удаа дөрвөн цаг бэлтгэл хийдэг бидэнд чөлөөт цаг бараг гардаггүй. Мөсөн талбайд олон цаг гулгахаар хааяа ядарна. Жаахан зав гарвал гэрийнхэнтэйгээ холбогдож, сумдаа болж буй үйл явдлын талаар мэдээлэл авдаг. Гэрээсээ хол байгаа болохоор нутгийнхаа агаар, салхийг их үгүйлдэг юм. Ээж минь “Багийнхантайгаа эвтэй байж, олны дунд биеэ зөв авч яваарай. Бэлтгэлээ сайн хийж, хоол унд, амралтаа сайтар зохицуулаарай” гэж байнга захидаг.
-Гүйлтийн тэшүүрээс илүү шорт трекийн төрөлд та амжилттай уралдаад байх шиг санагддаг.
-Шорт трекийн төрөлд уралдах надад таалагддаг. Тиймээс энэ төрөлд илүү амжилт гаргахыг хичээнэ. Шорт трекийн 500, 1000, 1500 метрийн уралдаан тухайн тамирчнаас хурд, хүч, тэсрэлт, техникийг их шаарддаг. Тэшүүрээр хичээллэдэг байхдаа Монголын шигшээ багийн тамирчдаас Я.Зоригтбаатар ахын ур чадвараар бахархаж, үлгэр дуурайл авдаг байлаа. Миний хувьд спортын талбарт хөл тавьснаар хатуужил, тэвчээр, тууштай байхаас суралцаж, өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг сайн мэдэрдэг болсон.
-Тэмцээнээс ирсний дараа хичээлээ нөхөж үзэх, бичих амаргүй байдаг талаар тамирчид ярьдаг л юм.
-Гадаад, дотоодын тэмцээнд оролцох үед сургуулийн захирал, багш нар намайг дэмжин, хичээлээс чөлөөлж оролцуулна. Тэмцээний дараа хичээлээ нөхөж бичихэд хамт олон минь тусалдаг. Манай ангийнхан их спортлог. Бөхийн төрлүүдийн спорт, тэшүүрээр хичээллэдэг хүүхдүүд бий. Багийнхантайгаа шинэ оны өмнө эх орондоо очно. Ангийн багш “Чи ирэх жил 12 дугаар ангид орно. Сүүлийн үед тэмцээнд яваад хичээлээсээ хоцорч байна” гэж сэтгэл нь зовниж хэлдэг юм. Би барилгын инженер мэргэжилтэй болохыг хүсдэг. Сургуулиа төгсөөд энэ чиглэлээр суралцах байх.
-Тэшүүрийн тамирчид тэмцээний үед ширүүхэн өрсөлддөг болохоор бэртэл гэмтэл авах нь их байдаг шүү.
-Бид бэлтгэл хийхдээ, тэмцээнд оролцохдоо ч аль болох гэмтэхгүйг хичээдэг. Гадаадад хамтарсан бэлтгэл хийх давуу талтай ч орчин нөхцөл, цаг агаар, уур амьсгал, хоол хүнсэнд нь дасан зохицох эхэндээ амаргүй л байдаг. Намайг тэшүүрээр анх хичээллэхэд сумын маань тэшүүрийн багш С.Батсуурь мэдэх, чадах зүйлээсээ харамгүй заасан. Түүнийг 2019 онд гавьяаныхаа амралтад гарахад Д.Отгонбаяр багш сумынхаа тэшүүрээр хичээллэдэг хүүхдүүдийг 2022 оноос дасгалжуулах болсон юм. Удирдлагад нь тэр жил бэлтгэл хийж байгаад Улаанбаатар хотод ирж, Б.Бат-Оргил багштай уулзахад уриалгахан хүлээж авсан. Багшийнхаа “Чи сайн тамирчин болно” гэж урам хайрласан үгийг нь санаж явдаг. Түүний зөвлөснөөр бэлтгэлээ базааж, ХБНГУ-д болсон тэмцээнд шорт трекийн бүх зайд уралдаж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж байв.
-Монголд шинэ жилийн уур амьсгал хэдийн орж, хүмүүс 2025 оныг угтаж авахаар догдлон хүлээж байна.
-БНСУ-д ч гэсэн шинэ жилийн уур амьсгал орж, энд тэндгүй гацуур засаж, чимэглэснийг хараад Монголдоо хурдан очих сон гэх бодол төрсөн. Би тэшүүрээс гадна волейболын спорт сонирхдог. Багийн спортын тамирчид тэшүүрчдийн адил, хурдан сэтгэж, амжилт гаргадаг нь сонирхлыг минь татдаг. Үндэсний дээд лигийн тоглолтод аваргын төлөө өрсөлдөгчөө хожоод, түрүүлж байгаа багийнхан гоё харагддаг юм.
-Та одоо хаана үйлдвэрлэсэн тэшүүрээр гулгадаг вэ. Энэ спортоор хичээллэхийн давуу талыг үеийнхэндээ сонирхуулж яриач.
-Тэшүүрээр гулгахад биеийг зөв хөгжүүлэхээс гадна стресс бухимдлыг тайлж, анхаарлаа төвлөрөх чадварыг сайжруулдаг. Монголын тамирчдын олонх нь Нидерланд улсад үйлдвэрлэсэн тэшүүрээр гулгадаг. Бидний хамгийн их анхаардаг зүйл бол тэшүүрийн ир. Чанартай тэшүүртэй уралдах нь амжилт гаргахад нөлөөлнө. Гүйлтийн тэшүүр холын зайд уралдах зориулалттай тул урт, хөнгөн байдаг юм. Индонез улсад саяхан болсон шорт трекийн олон улсын тэмцээнд Монголын эрэгтэй тамирчид багийн төрөлд 5000 метрийн зайд уралдаж, хүрэл медаль хүртлээ. Тус улс тэшүүрийн спортыг хөгжүүлж буй орнуудын нэг шиг санагдсан. Дөрвөн улирал ээлжилдэг, эрс тэс уур амьсгалтай орчинд бэлтгэл хийдэг бидний хувьд халуун, бүгчим цаг агаартай оронд болж буй тэмцээнд оролцох хэцүү байдаг. Миний хувьд очсон орныхоо тэмцээн болох газрынх нь орчин нөхцөл, тамирчдынх нь хандлага, ур чадвар, техник, үзэгчдийнх нь тэмцээн үзэж буй соёл, дэмжиж буй байдлыг нь хамгийн түрүүнд хардаг.