“Токио-2020” зуны 32, “Бээжин-2022” өвлийн 24, 33 дахь удаагийн “Парис-2024” олимпын наадамд Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг оролцсон юм. Түүний хувьд бага наснаасаа спортод шимтэгч байжээ. Уг нь тэрбээр ОХУ-д цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн юм байна. Харин одоо бол спортын гэрэл зурагчин төдийгүй гэр ахуйн тавилга үйлдвэрлэгч “Mirmebel” компанийн үүсгэн байгуулагч. Сурвалжилсан олимпын наадмуудынх талаар түүнтэй ярилцлаа.
-Нэлээд хожуу спортын гэрэл зурагчнаар ажиллаж эхэлсэн шүү дээ. Спортын үнэнч үзэгч яагаад эл салбарт ажиллахаар шийдэв?
-Хүүхэд байхаасаа л спортод дуртай байсан л даа. ОХУ-д суралцаж байхдаа “Металлург” багийн тоглолтын тасалбарыг бүтэн жилээр нь худалдаад авчихдаг байлаа. Монголд ирээд хүүхдийн сагсан бөмбөгийн “Хагас хором” клуб байгуулсан. Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн суурийг СЭЗИС-ийн багш, ОУХМ Б.Пүрэвдоржтой хамтран тавьж байлаа. Спорт гайхамшигтай учраас бүх тоглолтыг алгасалгүй үзэх дуртай. Спортын гэрэл зурагчин Ч.Ганбат найз минь Спортын сэтгүүлчдийн холбоонд нэгдэхийг анх санал болгосон. Энэ холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар ахын дэмжлэгээр анх “Жакарта, Палембан-2018” Азийн наадмыг зорьсон доо. Тэнд спортын гэрэл зурагчин Э.Харцага дүү, бас багштайгаа танилцсан. Спортын гэрэл зурагчны хувиар анх удаа уг наадамд оролцож, хамгийн сайхан дурсамжтай өнгөрүүлсэн. Спортын гэрэл зурагчнаар үргэлжлүүлэн ажиллаж чадах юм байна гэсэн урам зориг тэндээс авсан юм. Түүний дараа “Токио-2020” зуны XXXII олимпын наадам болох байв. Энэхүү наадамд спортын гэрэл зурагчны хувиар оролцох итгэл тухайн үед төрөөгүй ээ. “Токио-2020” зуны, “Бээжин-2022” өвлийн олимп нь “Ковид-19” цар тахлын үеэр болсон. Цар тахлын үе байсан болохоор хүссэн хүн бүр олимпыг зорьж чадахгүй шүү дээ. Гэсэн ч надад ховор завшаан тохиож, олимпод оролцох боломж олдсон юм.
-“Парис-2024” 33 дахь удаагийн олимпын наадамд Монголоос спортын гэрэл зурагчнаар хоёр хүн сонгогдсоны нэг нь та. Улсаа төлөөлж, олимпын наадмыг газар дээрээс нь сурвалжлах нь томоохон үүрэг хариуцлага байх.
-Спортын болон мэдээний гэрэл зурагчид ялгаатай. Мэдээний зурагчин бол үйл явдлын ерөнхий дүрсийг л авна. Харин спортын гэрэл зурагчид спортыг сайн мэддэг байх ёстой. Тамирчин ямар мэх хийх, эрчээ хэзээ авах зэргийг таамаглах хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Миний одоо ашиглаж буй камер секундэд 120 кадр дардаг, Монголд цөөхөн байдаг эд л дээ. Гэвч үүнийг би бүрэн ашиглаж чадахгүй байна. Өнцгөө мэдрэхгүйгээр 120 кадр дарчихвал ямар ч хэрэггүй шүү дээ. Ер нь спортын гэрэл зурагчид тамирчдаасаа дутахгүй мэдлэгтэй байх шаардлагатай тулгардаг.
Олон улсын олимпын хорооноос “Танай улсаас тэдэн сэтгүүлч, спортын гэрэл зурагчин оролцож болно” гээд квот тогтоочихдог. Гурван олимпын наадамд дараалан оролцлоо. Үүнээс “Парис-2024” олимпын наадамд оролцсондоо хамгийн их баярладаг. Спортын гэрэл зургийн мэргэжилтэн зөндөө олон байтал надад итгээд олимпын наадамд илгээсэн. “Таныг залуухан хүн байх” гэж бодсон гэж хэлдэг хүн ч бий. Нуулгүй хэлэхэд, би одоо 60 нас дөхөж байна. Гэхдээ сэтгэл минь үүнээс ч залуухан. “Хүнд камер үүрч яваад ядардаггүй юм уу” гэж гайхдаг хүмүүс ч бий. Спортын томоохон наадамд оролцохдоо бусдаасаа урьтаж тохиромжтой байрлал эзлэхийн тулд камераа үүрээд л гүйнэ шүү дээ. “Парис-2024” наадмын чөлөөт бөхийн төрлийн эхний барилдаануудын үеэр байрлалаасаа холдохоор суудлаа алдчих гээд болдоггүй. Ариун цэврийн өрөө ч орж чадахгүй бүтэн өдөр болсон. Угаалгын өрөө рүү явах хооронд л байрлалаа алдчих гээд байдаг тал бий. Спортын гэрэл зурагчнаар ажиллах гоё мөртлөө хариуцлагатай ажил. Монголоос 32 тамирчин “Парис-2024” олимпын наадмыг зорилоо. Нэг тамирчны зургийг авч чадалгүй өнгөрөөчихвөл хайран. Спортод залуу насандаа л хүч сорих боломж бий. Тэр наадамд оролцсон залуус дараагийн олимпод өрсөлдөж чадах, эсэх нь тодорхойгүй шүү дээ. Тиймээс хоол идэх, унтаж амрахаа хүртэл зохицуулж, чухал мөчүүдийн зургийг алгасалгүй авахад анхаардаг. “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадмаар 20 гаруй, Парисынхад 26 хоног ажилласан байна.
-Гурван удаагийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо тус бүрд нь ном гаргасан шүү дээ. Тухайн наадмыг зорихдоо л ном гаргана гээд шийдсэн байв уу?
-Спортын гэрэл зурагчид ашгийн төлөө бус, хоббигоороо ажилладаг. Гэрэл зурагчны хувиар оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийнхээ тухай ном гаргасан. Ном бүтээх болсон шалтгаан нь “Осло-2021” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголчууд зургаан өдөр дараалан медаль хүртсэн нь байв. Дараа жил нь “Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид таван медаль хүртсэн. Энэ тэмцээн өндөрлөөд л жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ч.Ганбаттай цуг явсан юм. Тэрхүү тэмцээнээс монголчууд алт, мөнгө, хүрэл медаль авч байлаа. Олон хүүхэд медаль авахаар бүр их хөөрч баярлаж байгаа юм. Нуулгүй хэлэхэд, “Жакарта, Палембан” Азийн наадмаар багшийнхаа үүргэвчийг тээж явснаас биш, өөрөө олон зураг дарж чадаагүй. Тэгсэн хэрнээ “Осло-2021” чөлөөт бөхийн дэлхийн аварга руу “шидчисэн”. Ингээд ичсэн нүүрэндээ зураг авах хэрэгтэй болно доо. Хэд хэдэн зураг авлаа. Тэгтэл Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Ах аа. Та миний зургийг ямар муухай авдаг юм бэ” гэсэн. Осло хот Монголоос долоо цагийн зөрүүтэй. Авсан гэрэл зургаа орой нь Э.Харцагад үзүүлж, зөвлөгөө авдаг. Ч.Ганбат, Э.Харцага нар луугаа ээлжлээд л залгана. “Осло-2021” чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дарсан зургаараа “Огшиж омогшсон Осло” номоо гаргасан. Монголд ирээд дарсан зургуудаа харж байхад сайн сайхан дурсамжууд санаанд бууна. “Ерөөсөө л нэг ном бичээд үзье” гэж шийдсэн юм. Тэгээд Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатарт ном бичих санал тавьсан. Цаба маань ч зөвшөөрч, анхны номоо олны хүртээл болгох эхлэлээ тавьж байлаа. Хоёр дахь номоо “Баярлаж бахархсан Белград” нэрээр “Таван цагариг” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан М.Сугар-Эрдэнэтэйгээ хамтран бүтээсэн. Гурав дахийг нь “Мөнгөрч мөнхөрсөн Белград-2023” гэх нэрээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай номоо гаргасан. Уг бүтээлд Б.Цагаанбаатартайгаа дахин хамтран ажилласан. Ийм бахдам амжилтыг гэрчлэх түүхийг бичилцсэндээ баяртай байна. Чөлөөт бөхийн холбооныхон хамгийн том шагнал болох “Ялалт” одонгоо надад өгсөн шүү дээ. Бүтээлийнхээ дээжээс Үндэсний номын санд өгсөн. Монгол Улс оршин тогтнож байгаа цагт бидний бүтээл түүхийг дамжин өртөөлнө гэхээр сайхан санагддаг.
-Гавьяат тамирчин Т.Тулгыг дэмжиж, компанийнхаа нэрийн өмнөөс барилдуулдаг юм билээ. Тэмцээнийх нь үеэр тамирчныхаа зургийг дарж л байсан байх. Энэ үедээ тамирчнаа загнах, зэмлэх, харамсах зэрэг үйлдэл гаргаж байв уу. Тэмцээний үеэр сэтгэл хөдлөлөө хянахад анхаардаг уу?
-“Токио-2020” зуны 32 дахь олимпын наадмаас ирээд удаагүй байтал чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн Хаант Улсын нийслэл Осло хотод болох тов сонссон. Чөлөөт бөхийн холбооныхны дэмжлэгээр шигшээ багийнхантай Осло хотыг зорьсон юм. Тэр үед Т.Тулгын багш Б.Батзориг “Ах аа, та манай тамирчныг дэмжээч” гэсэн санал тавьсан. Тэрхүү тэмцээнээр Т.Тулга хүрэл медаль хүртэж байв. Тэгээд “Парис-2024” олимпын наадам хүртэл манай компаниас түүнийг дэмжиж ажиллахаар болсон. Т.Тулга тэгэхэд үнэндээ түрүүлсэн. Маш мундаг барилдсан ч луйвраас болоод ялалт авч чадаагүй. Тамирчны ялалт гэдэг багш, шавийн хамтын хичээл зүтгэл. Энэ хугацаанд Т.Тулга Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, Ханжоугийн Азийн наадмаас алтан медаль авлаа. Саяхан Гавьяат тамирчин цол хүртсэн. “Парис-2024” олимпоор Тулга 8:9 харьцаагаар тэргүүлж байгаад сүүлийн 10 секундэд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хэнд ч буруу өгөх вэ дээ. Багш нь, ард түмэн ч хичээж байгаа шүү дээ. Түүнийг энэ удаагийн олимпын наадамд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан. Би бүр дэмжээний хажууд суучихсан, өвдөг чичрээд л байлаа. “Т.Тулга ч над руу харна. Тэр үед эмоцийг нь ганцхан кадр буулгачхаад л камераа шидээд, дэвжээ рүү гүйж гарна” гээд бодчихсон байв. Уг нь тэгж хөөрөөд дэвжээн дээр гарах хориотой. Тийм үйлдэл гаргавал зохион байгуулагчид намайг чирээд дэвжээнээс буулгах байсан. Ингэж догдолж, хамаг бие салгалж байтал тэмцээний “хувь заяа” өөрчлөгдсөн. Би л ялагдахад хүргэсэн юм шиг гэмтэй санагдаад Т.Тулга руугаа ч, багш нар луу нь ч тэр үед харж чадаагүй. Тэр мөчийн зургийг бол дарсан. Бид тамирчдыг магтаж болно. Тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцаж болно. Хэлж болох үе гэж бий. Харин хэзээ ч нэг талыг барьж болохгүй.
-Аяллын автомашинаар найзуудтайгаа явсан спортын наадам цөөнгүй гэж сонссон. Ямар тэмцээнүүдийг аяллын автомашинтай зорьж байв?
-Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гэрэл зурагт буулгахаар Узбекистаны нийслэл Ташкент руу 2022 онд явсан. Азийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээр Казахстаны Астана хот руу явж байлаа. Энэ жил Киргизид болсон олимпын эрх олгох тэмцээнд явсан. Аяллын автомашиндаа хоолоо хийгээд л, Ерөнхийлөгч асан Х.Баттулга манайд зочилж байлаа. Ингээд явахаар гадаадынхан ч их сонирхоно. Узбекистаны телевизийнхэн бидний тухай нэвтрүүлэг ч хийсэн. Аяллын автомашинтай явах маш гоё. “Ташкент-2022” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахдаа автомашиныхаа урд хэсэг Сэтгүүлчдийн холбооныхоо логог, хажуу талдаа шилдэг тамирчдынхаа зургийг байршуулж байлаа. Хэд хэдэн удаа хурд хэтрүүлсэн гээд цагдаа зогсоосон. Цагдаа “Болгоомжтой яваарай” гээд ёслоод л өнгөрч байв. Улсын хилээр гарахад тийм хэцүү байгаагүй. Одоо би хэд хэдэн томоохон тэмцээнд оролцоод үзчихлээ. Тиймээс цаашид очиж үзээгүй улсад болох тэмцээнүүдийг зорих төлөвлөгөөтэй.
-Спортын гэрэл зурагчнаар ажиллахын зэрэгцээ хувийн бизнесээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Хорвоогийн жамаар нас өндөр болж хүссэнээрээ хөдөлж чадахгүй болно. Тиймээс амжиж хүссэн зүйлээ хиймээр байна. 80 нас хүрчхээд хүнд камераа үүрээд явж чадахгүй шүү дээ. Одоо бол тодорхой хэмжээнд бизнес эрхлээд, компанидаа зөвлөхөөр ажилладаг. Тэтгэвэр авах 60 насандаа хүрчихлээ л бол компани руугаа очих ч үгүй. Залуу үеийнхэндээ боломж олгох хэрэгтэй шүү дээ.
-Ер нь спортын гэрэл зурагчид хэр хамтарч ажилладаг бол?
-Байнга холбоотой байж, бие биедээ мэддэг зүйлээ хуваалцана. “Тэнд тийм тэмцээн болох нь, мандатаа авсан уу” гээд л мэдээллээ солилцоно. Түүнээс биш, түрүүлж мэдээд зургаа авчихъя гэсэн санаа байхгүй. Технологийн шинэ шийдэл гарсан ч хуваалцана. Аппарат барьсан болгон спортын гэрэл зурагчин болж чадахгүй. Ч.Ганбат, Э.Харцага бол спортын гэрэл зурагт тэргүүлэгчид. Хэдий бид ах, дүү шиг дотно ч цагаахан өрсөлдөнө. Нэг тэмцээний үеэр Э.Харцагад “Наад зургаа аваач, тэмцээн үзээд байх юм” гээд “загнуулж” байсан удаатай.
А.ТЭМҮҮЛЭН