МУИС-ийн байгалийн ухааны салбар 2024-2025 оны хичээлийн жилд 6.2 тэрбумын алдагдалтай ажиллаж, улмаар багш нарынхаа цалинг тавьж чадахгүйд хүрснийг тус сургуулийнхан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
-МУИС-ийн байгалийн ухааны салбар алдагдалтай ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу вэ?
-Нэгдүгээрт, лаборатори, семинар болон дадлагын хичээлүүд өндөр зардалтай байдаг. Бид одоогоор нэг оюутнаас нэг багц цагийн төлбөрт 130-150 мянга орчим төгрөг авч байна. Гэтэл лабораторийн зардал л гэхэд нэг оюутны 390 мянга орчим төгрөгт хүрдэг. Харин дадлага нь 170-180 орчим мянган төгрөг болдог. Энгийнээр хэлбэл, бидний гол бүтээгдэхүүн бол хичээл, сургалт шүү дээ. Байгалийн шинжлэх ухааны хичээлийг лаборатори, дадлагагүйгээр үргэлжлүүлэх боломжгүй. Оюутнууд онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулж, турших учиртай. Тиймээс энэ нь зайлшгүй гарах ёстой зардал юм. Үүнээс гадна байгалийн ухааны салбарт ажиллаж буй багш нарын олонх нь эрдмийн цол, зэрэг өндөртэй хүмүүс. Тиймээс үүнийг дагаад багш нарын цалин хөлс нэмэгдэнэ.
Эл салбарын санхүүгийн алдагдал зөвхөн энэ жил л хөндөгдсөн асуудал огт биш. 4-5 жилийн өмнөөс л эхэлсэн юм. Манай Шинжлэх ухааны сургууль нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны салбараас бүрддэг. Тиймээс тус салбарын алдагдлыг нийгэм, хүмүүнлэгийнхээс зээлэх маягаар нөхдөг байсан. Алдагдлыг дотроо шингээгээд л байсан гэсэн үг. Гэвч алдагдлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр энэ онд 6.2 тэрбумд хүрлээ. Үүнээс гадна хүмүүнлэгийн ухааны салбар ч ашигтай ажиллаж чадахаа больсон. Ер нь нийгмийн ухааны салбарын мөнгөнөөс л байгалийн ухааны салбарын багш нарынхаа цалинг тавьж байна. Өнөөдөр л гэхэд (өнгөрсөн баасан гарагт) бид цалин тавих гээд нийгмийн ухааны салбараас 450 сая төгрөг зээллээ. Мөн байгалийн ухааны салбарт элсэх оюутнуудын тоо харьцангуй цөөрсөн. Энэ жил өнгөрсөн онуудынхтай харьцуулахад 60-аад элсэгчээр дутуу байна.
Түүнчлэн нэг багц цагийн үнэлгээг нийгэм, хүмүүнлэгийнхтэй адилаар тогтоосон. Уг нь байгалийн ухаан дээрх хоёр салбараас илүү онцлогтой, нэмэлт хэрэглэгдэхүүн их шаарддаг салбар. Тиймээс төлбөрийг илүү нарийвчилсан аргачлалаар тооцох ёстой. Гэтэл эл гурван салбарын хичээлийн нэг багц цагийн мөнгийг яг адилхан 130-150 мянган төгрөгөөр төсөвлөжээ. Нэг оюутан жилд 30 орчим багц цаг үздэг гэж бодоход ойролцоогоор 4.5 сая төгрөг болно. Гэтэл өнөөдөр хувийн цэцэрлэг, сургууль ямар өндөр төлбөртэй байгаа билээ дээ.
-Та бүхэн энэ талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нээлттэй захидал хүргүүлсэн шүү дээ. Ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
-Хариу алга. Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам нарт нээлттэй захидал хүргүүллээ. Эл захидалдаа 6.2 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдалд орсон тухайгаа, мөн байгалийн шинжлэх ухааны салбарыг төрийн бодлогоор дэмжих цаг болсныг онцолсон. Аль ч улсад байгалийн шинжлэх ухааны салбар санхүүгийн алдагдалтай байдаг. Үүнийг төр, муж, эсвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс ивээн тэтгэх маягаар зохицуулдаг юм. Тухайлбал, ОХУ-ын Москвагийн их сургууль бол улсын онцгой статустай байгууллага. Тиймээс бүхий л зардлыг Ерөнхийлөгч нь гаргана. БНХАУ-д боловсролын салбарын төсвийнхөө 60-90 хувийг улсын сургууль, тэр дундаа байгалийн ухааны салбарт татаас хэлбэрээр өгдөг байх жишээтэй. Байгалийн ухааны салбарт төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг бид олон жил ярилаа. Гэхдээ бодит байдалд огт хэрэгжүүлсэнгүй. Энэ хичээлийн жилд байгалийн ухааны салбарт улсын төсвөөс 126 сая төгрөг хуваарилсан. Үүнийг ус, дулаан, цахилгаан гэх мэт урсгал зардалд зарцуулаад л дууссан. МУИС бол төрийн өмчит сургууль. Тиймээс төр байгалийн шинжлэх ухааныг дэмжих бодлого боловсруулах үүрэгтэй юм. Бид маш олон жил аргацаах маягаар ажиллалаа. Хэрэв нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбаргүй, байгалийн ухаан дангаараа ажилласан бол аль хэдийн дампуурчихсан. Нэг ёсондоо нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарынхаа дэмжлэгээр “амь зуудаг” гэсэн үг.
-МУИС-ийн байгалийн ухааны салбарын багш нар төдийгүй оюутнуудын судалгааны өгүүллүүдийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд тогтмол нийтэлдэг. Олон улсад үнэлэгдэх хэмжээний чансаатай байна гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ салбартаа манай улс яагаад ийм бага мөнгө төсөвлөдөг юм бол. Төсөв угаасаа ийм бага байв уу, эсвэл сүүлийн жилүүдэд буурав уу?
-Ер нь манай их сургуулийн нийт төсвийн 90 орчим хувийг оюутны сургалтын төлбөр бүрдүүлдэг. Сургалтын төлбөрөөрөө л бид үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Гэтэл МУИС судалгааны их сургууль болно гээд том зорилт тавьчихсан.
Үе үеийн Засгийн газрын тэргүүн, Боловсролын сайд, МУИС-ийн захирлууд үүнд анхаарал хандуулсан л байх. Гэвч бодит байдалд юу ч өөрчлөгдөөгүй хэвээр л байна. Төрөөс оюутны сургалтын төлбөрийг нэмж болохгүй гэх шаардлага тавьдаг. Төлбөрийг нь чөлөөлөхгүй хэрнээ улсаас дэмжлэг бараг үзүүлдэггүй юм. МУИС-ийг санхүүгийн талаас нь харвал төрийн гэх нэршилтэй ч хувийн сургууль шиг л болчихсон гэж хэлнэ.
-Байгалийн ухааны салбар өдгөө хэдэн багш, оюутантай вэ?
-140 орчим багш ажиллаж байна. Дундаж цалин нь ойролцоогоор гурван сая орчим төгрөг. Нэг сарын цалин тавихад 780 орчим сая төгрөг хэрэгтэй болдог. Тус салбарт одоогоор бакалаврын 1500, магистр, докторын түвшний 300 гаруй оюутан суралцаж байгаа. Бусад салбартай харьцуулахад, багш оюутны харьцаа хамаагүй бага.
-Энэ салбарын багш нарын цалин хөлсийг өмнө нь нийгэм болон хүмүүнлэгийн ухааныхаар нөхдөг байсан гэж та хэллээ шүү дээ. Энэ маягаар нэгээс нь авч, нөгөөг нь нөхсөнөөр наанадаж мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулахад хүндрэл гарах л байх даа.
-Дээр дурдсанчлан хүмүүнлэгийн ухааны салбарын орлого, зарлага тэнцвэржих хандлагатай байна. Тэгэхээр энэ салбар ч бас санхүүгийн алдагдалд орох эрсдэл ойрхон гэсэн үг. Шинжлэх ухааны сургуулийг 2013 онд анх байгуулахдаа олон сургуулийг нэгтгээд, оюутан залууст хөрвөх чадвартай боловсрол олгох зорилготой байсан. Гэтэл энэ зорилгодоо огт хүрч чадсангүй. Санхүүгийн алдагдал наанадаж нийгмийн ухааны салбарын сургалт, судалгааны хэвийн байдалд сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ.
-Алдагдлыг энэ удаад аргалаад өнгөрлөө гэхэд үүнийг бодлогын түвшинд шийдвэрлэхгүй бол цаашдаа ч давтагдах магадлалтай. Муугаар бодоход эл салбар татан буугдах эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай бол?
-Манай байгалийн ухааны салбар бол академик мэдлэг олгодог цор ганц сургууль. Өөрөөр хэлбэл, хими, физик, биологийн нарийн академик түвшний мэдлэг олгодог салбар юм. Тиймээс төрөөс үүнд зориулан дэмжлэг үзүүлэх нь зүй ёсны хэрэг. Тухайлбал, нэг багц цагийн алдагдлыг төрөөс татаас байдлаар шийдэж болно. Алдагдлын хувийг төр засаг тодорхой хэмжээгээр татаас, дэмжлэг байдлаар шийдэх ёстой гэсэн үг. Хоёрдугаарт, байгалийн ухаан, инженерчлэлийн салбарыг бодлогоор дэмжиж, жил бүр санхүүжилт олгох учиртай. Бид энэ мөнгийг зүгээр авахгүй. Тухайлбал, ахисан түвшин буюу магистр, докторын оюутнуудынхаа төлбөрийг улсаас өгч буй дэмжлэг, татаасаар нөхөж болно. Ингэснээр байгалийн ухааны салбарыг сонгон суралцах ахисан түвшний оюутны тоог нэмэх юм. Мөн багшийн цалинг шийдэж, судалгааг нь тодорхой хэмжээнд дэмжин санхүүжүүлэх боломжтой. Ер нь олон улсад байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн сургуулиуд дандаа хувийн хэвшлийн буюу үндэстэн дамнасан компаниудын дэмжлэгтэй байдаг. Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахын тулд захиалгат судалгаа хийлгэдэг. Жишээ нь, профессорууд нь магистр, докторын түвшний оюутнуудынхаа төлбөр, цалин хөлсийг нь шийдээд судалгаа хийлгэдэг. Үүний хариу нь инновац буюу технологийн шийдэл, шинэ бүтээгдэхүүн байдаг. Ийм жишгээр л тус салбар хөгждөг. Харин төрийн өмчит их сургуулийн санхүүжилтийг тухайн улс бодлогоор шийддэг. Үүний цаана мөн л улс оронд хэрэгтэй судалгаа, шинжилгээ бий. Бид алдагдлаа нөхөхийн тулд нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт элсэгчдийн тоог нэмэгдүүлчихвэл багшийн ачаалал, сургалтын чанарын асуудал хөндөгдөнө. Тэгэхээр энэ нь зөв зүйтэй шийдэл биш юм.
-Цалин хөлс, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний дутагдлаас үүдэн багш нар ажлаа орхих тохиолдол гарч байна уу?
-Залуу багш нар ажлаа орхих нь түгээмэл байна. Өндөр цалинтай, том компаниудад ажиллах, эсвэл гадаадын орон луу суралцахаар явах нь цөөнгүй. Залуу багш нар профессор, докторуудыг бодвол харьцангуй бага цалинтай. Тэр нь амьдрахад нь хүрэлцэхгүй учраас ажлаа орхиж байна шүү дээ. Ялангуяа математик, технологи, уул уурхайн чиглэлээр гадаадад докторын зэрэг хамгаалсан залуус ажлаасаа гарч байна. Манайд үйлчлэгч ч тогтохоо болилоо. Дурын компани л 3-4 сая төгрөгийн цалинтай үйлчлэгч ажиллуулж байна. Гэтэл манайх нэг сая ч хүрэхгүй төгрөг өгдөг.
У.ЦЭЦЭГСҮРЭН