Монголын хоккейн үндэсний шигшээ баг, “Дархан” багийн ахлагч, ОУХМ Н.Мишигсүрэнг танихгүй хүн ховор.Тэрбээр энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг амжилтуудыг үзүүлсэн. Хүүхэд байхдаа шайб, цохиуртай нөхөрлөж, үеийнхээ нөхөдтэй мөсөн талбайд өнждөг байсан тэрбээр 1999 онд шигшээ багт анх хөл тавьжээ. 2012-2023 он хүртэл багаа ахалж, “Asian challenge cup” тэмцээнд оролцохдоо 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Филиппинд 2018, Малайзад 2019 онд болсон дээрх тэмцээнд медалийнхаа өнгийг хувиргаж, алтан цомтой ирж байв. Эх орондоо 2023 онд зохион байгуулсан ДАШТ-д багийнхантайгаа дэд байрт шалгарч, Кувейтэд өнгөрсөн хавар болоход нь аваргаар тодорсон юм. Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” клубээс амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр өнгөрсөн жил Дархан-Уулд “Дархан” багийг бүрдүүлэн лигийн АШТ-д оролцохдоо түрүүлж байлаа. Оролцсон тоглолт, авсан оноогоороо Монголын хоккейн спортынхноос дээд амжилтыг эзэмшдэг түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цолоор шагнасан билээ.
-Монголын үндэсний шигшээ багийнхнаас та шагналын салхи хагалж, Гавьяат тамирчин цол хүртлээ. Хойшид ийн дуудуулах хүндтэй цолыг хүртэх үед олон зүйл бодогдсон байх.
-Гавьяат тамирчин цол хүртэхэд сэтгэлд олон зүйл бодогддог юм билээ. Тэр үед төрүүлж өсгөсөн аав, ээж, мөн хоккейн спорт анх заасан багшийгаа хамгийн их бодож, бахархаж зогссон. Миний хувьд хоккейтэй нөхөрлөөд 28, шигшээ багт тоглоод 25 жил болжээ. Биднийг гадаадын тэмцээнд оролцохоор очиход олон орны дасгалжуулагчдаас монголчууд багийн спортод амжилт гаргахгүй гэх хандлага анзаарагддаг байв. Харин одоо Монголын хоккейчид эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Энэ нь тэр цагаас өнөөг хүртэл энэ спортыг хөгжүүлж ирсэн Монголын хоккейн холбооны үе үеийн ерөнхийлөгч, тамирчин, дасгалжуулагчдын ач тус юм.
-Үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн “Шарын гол” багт та тоогдож ирсэн гурван тоглогчийн нэг байсан гэдэг. Энэ тухай яривал сонин түүх өгүүлэх ч юм бил үү?
-Монголын шайбтай хоккейн ерөнхийлөгч байсан Х.Балсандорж захирлын үед (1997 он) хоккейн багт 18 нас хүрээгүй гурван тоглогч байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байлаа. Тухайн үед өсвөр үеийнхний тэмцээнд оролцдог 20 гаруй хүүхдээс шалгарсан шилдэг гурван тоглогч Дархан-Уул аймгийн “Шарын гол” багт ирсэн. Тэдний нэг нь би. Намайг тус багт хөл тавихад анх угтаж авсан багш бол Б.Жаргал ах. Хэдэн жилийн дараа оюутан болж, Орхон аймгийг зорин “Хангарьд” багийнхантай нэгдэв. Тэр үеэс ахмад тамирчдаас хоккей гэж ямар спорт болохыг суралцаж, ур чадвараа алхам алхмаар ахиулсан. Миний ид амжилт гаргасан он жилүүд “Хангарьд” багтай салшгүй холбоотой.
-“Шарын гол” багт тоглож, танил болсон залууг “Хангарьд”-ынхан ч дуртай угтаж авсан байлгүй.
-Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд оросууд амьдарч, хоккей их тоглодог байсан нь энэ спортыг хөгжүүлэхэд их нөлөөлсөн. Намайг багт нь тоглохоор очиход “Хангарьд”-чууд хүрэл медаль хүртчихсэн, залуучууд нь сайн тоглодог, дасгалжуулагчид нь чадварлаг тамирчин бэлтгэдэг болчихсон байв. Түүнээс хойш лигийн АШТ-д зургаан удаа түрүүлсэн шүү дээ. Лигийн тэмцээнд оролцдог багуудаас шилдэг тоглогчдыг шалгаруулж, шигшээ баг бүрдүүлснээр амжилт гаргаж эхэлсэн. 1990 оноос хойших тэмцээнүүдэд Дархан-Уул аймгаас “Шарын гол”, Улаанбаатар хотоос “Хөдөлмөр” багийнхан хошуучилсан бол 2000-аад оны эхэн үед “Багануур”-ынхан таван удаа аваргаар тодорч, тэдний дараахнаас “Отгон од”-ын тамирчид тэргүүлэх болсон.
-Тайландын мөсөн талбайгаас хүртсэн хүрэл медаль Монголын хоккейчдод урам өгч, амжилт гаргах замыг нь зассан гэх яриа байдаг.
-Тийм ээ. Тэнд 1998-1999 онд болсон тэмцээнд 18 хүртэлх насны залуучуудын шигшээ багийнхан оролцож, Тайванийн багтай тоглохдоо медалиас мултарч, IV байр эзэлсэн. Бидэнд тэр тоглолт маш том сургамж болж, хойшид хожигдохгүй байх шар төрүүлж билээ. Тус тэмцээнд тоглосон залуучууд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, “Asian challenge cup” тэмцээнд анх удаа хүрэл медаль хүртэхэд Азийн хоккейн холбооныхон ихэд гайхсан. Тэд “Мөсөн ордонгүй орны тамирчид тивийн шилдэг багуудыг хожиж, медаль яагаад хүртчихэв. Монголын хоккейчид зөвхөн өвлийн улиралд гадаа тоглож, бэлтгэл хийдэг гэсэн” гээд ярьж байлаа. Гадаадынхан биднийг сонирхож судалсан түүх тэр хүрэл медалиас эхлэлтэй. Бид ч шагнал гардсан тоглолтоосоо урам авсан. Залгамж халаа болсон дүү нар минь ч хойшид амжилт гаргах боломжтойг тэгэхэд олж харсан гэж боддог.
-Монголын шигшээг Тайландын багтай тоглохоор болоход эзэн хаан нь тэмцээний цагийг хойшлуулж, өөрийн биеэр хүрэлцэн ирж үзсэн гэдэг. Энэ талаар сонирхуулж яриач.
-Бид тэднийг нутгийнх нь талбайд, эзэн хааных нь өмнө, нүдэн дээр нь хожсон. Түүнээс хойш манайхныг нэг хэсэгтээ л дийлээгүй. Тэр ялалт хоккейн мэргэжилтнүүдийг алмайруулж, “Монголын тамирчид мөсгүй хэрнээ хоккей яаж сайн тоглоод байна вэ” гэсэн яриа хаа сайгүй өрнөснөөр Дэлхийн хоккейн холбоо манай улсад мөсөн ордон барих талаар хүртэл ярьж эхэлсэн. Бид тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэх гэж амаргүй зам туулсан даа. Мөсөн ордонтой болохыг мөрөөдсөн үе үеийн хоккейчдын хүсэл 2021 онд биелсэн. “Степпе арена”-д шайбтай хоккейн тив, дэлхийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж, медаль зүүхэд үгээр хэлэмгүй мэдрэмж төрж байв. Гадаадын тэмцээнд оролцохоор цүнхээ үүрээд явдаг бид эх орондоо анх удаа томоохон тоглолт хийхдээ огшиж, бас дэмжиж үзсэн хөгжөөн дэмжигчдийг хараад өөрийн эрхгүй баярын нулимс дуслуулж байлаа.
-Орхон аймагт мөсөн ордон барих нь гэсэн яриа нэг хэсэг чих дэлсээд чимээгүй болсон шүү дээ.
-Би 2004 онд Орхон аймагт хөл тавьж, уулын баяжуулах үйлдвэрийн ил уурхайн маркшейдер инженерээр ажилладаг байлаа. Тус аймагт анхны мөсөн ордон барихаар 2008 онд шав тавьж, 2012 онд барих байв. Гэвч ямар асуудлаар замхарч алга болсныг сайн мэдэхгүй. Тэр үед шавыг нь тавьж, нүх ухсан нь одоо ч хэвээр байдаг. Хоккей бол монгол хүний биеийн онцлогт тохирсон спорт. Бид өвлийн ид хүйтэнд гадаа тоглож, тэмцээнд оролцохдоо ханиад хүрч байгаагүй. Зөвхөн Улаанбаатар хот мөсөн ордонтой байх бус, бусад аймагт ч гэсэн барих талаар Сангийн сайд Б.Жавхлан ярилцаж байна. Дархан-Уул аймагт энэ жил мөсөн ордон барихаар шав тавихад хүмүүс сэтгэл өндөр хүлээж авсан. Тус аймаг мөсөн ордонтой болбол Орхон, Сэлэнгийн хүүхэд, залууст ч бэлтгэл хийх боломж бүрдэнэ. Орон нутагт энэ спортыг хөгжүүлэх орчин нөхцөлийг нь бүрдүүлбэл чадварлаг тамирчид бэлтгэгдэх нь эргэлзээгүй.
-Тамирчдын хүүхдүүд удам дамжиж спортоор хичээллэдэг. Гэхдээ хоккейд аав, хүү хоёр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-д тоглосон тохиолдол ховор л доо.
-Миний хүү Чинзолбоо гурван настайгаасаа хоккейгоор хичээллэсэн. Намайг “Хангарьд” багийхантай бэлтгэл хийсэн он жилүүдэд хамт тоглож, өнөөг хүргэлээ. Хүүгээ 18 хүртэлх насныхны Азийн АШТ-д оролцоход би багийнх нь дасгалжуулагчаар ажилласан. Түүнээс хойш хүүтэйгээ үндэсний шигшээ багт хамт тоглосон нь амьдралд минь тохиох ховор завшаан байв. Бид өнгөрсөн жил лигийн АШТ-д “Дархан” багт тоглож түрүүлсэн. 2022 онд би “Шарын гол” багийнхантай нэгдэж, лигийн аварга болсон юм. Хүү минь БНСУ-д бэлтгэл базааж байгаад саяхан ирлээ. “Asian challenge cup”-д тоглодог байсан Тайланд, Тайванийн багийн тамирчдын олонх нь өдгөө дасгалжуулагч болсон. Өнгөрсөн жил биднийг ДАШТ-д тоглоход тэд надаас “Хүүтэйгээ тоглох ямар байдаг вэ” гээд их асуусан шүү. Зарим нь “Манайх эрт хүүхэдтэй болсон ч хоккей ер сонирхоогүй” гэж байв.
-Монголын хоккейн шигшээг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-“Отгон од” клубийг үүсгэн байгуулагч Ч.Пүрэвдаваа, мөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан А.Энхбат, Э.Шинэбаяр. Тэднээс Э.Шинэбаяр багш “Монголын шигшээ багийн ахлагчаар чи ажиллах ёстой” гэж зөвлөснөөс хойш 18 жил багаа ахалж, тэмцээнд оролцлоо. Бид багшийнхаа алсын хардаг ухаан, ур чадвараар бахархдаг. Тэрбээр “Энэ хүүхэд хоккейгоос холдохгүй. Хойшид багийнхаа залуусыг нэгтгэж, зангидаад аваад явж чадна” гэж өндөр итгэл хүлээлгэсэн. Хэдийгээр бид дэлхийн аварга болсон ч “Asian challenge cup”-аас хүртсэн анхны хүрэл медаль хамгийн үнэ цэнтэй. Энэ утгаар яривал Монголын хоккейчдын амжилтын салхийг хагалж, замыг нь зассан гэж боддог. Тэр үед шигшээ багийг бүрдүүлж, Монголын хоккейг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй Э.Шинэбаяр дасгалжуулагч. Тэрбээр АШУҮИС-ийг эмч мэргэжлээр төгссөн тул бидэнд эмч, дасгалжуулагч, сэтгэл зүйч болдог байв. Одоо үндэсний шигшээ багийг дасгалжуулагч А.Мэргэн бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулдаг.
-Тамирчдаа гадаадын тэмцээнээс медаль авхуулчих юм сан гэдэг үүрэг, хариуцлага үүрч явах хааяа хэцүү санагддаг байв уу?
-Хэцүү санагдахаас илүү багийнхаа тоглогчдыг өмнөхөөс нь илүү амжилтад хүргээд зодог тайлах сан гэж боддог. Би Монголын хоккейн шигшээ багийг 18 жил ахлахдаа хэзээ ч шантарч байгаагүй.
-“Степпе арена”-д анх зохион байгуулсан IV дивизионы ДАШТ-д манайхны Филиппиний багтай оноо тэнцсэн тоглолт мартагддаггүй. Үзэгчид судлаасаа босоод тасралтгүй дэмжиж байсан дуу хоолой нь одоо сонсогдох шиг болдог.
-Бид тэр тоглолтод авьяас, ур чадвар, туршлага гээд хоккейгоос сурсан, мэдсэн бүхнээ шавхаж гаргасан. Филиппиний шигшээ маш хүчтэй. Хоёр багийн оноо тэнцэхэд цаг сунгаж тоглуулахад манайхан нэг оноогоор (6:7) хожигдсон юм. ДАШТ эхлэхэд бид тэдэнтэй медалийн төлөө тоглоно гэсэн бодолтой байв. Түүнийгээ ч биелүүлсэн. Монголын баг сүүлийн тоглолтоо Индонезийн шигшээтэй өрнүүлж, 5:1-ээр буулган авснаар мөнгөн медалийн эзэн болсон. Тэр тэмцээнд Филиппиний баг түрүүлж, Кувейтийн шигшээ хүрэл медальтай нутаг буцсан. Ямар ч тэмцээнд бусад орны багийг басаж болохгүй. Тэд багтаа туршлагатай легионеруудыг урьж тоглуулдаг. Филиппин улс легионер тамирчдыг хоёр улсын иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Монголд хоккей хэрхэн хөгжиж, тамирчдынхаа ур чадвар ямар түвшинд хүрснийг Филиппиний багтай өрсөлдсөн тоглолтоос спорт сонирхогчид мэдэрсэн болов уу. Тэдэнд ялагдчихаад сууж байхад Сангийн сайд Б.Жавхлан бидэнд “Залуучууд аа, та нарт маш их баярлалаа. Эх орондоо зохион байгуулсан ДАШТ-д Филиппиний хүчирхэг багтай тамирчдаа хэрхэн тоглохыг Монголын ард түмэн харлаа, бас огшиж үзлээ” гэж хэлээд баяр хүргэсэн. ДАШТ-д түрүүлсэн баг дивизион дээшилж тоглодог. Манайханд өмнө нь хэдэн ч удаа ялагдсан Тайландын баг одоо II дивизионд тоглож байх жишээтэй. Монголд мөсөн ордон эрт барьсан бол тэдэнтэй эл дивизионд өрсөлдөж байх байлаа. Биднийг залгамжилж буй залуучуудын ур чадвар жилээс жилд ахин, ДАШТ-ий II дивизионд тоглох боломж бүрдэж байгаад баярладаг.
-Кувейтэд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ДАШТ-д манайхан эзэн орны багийг хожиж түрүүлэхэд үзэгчид бас огшиж үзсэн дээ.
-Тус улсын шигшээ ОХУ-ын дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаадаг. Багийнх нь бүрэлдэхүүнд хойд хөршийн таван легионер бий. Тэдний нэг нь хаалгач. ОХУ-д хоккейн спорт өндөр хөгжсөн. Монголын багт таван тоглогч нь дасгалжуулагчтайгаа ялагдахад хөгжөөн дэмжигчдэд нь таатай санагдаагүй л болов уу. Мексикт ирэх жилийн гуравдугаар сард болох III дивизионы ДАШТ-д оролцох багуудын нэр тодорсон тул Азийн орнууд биднийг хэдийн судлаад эхэлчихсэн. Тиймээс хоккейн үндэсний шигшээ багийн тамирчид ОХУ-д долоо хоног бэлтгэл хийгээд ирлээ.
-Хоккейд амжилт гаргах амаргүй. Энэ спортод дуртай нь үлдэж, амьдралаа харамгүй зориулдаг биз?
-Хүүхэд, залууст хоккейн гайхамшгийг харуулж, дуртай болгосон ахмад тамирчдаараа бахархдаг. Монголын шигшээ багт надаас гадна З.Батгэрэл, И.Алтангэрэл, Б.Болдбаяр, Ж.Баярсайхан, Б.Мөнхболд нар олон жил тоглолоо. Тэднээс “Отгон од” багийн хаалгач Б.Мөнхболд тив, дэлхийн тэмцээнд шигшээ багийн хаалгыг найдвартай хамгаалж ирсэн. Хоккейн тэмцээний 70 хувь нь хаалгачаас хамаарна. Сайн, чадварлаг хаалгачтай байх нь амжилт гаргахад нөлөөлдөг. Нөхөдтэйгөө мөсөн талбайд жаргал, зовлонгоо хуваалцаж, нөхөрлөсөн он жилүүдэд амьдралдаа мартагдахааргүй сайхан дурсамжуудыг үлдээжээ.
-Лигийн АШТ-ий III тойргийн тоглолт Дархан-Уул аймагт энэ сарын 11-нд эхлэх нь. Та багийнхаа тоглогчдод юу гэж зөвлөдөг вэ?
-Финалын тоглолтыг волейболын үндэсний дээд лигийн тоглолт өндөрлөсний дараа “Степпе арена”-д хийнэ. Миний бэлдсэн залуучууд одоо “Хангарьд” багт тоглодог. Тэд “Лигийн аваргын төлөөх тоглолтод багшийгаа хожчихоод бүгдээрээ өмнө нь сөгдөж сууна аа” гээд хэлж байлаа. Түүнээс хойш гурван жил өнгөрчээ. Тэд түрүүлбэл надад барьж буй бас нэг том бэлэг юм. Лигийн тэмцээнд тэднийхээ эсрэг баг болоод тоглох хэцүү. Өөрийнхөө тоглодог байсан багийг хожиж, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө аварга болоод зогсох надад ч амаргүй санагддаг. Багийн тоглогчдоо удирддаг миний нэг давуу тал бол сахилга бат, хөдөлмөр. Тиймдээ ч дүү нартаа “Үүнийг эрхэмлэж, баримталсан баг аварга болдог. Монголын лигт та нар өрсөлдөгч байж болно. Шигшээ багийн тамирчид улсаа төлөөлж тоглодог тул нэгэндээ хайртай байгаарай” гэж зөвлөдөг.
-Өмнөд хөршийн Харбинд зохион байгуулах Азийн өвлийн наадамд хоккейн шигшээ багийнхан оролцохгүй болсон нь ямар учиртай юм бол?
-ДАШТ-д өрсөлддөг Азийн орнуудын багт оноо өгдөг. Тэгэхээр алгасалгүй оролцож, оноо цуглуулах ёстой. Монголын хоккейн үндэсний шигшээ багийг ДАШТ-д хоёр жил оролцсон тул оноо нь хүрэхгүй гэж үзсэн. Гэтэл бидэнд хожигдож, мөнгөн медаль хүртсэн Кувейтийн баг цуглуулсан оноогоороо тус наадамд тоглохоор болж байна. Манайхан Азийн наадамд оролцох гэж их хүлээсэн. Би их сонин. Хааяа азгүйтнэ. Азийн наадмын өмнө бэртдэг, эсвэл ямар нэгэн шалтгаанаар оролцож чадахгүй хоцорно. Тивийн орнуудын дасгалжуулагчид манайхныг тус наадамд оролцвол ямар медаль авах бол гэж ярилцаж байсан гэдэг. Миний таамаглаж буйгаар Азийн өвлийн наадамд Казахстан, Японы шигшээ аваргын төлөө тоглох байх. Би хойшид шигшээ багт, ДАШТ-д тоглохгүй. Харин холбооныхоо арын албыг хариуцаж ажиллана. Шигшээ багийн ахлагчаар хэнийг томилох талаар одоохондоо ярилцаж байгаа. Ахлагчийн албаа удахгүй албан ёсоор хүлээлгэж өгнө. Энэ ташрамд, Монголын хоккейн холбооны үе үеийн ерөнхийлөгч, шигшээ багийн тамирчин, бэлтгэл хийлгэсэн дасгалжуулагч, мөн залгамж халаа болсон дүү нартаа баярлаж талархснаа илэрхийлье.