Төсвийн хуваарилалт болон боловсролын тэгш бус байдлын асуудлаар“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр орос, англи хэлний багшаас эхлээд боловсролын салбарт олон жил ажиллаж буй юм. 2011 оноос төрийн бус байгууллагуудтай хамтран “Бүх нийтийн боловсролын төлөө” эвслийг байгуулжээ.
-Тэгш бус байдал боловсролын салбарт улам гүнзгийрсний хор уршиг одооноос илүүтэй мэдрэгдэж байна. Ийм байдал хэзээнээс бий болчхов?
-Монголын боловсролын салбарын нөхцөл байдал уруудан доройтсон нь мөнгөтэй болсноос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хувийн сургууль байгуулах эрх үүссэн.
Гэхдээ тухайн үед хүмүүс хувийн сургууль байгуулах мөнгөгүй, хөрөнгө оруулалтгүй байв. Боловсролыг зарж ашиг олох гэдэг ойлголт байсангүй. Социализмын үед бүх нийтэд үнэ төлбөргүйгээр чанартай боловсрол эзэмшүүлэх бодлогыг маш сайн хэрэгжүүлсэн. Тэр үед боловсрол эзэмшсэн хүмүүс инерциэрээ нэг хэсэг “явсан”. Тэгш бус байдал мэдэгдээгүй. Харин 2010 оноос хойш уул уурхайг илүүтэй ашиглаж, төр мөнгөтэй болж, төсөв “түнтийж” эхлэнгүүт хүмүүс боловсролд хөрөнгө зарах болсон. Хувийн сургуулиуд цэцэглэж, борооны дараах мөөг шиг олширсон. Энэ үед төрөөс боловсролын талаар бодлого боловсруулах ёстой байв. Хувийн сургуулийн тоо яагаад нэмэгдэв, боловсролын салбар болон нийгэм, улс орны ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцоогүй. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд сургуулийн захиргаатай гэрээ байгуулна, хувь хүн хоорондын асуудал, Боловсролын яаманд хамаагүй гээд “хаячихсан”. Энэ нь өнөөдрийн нийгмийн тэгш бус байдлыг гааруулах нэг том хүчин зүйл болсон. Бүр хорт хавдар шиг аюултай. Хувийн хэвшлийн сургуулиудыг ашиг олох сэдэл, тэмүүллээр байгуулж байгаа нь хорт хавдрын эсийг үржүүлсэнтэй адил юм. Боловсролын салбарт шинэ инновац нэвтрүүлэх, улсын сургуулийн хүрч чадахгүй байгаа бүлгийн хүүхдүүдийг хамруулах гэх мэт. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж болно. Мөн үндэсний цөөнхөд боловсролын үйлчилгээг эх хэлээр нь хүргэх, улсынхаас шинэлэг хэлбэрээр сурагчдад мэдлэг олгох, малчдын хүүхдийг дотуур байранд бус, өөр аргаар сургах гэх мэтээр хувийн сургуулиуд хөгжиж, өрсөлдөхийн оронд зөвхөн ашиг хөөсөн нь өрөөсгөл. Эзэн биедээ буюу боловсролын тогтолцоонд сөрөг нөлөөтэй, доройтуулсан, шимэгчилсэн, “хавдар” ургасаар байна.
-Хувийн сургуулиудыг хорт хавдартай зүйрлэсэнд дургүйцэх хүн цөөнгүй байх. Таныхаар ийм сургуулиуд байх ёстой юу. Төрөөс яаж зохицуулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Заавал байх ёстой биш. Гэхдээ хүний эрхийн тухай баримт бичгээр бол хүн сургууль нээж ажиллуулж болно, эцэг, эхчүүд төрөөс тавьсан шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг сургуулиас сонгох эрхтэй. Би хувийн сургуулиуд боловсрол, сургалтын мөн чанараас гажиж, ашгийн төлөө ажилладгийг нь шүүмжилж байна. Хувийн сургуульгүй улс орнууд бий. Тухайлбал, Өмнөд Солонгос гэхэд өндөр төлбөртэй, элитүүдэд зориулсан хувийн сургууль олноор байгуулснаар нийгэм нь хоёр туйл руу эрчимтэй хуваагдаж эхэлсэн. Үүнийг анзаарсан төрийн бус байгууллагынхан, иргэд нийгэмд тэгш бус байдал үүсгэж буйг нь эрс эсэргүүцсэнээр 10 орчим жилийн өмнө Засгийн газар нь хувийг сургуулиудыг үе шаттай хаасан. Мэдээж эсэргүүцэлтэй тулгарсан. Төрийн бодлого хатуу байх ёстой. Мөн Норвег, Финланд, Канадад хувийн сургууль маш цөөн. Тухайлбал, Норвег дэлхийд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлэгчдийн нэг. Тэгвэл яагаад “чинээлэг” улсад хувийн сургууль цэцэглэхгүй байна вэ. Норвегт сурагчдын 95 орчим хувь нь төрийн сургуулиудад сурдаг. Хичээлийн хөтөлбөр нь улсын стандарттай нийцсэн байх ёстой. Бүх иргэдэд чанартай, тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой төрийн бодлого, зохицуулалт юм.
Тэгш бус байдлыг хувийнхан гааруулж байна
-Монгол Улс Үндсэн хуульдаа сурч боловсрохтой холбоотой заалтыг маш нарийн томьёолсон гэж үздэг. Гэвч хэрэгжүүлдэггүй.
-Тийм ээ. Хэдий зах зээлийн нийгэмд шилжсэн ч ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байх ёстойг тухайн үед Үндсэн хууль боловсруулагчид олж харж, ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмшинэ хэмээн заасан. Гэхдээ хүний эрхийн баримт бичгийн дагуу төрөөс тавьсан шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулахыг зөвшөөрсөн. Гэвч тус хуулийн дээрх заалтыг ийм сургуулиудад хэрэгжүүлээгүй. Үе үеийн сайд, дарга нар нь хувийн сургуулиуд “төрөөс тавьсан шаардлага”-д нийцсэн, эсэхийг авч хэлэлцдэггүй. Бусад улс хувийн сургуулийн үйл ажиллагааг маш нарийн зохицуулсан байна. Жишээ нь, төлбөрийн тааз тогтоосон. Гэтэл манайд ажил, орлоготой хүмүүс бүү хэл, бизнес эрхлэгчид хүртэл “даахааргүй”, МУИС-ийн төлбөрийг хэд нугалсантай дүйхүйц төлбөртэй бий. Нэгдүгээр ангийн хүүхдэд үсэг, тоо заах үнэлгээ нь ийм өндөр. Мөн зарим нь улсын сургуулийн багшийг ажиллуулж болохгүй гэж зохицуулжээ. Гэтэл манайд улсын сургуульд олон жил ажиллаж, туршлагажсан сайн багшийг хувийнх нь татаад авчихдаг. Хэдэн зуун хүүхдийн боломжийг “хулгайлж”, гарах үр дүнг нь булааснаас өөрцгүй. Тэр бүү хэл, хувийн сургуулийг ашгийн төлөө ажиллахыг нь хориглосон улс ч байдаг. Сургуулийн захирал, багш, ажилтнууд хөдөлмөр эрхэлсэн цалингаа л авна. Түүнээс ашгийн төлөө улайрахгүй. Үүнд Чили улсаар жишээ татаж болно. Тус улс боловсролдоо чөлөөт зах зээлийн зарчмаар хандтал асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, ядуу, дундаж, чинээлэг хэсгийнхний сурдаг сургууль гэсэн гурван давхаргад хуваагдаж, нийгэм тэр чигээрээ ойлголцохгүй, дайсагналцаж, бослого, тэмцэл өрнөсөн. Тиймээс хувийн сургуулиудыг ашгийн бус болгож, хуульдаа өөрчлөлт оруулсан юм. Монгол Улс үүн шиг боловсролын салбарыг зах зээлийн зарчмаар, эрэлт, нийлүүлэлтийн хуулиар буюу эцэг, эх, сургууль хоорондоо асуудлаа шийд гээд олон жил хаясан. Хувийн сургуулийг анх байгуулахад нь л салбарын яамнаас шаардлага тавьдаг. Гэвч тэд олон зүйлийг эрх ашигтаа нийцүүлэн зохицуулж ирсэн. Хүүхдүүдийг сурлагын амжилтаар нь сонгож элсүүлдэг, ар гэрийнхнийг нь судалж, улс төрийн зорилгоор элсүүлэх гэх мэт. Тэгсэн хэрнээ ялгамжтай байдлыг өөгшүүлдэг. Жишээ нь, сургалтын төлбөрийг нь төлье гэсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахгүй байгаа нь ялгаварлан гадуурхалт юм. Мөн суудал хадгалах төлбөр гэж эцэг, эхчүүдээс авдаг. Энэ мэтээр төрийн хяналтаас гарч, шаардлага нь ихсэж, тэгш бус байдал улам гүнзгийрсээр өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. Бид боловсролын тэгш бус хуваарилалтын талаар МУИС-ийн багш, эдийн засгийн доктор, профессор Б.Отгонтөгсөөр судалгаа хийлгэсэн. Тэрбээр төсвийн хуваарилалтаар боловсролын салбарт тэгш бус байдал үүссэнд хувийн сургуулиудын нөлөө их байгааг хэлсэн. Эцэг, эхчүүдээс төлбөр, нэмээд улсын төсвөөс мөнгө авдаг нь тэгш бус байдлыг гааруулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл улсын сургуулиуд гурван ээлжээр, түрээсийн байранд хичээллэж байна. Нэг ангид 50-60 хүүхэд чихэлдэж, багш нарын цалин маш доогуур, сургуулийн орчин нөхцөл тааруу, сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй. Улсын сургуульд төсөв ийм хомсдолтой байхад төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгож буй нь санхүүжилтийн тэгш бус хуваарилалт мөн.
-Хувийн сургуулиуд ашгийн төлөө ажиллаж буйг юугаар нотолж болох бол?
-Сургуулиуд ашгийн төлөө ажиллаж буй, эсэхийг тогтоох маш хэцүү гэж судлаачид үздэг. Гэхдээ хэд хэдэн шинжээр тодорхойлж болно. Салбар сургуультай болсон нь хэдийн ашгийн төлөө ажиллаж буйг илэрхийлж байна. Чинээлэг өрхүүдийн амьдарч буй хороололд газар авч, том том байшин барилга барьж байгаа нь асар их ашиг олж буйн шинж.
Боловсролд зарцуулах зардлыг нэмэхгүй юм гэхэд, бууруулах ёсгүй
-2025 оны төсвийг үрэлгэн, үр ашиггүй хэмээн бүгд шүүмжилж буй. “Хүнээ бодсон бодлогыг төр засаг баримталж байгаагүй” гэж та нэгэн ярилцлагадаа дурджээ. Энэ удаа мөн л иргэдээ бодсонгүй юү?
-Монгол Улс төсвийн орлогынхоо 20-иос доошгүй, ДНБ-ий зургаагаас багагүй хувийг боловсролд зарцуулна гэж олон улсад амласан. Гэтэл сүүлийн 20 жилд энэ амлалтдаа хоёрхон удаа хүрэв. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн сонгуулийн жилд. Олон газар сургууль, цэцэрлэг барьсан нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг өөд нь татав. Гэвч боловсрол, сургалтын үйл ажиллагааны төсвийг нэмээгүй. Боловсролд зарцуулах төсөв зөвхөн сонгуулийн жилд огцом нэмэгдээд, бусад үед нь буурчихдаг гаж үзэгдэл тогтсон. Ядаж сүүлийн 10 жилд төсвийн орлогын 20 хувийг боловсролын салбарт тогтмол зарцуулсан бол нөхцөл байдал өөр байх байлаа. Хүүхдүүд зориулалтын бус байранд, гурван ээлжээр хичээллэхгүй. Гэтэл энэ онд бүр 200 тэрбум төгрөгөөр бууруулсан төсөв хуваариллаа. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, дахин шинэ сургууль, цэцэрлэг барихгүй гэнэ. Сургууль, цэцэрлэгийн тоо хангалттай гэж үү. Эрх баригчид хүн төвтэй хууль батална, бодлого баримтална гэж зарласан. Хүнд эрүүл мэнд, боловсрол хэрэгтэй биз дээ. Эдгээр үйлчилгээнд зориулсан зардал суралцахуйн үр дүнд хамгийн нөлөөтэй гэж олон судалгаагаар гаргасан байдаг. Сурлагын амжилт бол чанар. Боловсролын тэгш бус байдлыг тодорхойлохын тулд эдийн засгийн тэгш бус байдлын үзүүлэлтийг ашигладаг. Жини коэффициентээр боловсрол, эрүүл мэндэд зарцуулсан зардал хамгийн их нөлөөтэйг тооцсон байдаг. 2012 онд Дэлхийн банкнаас Монгол Улсын төсвийн зардалд хийсэн тойм шинжилгээнд боловсролд зарцуулсан зардал тэгш бус байдлыг бууруулахад хамгийн өндөр нөлөөтэй гэж үзжээ. Нийгэм дэх ийм байдлыг шийдвэрлэе гэвэл боловсролд зарцуулах зардлыг нэмэхгүй ч бууруулахгүй байх шаардлагатай.
Сүүлийн 30 жилд анх удаа халамжийн төсөв боловсролынхоос илүү гарлаа. Боловсролын сайдын багц хэмжээгээрээ Сангийн сайдын дараа ордог байсан. Гэтэл нийгмийн хамгаалал, халамжийн дараа бичигдлээ. Төсөвт хориг тавих Ерөнхийлөгчийн шийдвэр маш зөв. Энэ Монгол Улсын хөгжил, иргэнээ бодсон төсөв огт биш. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Боловсрол 15 дахь мега төсөл байж болох байлаа” гэж чуулганы үеэр хэлсэн. Гэвч оройтсон болов уу гэж.
Цахим сургалтаар багш бэлдэнэ гэж байхгүй
-45 хоногийн сургалтаар багш бэлдэж байна. Хэрэв багшийн цалин хангалттай бол хомсдол үүсэхгүй байсан болов уу. Та энэ тухайд ямар байрь суурь илэрхийлэх бол?
-Багшийн орон тоог нэмэх хэд хэдэн арга зам бий. Нэг гол арга нь багшийн цалинг нэмэх. Тэд 1000 ам.долларын цалин л хүсэж байгаа. Эрх баригчдад хүсэл, сонирхол байвал тэдний цалинг нэмэх боломжтой. Гэвч олон мянган багш бий учраас их төсөв шаардлагатай гэж “ам тагладаг”. Тэгвэл тэр олон мега төслийг хэрэгжүүлэхэд “олдсон” мөнгийг багш нарт яагаад зарцуулж болохгүй гэж. Багшийн цалинг нэмэхгүй бол ажиллах хүн улам л цөөрнө. Сайн багшгүйгээр боловсролын чанарын тухай ярих нь утгагүй. Сайн багшгүйгээс бүх салбарт мэргэжилтнүүдийг “чанаргүй” бэлдэж байна. Судлаачдын үзэж буйгаар боловсролын чанарыг сайжруулахад зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүн нь 10, 20 жилийн дараа гардаг. Гэтэл УИХ-ын гишүүдэд дөрвөн жилийн л үр дүн чухал. Өөрөөр хэлбэл, манай улс харалган төртэй, богино хугацааны үр дүн хүсдэг улс төрч, иргэнтэй болжээ.
Би 45 хоногийн сургалтаар багш бэлдэх шийдвэрийн эсрэг байр суурьтай байсан. Багш бол мэргэжил. Наад зах нь дөрвөн жил бакалаврын боловсрол эзэмшсэн байх ёстой. Тодорхой хэмжээнд ёс зүйн төлөвшил, хүүхэдтэй ажиллах арга барилд суралцах хэрэгтэй. Хүүхэд өдөр бүр багшийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг дуурайж хүмүүждэг. “Хэн дуртай хүн багшилж болох уу” гээд эцэг, эхээс асуугаарай. Хүүхдийг яаж чиглүүлбэл сурч хөгждөг талаарх шинжлэх ухааны мэдлэггүй хүн хэрхэн өдөр тутамд хичээл заах вэ. Тэр “багш”-ийн “үр дүн” нэг цаг, хэдэн жил хичээл заасны дараа гарахгүй. 12 жилийн дараа эхний үр дагавар нь гарна. Тухайн сурагч их, дээд сургууль төгссөний дараа, бүр насан туршид нь ч дагалдана. Буруу нөлөө үзүүлсэн бол дараа нь засах боломжгүй. Ийм нарийн мэргэжлийг сайдаасаа эхлээд Засгийн газрын түвшинд ойлгохгүй байгаа нь харамсалтай. 45 хоногийн багш бэлтгэх сургалтыг танхимд бус, зайнаас сургаж буй нь бүр аюултай. Цар тахлын дараагаас танхимд хичээллэх нь ямар үр дүнтэйг дэлхий нийтээрээ мэдэж авсан. Гэтэл багш бэлтгэх курсийг цахимаар сурч болохоор зохицуулжээ. Үүгээр зогсохгүй, бүтэн цагаар бус, гэрээт багшаар ажиллах юм билээ. Зөвхөн хэдхэн цаг хичээл заагаад, бусад үед өөр ажил эрхэлж болох нь. Ийм хүн сурган хүмүүжүүлэх ажилд сэтгэл зүрхээ зориулах уу. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд таван жил сурсан хэдий ч анх хичээл заахдаа барьц алдаж байсан.
-Улсын сургуулиуд нь хүртэл дотроо хотын төв, захын хороолол гээд ялгаатай байдал үүсгэсэн. “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн нь” хэмээн үе үеийн боловсролын сайд хэлдэг. Гэтэл гэрийнхээ ойрхон сургуулиас хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна шүү дээ.
-Санхүүжилтийн бодлогоор сургуулийн үйл ажиллагааг сайжруулах боломжтой гэж олон судлаач ярьдаг. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг эрх тэгш хуваарилах шаардлагатай. Гэтэл манайхан гүйцэтгэлийн санхүүжилт нэрээр сайн сургуульдаа илүү төсөв хуваарилдаг. Олон улсын сурлагын амжилтын үнэлгээг зөвхөн хүүхдүүдээс авдаггүй, суралцагч, өрх гэр, сургууль, багшийн мэдээллийг давхар цуглуулж шинжилдэг. Үүгээр ядуу өрхийн хүүхдүүдийн сурлагын амжилт доогуур гарсан. Өрх гэрийн нийгэм, эдийн засгийн байдал хүүхдийн сурлагад шууд нөлөөлдөг. Гэртээ унших номгүй, хичээл хийх ширээ сандалгүй, зурагт, интернэтгүй нөхцөлд хүүхэд яаж амжилттай сурах вэ. Гэтэл төр бодлогоор шийтгэж буй мэт амьжиргааны түвшин тааруу айл өрхийн хүүхдүүд сурдаг сургуулиудад гүйцэтгэл тааруу гээд нэмэлт санхүүжилт олгохгүй байх жишээтэй. Бусад улс орон нийгэм, эдийн засгийн үзүүлэлт тааруу айл өрхийн хүүхэд “бөөгнөрсөн”, уул уурхай, зам харилцаа сул газрын сургуулиадад чиглэсэн зорилтот санхүүжилт олгодог. Ингэснээр хүүхдүүдийн сурлагын амжилт сайжирдаг байна. Жишээлбэл, гэртээ хичээл хийх боломжгүй хүүхдийг бүтэн өдөр сургуульдаа сурч хөгжих, нэмэлт давтлагад хамруулж, сонгон дугуйлан, номын санд суулгах санхүүжилтийг нь төрөөс шийдэж өгдөг.
-Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах шийдэл хэлж өгөхгүй юү?
-Судлаачид хэд хэдэн шийдлийг улс орны орчин нөхцөлөөс шалтгаалахгүй санал болгодог юм. Нэгдүгээрт, бүтэц тогтолцооны өөрчлөлт хийх. Сонгон, төрөлжсөн анги гэж ялгадаг байдлыг болиулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь сургууль доторх тэгш бус байдлыг бий болгодог. Хэрэв ингэж гүнзгийрүүлэн сургах бол ахлах ангиас нь эхлэх нь зөв. Хоёрдугаарт, амьжиргааны түвшин тааруу өрхийн хүүхдүүдэд үйлчилж буй сургуульд нэмэлт санхүүжилт олгох, гуравдугаарт, хувийн болон улсын сургуулийн сурагчдыг шилж сонгож элсүүлдэг байдлыг зогсоох, дөрөвдүгээрт, эцэг, эхэд сургууль сонгох эрхийг олгохгүйгээр хамран сургах тойргийн буюу гэрийнхээ ойрхон сургуульд хүүхэд элсүүлэх, мөн улсын сургуульгүй газар хувийнхыг байгуулахыг зөвшөөрөх гэх мэтээр зохицуулсан улс орон бий. Ингэж бүтэц тогтолцоог өөрчилснөөр үр дүн гарна. Мөн багшийг сайн мэргэшүүлэх шаардлагатай. Боловсролын тэгш бус байдлыг арилгах өөр нэг гол зүйл нь сургуулийн өмнөх боловсролд бүх хүүхдийг хамруулах. Олон ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургуульд орохоос нь өмнө бэлдсэнээр цаашдын ажил, амьдралын зам нь тодорхой болно гэж үздэг. Хүүхдийн хөгжлийн эрт үед нь хөрөнгө оруулах тусам үр өгөөж нь өндөр байдаг гэж дэлхийд алдартай эдийн засагч тодорхойлжээ.