Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны мастер Г.Тэнгүүндалайг зочноор урьж ярилцахаар “Босоо ноён” клубийг зорив. Тэрбээр Э.Энхнар дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базааж байлаа. Тэд багш, шавийн барилдлага тогтоогоод гурван жил болжээ. Тус клубт тив, дэлхийн медальтан олон бий. Тэднээс Г.Тэнгүүндалай Бразил улсын Флорианаполис хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан өсвөр үеийнхний шатрын ДАШТ-д оролцохдоо блиц төрөлд хүрэл медаль хүртэж, бодлого бодолтын анхдугаар тэмцээнд шилдгүүдтэй оюунаа сорин дэлхийн аваргаар шалгарсан юм. Тэндээс ирснийхээ дараа Азийн шатрын холбооны ерөнхийлөгч асан, олон улсын шүүгч, Монгол Улсын аварга Н.Намжил агсны нэрэмжит тэмцээнд өрсөлдөн эрэгтэйчүүдийн 18 насны ангилалд түрүүлсэн билээ.
-Шатрын тамирчидтай нэг бус удаа яриа өрнүүлсэн. Ийм өвөрмөц нэртэй тоглогчтой анх удаа уулзаж байна.
-Миний нэр анх сонссон хүнд бол содон санагддаг байх. Өвөө минь энэ нэрийг хайрласан юм. Монголын тамирчин Г.Тэнгүүндалай гэж тив, дэлхийн тэмцээнд дуудуулах сайхан байдаг. Би өсвөр үеийнхний ДАШТ-д Монголынхоо тамирчидтай анх удаа оролцлоо. Грек улсад өнгөрсөн жил болсон сурагчдын ДАШТ, Узбекистанд зохион байгуулсан сурагчдын Азийн АШТ, Казахстанд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-д ур чадвараа сорьж, медальтай ирж байв.
-Тамирчид тэмцээний өмнөх өдөр бие, сэтгэл зүйгээ бэлддэг. Та гадаадын тэмцээнд цөөнгүй оролцдог тул энэ бүхэнд хэдийн дассан байлгүй.
-Монголоос дөрвөн тамирчин дасгалжуулагч Ц.Батсайхан багшийн удирдлагад улсаа төлөөлж дээрх тэмцээнд өрсөлдсөн. Миний хувьд гадаадын тэмцээнд цөөнгүй оролцсон болохоор нэг их догдолж сандраагүй. Бэлтгэл сургуулилалтаа хийдэг шигээ л тайван тоглосон. Тэмцээнтэй өдрүүдэд клубийнхээ багштайгаа холбогдож, тоглолтынхоо талаар ярилцдаг байсан минь үр дүнд хүргэсэн гэж боддог. Нүүдэл эхлэхийн өмнө багш “Тоглолтдоо анхаарлаа хандуулж, сэтгэл зүйгээ тайван байлгаарай. Хамгийн гол зүйл бол өрөг чинь чанартай байх ёстой” гэж зөвлөсөн. Би түүний удирдлагад гурван жил хичээллэхдээ тэмцээнээ анх эхлүүлсэн сэтгэл зүйтэйгээ тоглолтоо амжилттай өндөрлүүлэхийг сурсан.
-ДАШТ-д улс бүр шилдэг гэсэн тамирчдаа илгээдэг. Өмнөх тэмцээнүүдэд тоглосон тамирчидтай энэ удаа ч бас таарсан биз?
-Бразил улс миний хөл тавьсан дөрөв дэх орон болж байна. Өсвөр үеийнхний ДАШТ-д 11 өрөг тоглолоо. Эхний өрөгт Люксембургийн тамирчинтай таарсан. Миний хувьд ямар ч тэмцээнд цагаанаар нүүхэд хожих магадлал өндөр байдаг. Гэхдээ түүнтэй тоглохдоо хар талаас нүүсэн. Тэрбээр сайн тоглодог санагдаагүй тул нэг их удалгүй хожсон. Дараагийнхад Босни-Херцеговины тоглогч өмнөх тамирчнаас ур чадвар, туршлагын хувьд илүү байгаагүй. Тиймээс амархан ялж, тэмцээнээ үргэлжлүүлсэн. III өрөгт тоглосон Норвегийн шатарчин надаас нэг насаар дүү ч маш сайн нүүдэл хийж, намайг хожсон юм. Надтай таарсан учраануудаас хамгийн удаан тоглосон нь тэр. Таван цаг өрнөсөн тоглолтод ялагдсан шалтгаан минь тооцооллын алдаа байв.
-Та IV өрөгт Бразилын тамирчныг нутгийнх нь талбарт буулгаж авч харагдсан даа.
-Тийм ээ. Түүнийг ялчхаад V өрөгт Колумбийн тоглогчтой өрсөлдөхөд байрлалаа сайтар барьж байлаа. Тоглолтын цаг дуусах дөхөхөд тэрбээр яарч нүүгээд алдаа гаргасан. VI өрөгт мөн Колумбийн тамирчинтай тэмцээнээ үргэлжлүүлэхэд сэтгэл зүй нь тогтворгүй байснаас тогтуун сууж тоглоогүй. Тухайн үед намайг хожно гэсэн бодол харц, нүүрнийх нь хувирлаас илэрхий байлаа. Түүнийг алдаа гаргахад нь хийн дээр нь ялалт байгуулахыг хичээсэн. Тэр зорилгоо ч биелүүлсэн.
-Өрөг өгсөх тусам амаргүй болж, ижил түвшний тамирчинтай таарах магадлал өндөр байдаг уу?
-VIII өрөгт Польшийн шилдэг тоглогч Совински Павелтай өрсөлдсөн. Бид зургаан хожил, тус бүр нэг тэнцээ, ялагдалтай байлаа. Түүнийг олон тэмцээнд оролцож туршлага хуримтлуулсныг нүүдлээс нь хараад мэдсэн. Тэрбээр чансаагаар тэргүүн байрт жагсдаг ч надад ялагдаж, V байр эзэлсэн юм. Хожигдсондоо итгэхгүй гайхаж, бүр уйлах гэж байв. Багш түүний өргийг судлаад намайг ямар гараагаар тоглохыг зааж зөвлөсөн л дөө. IX өрөгт өрсөлдсөн Вьетнамын Дин Нхо Киет зууралдаж, уйтгартай тоглодог санагдсан. Түүний маш удаан бодож, нэг нүүдэл хийх нь нэг талаар ядрааж, сэтгэл зүйг минь тогтворгүй болгож байлаа. Бид мөн л тэнцсэн. Түүнийг хожих боломж байсан ч цагт баригдаж, дараагийн тоглолтоо бодсоноос яарч нүүсэн тал бий. Миний хувьд зургаан хожил, хоёр тэнцээ, нэг ялагдалтай Х өргийн тоглолтыг Польшийн тамирчинтай эхлүүлсэн. Түүнийг Патрик Сислак гэдэг. Амжилтыг нь судлахад чансаагаараа эхний гуравт бичигддэг юм билээ.
-Сүүлийн өрөгт таарсан өмнөд хөршийн тамирчин таны хамгийн амаргүй өрсөлдөгч байх шиг санагдсан. Түүнтэй хөлөг дээр хэрхэн тоглосноо сонирхуулаач.
-Бид өмнө нь нэгнээ харж байгаагүй тул хэн хэнийхээ тоглох арга барилыг мэдэхгүй. Түүний довтолж, зальтай тоглодог болохыг өргийнх нь нүүдлээс анзаарсан. Бид дөрвөн цаг тоглож тэнцсэн. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг үг бий. Миний хувьд хожлыг өөрийн талд эргүүлэх, эсвэл ялагдахыг шийдэх чухал тоглолт байв. Тэр үед тэмцээнээ хожлоор дуусгая гэж бодож байлаа. Үргэлж ялна гэж юу байх вэ. Алдаа, оноо аль алинтай нь л урагшилдаг. Түүнтэй тэнцээд нүүр лүү нь хартал царай нь хувирч, сонин болсон шүү. Миний хувьд зургаан хожил, хоёр ялагдал, гурван тэнцээтэй тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэмцээний үед ядарснаа ч анзаардаггүй. Өрөг дуусаж, ширээний араас босохдоо л маш их ядарснаа мэдэрдэг. Сэргэхийн тулд орой нь салхинд гарч, ойр зуур алхан, аав, ээж, багштайгаа ярьж сэтгэлээ сэргээдэг байв. Бразил Монголоос 11 цагийн зөрүүтэй. Өглөө болсон тэмцээн Монголд орой л гарна. Тэнд эхний дөрвөн тоглолтыг шууд дамжуулахад манайхан үзсэн гэнэ билээ. Түүнээс хойших тоглолтуудад надтай холбогдож, тэмцээний талаарх мэдээлэл авсан.
-Танд шатар тоглохыг хэн анх заасан юм бол. Одоо тэр хүнд талархаж буй байх?
-Би зургаан настайдаа шатар тоглож сурсан. Аавынхаа тоглохыг харсаар байгаад нэг л мэдэхэд нүүдэг болсон байв. Надад шатар анх заасан багш бол “Сэргэлэн хүү” клубийн дасгалжуулагч Д.Болд. Түүний удирдлагад хоёр сар хичээллээд түвшин, ур чадвараа ахиулах зорилгоор Ч.Бадрал багшийг сонгосон. Таван жил үргэлжлүүлэн тоглож, дотоодын тэмцээнүүдээс медаль хүртдэг боллоо. Миний хувьд энэ жилийн УАШТ-д анх удаа түрүүлж, өсвөр үеийнхний ДАШТ-д оролцох эрх авсан. Сүүлийн өрөгт Д.Дашнямд хожигдсон ч тэргүүлэх нь тодорхой болсон байв. Дотоодын томоохон тэмцээнүүдэд үеийнхнээсээ Багануур дүүргийн тамирчин Г.Зэв, “Хан Алтай” клубийн Б.Ерөөлтэй, “Их заргач”-ийн Б.Дүүрэнхишиг нартай нэг бус удаа таарч тоглосон. Бид ойр дотно нөхөрлөдөггүй ч нэгнээ хэрхэн тоглохыг сайн мэднэ.
-Шатрын бодлого бодолтын анхдугаар ДАШТ-д та түрүүлж, хойшид дэлхийн аварга гэж дуудуулах боллоо.
-Би өсвөр үеийнхний ДАШТ-ий стандарт төрөлд түрүүлээгүй ч шатрын бодлого бодолтын анхдугаар тэмцээнд тэргүүлж, дэлхийн аварга болсон. Тус тэмцээнийг хойшид уламжлал болгон зохион байгуулах юм билээ. Тамирчид найман бодлогыг 90 минутад бодож дуусгах ёстой байв. Миний хувьд бодлогуудыг 47 минутад бодож дуусгасан. Дээрх тэмцээнд оролцсон тамирчдаас хамгийн хурдан бодсон нь би байлаа. Миний зорьсон орнуудаас хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн нь Грек улс. Тэнд өнгөрсөн жил байгалийн сайханд, далайн эрэгт сурагчдын ДАШТ-ийг зохион байгуулсан нь тамирчдад их таалагдсан.
-Өдөр бүр бэлтгэл хийх хааяа халширмаар санагддаг уу?
-Үгүй ээ. Харин ч надад сонирхолтой санагддаг. Гэр бүлийнхэн минь дэмжиж, тусалдгийн ачаар зорилгоо биелүүлж байгаадаа баярладаг. Би айлын бага хүү. Эгч минь багш мэргэжилтэй. Тэмцээнд оролцох зардлаа тамирчид хувиасаа гаргадаг болохоор аав, ээж минь хааяа зээл авна. Би Э.Энхнар багшийн удирдлагад хичээллэж, ур чадвараа өмнөхөөсөө илүү ахиулж, тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн. Гурван жилийн хугацаанд гадаадын дөрвөн том тэмцээнд өрсөлджээ. Үүнээс Грект өнгөрсөн жил болсон сурагчдын ДАШТ-ээс мөнгө, дараа нь Узбекистанд зохион байгуулсан сурагчдын Азийн АШТ-ий стандарт, блиц, рапид төрөлд түрүүлж, тивийн аваргаар шалгарсан юм. Казахстанд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-д өмнө нь таарсан тамирчдаас эзэн орны Мамедов Эдгартай стандарт төрөлд хоёр удаа тоглохдоо нэг ялж, хожигдсон.
-Монголын тамирчид Бразилаас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эх орондоо хөл тавьсан. Таныг ирсэн даруйдаа тэмцээнд оролцсон гэж сонссон.
-Тийм ээ. Ази тивийн шатрын холбооны ерөнхийлөгч асан, олон улсын шүүгч, улсын аварга, шатрын нэрт зүтгэлтэн Н.Намжил агсны нэрэмжит тэмцээнд оролцож, эрэгтэйчүүдийн 18 насныхны ангилалд түрүүлж, алтан медаль хүртлээ.
-Ангийн нөхөд тань таны амжилтаар хэр бахархаж, ойлгож дэмждэг вэ?
-Намайг аав, ээжээс гадна ангийн багш, хамт олон минь ойлгож, дэмждэг. Багш ангийн фондод мөнгө цуглуулж, “Гадаадын тэмцээнд оролцох зардалдаа нэмэрлээрэй” гээд өгнө. Тив, дэлхийн тэмцээнд наанадаж долоо хоног оролцдог тул ирээд хичээлүүдээ нөхөж авах нь жаахан хэцүү санагддаг.
-Сүүлийн үед шатрын шилдгүүдээс хэний амжилт, арга барилыг түлхүү судалж байна.
-Би өрсөлдөгчдөө нэг их судлахыг хүсдэггүй. Хэнтэй ч таарсан өөрийн мэдрэмжээр тоглож, тэмцээний явцад өрөгт нь тааруулж нүүдэл хийдэг. Надад хожсон, хожигдсон удаа ч бий. Манай клубт сайн тоглодог шатарчид бий. Тэднээс Л.Сумъяа Грект болсон сурагчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Би Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Энэ цолыг олон улсын болон тивийн тэмцээнд түрүүлж, гадаад чансаа нь 2100 хүрсэн тохиолдолд хүртдэг. Миний гадаад чансааны оноо одоогоор 2190, дотоод нь 2180-д хүрээд байна.