МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Д.Батсүрэнтэй хүрээлэн буй орчны тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцлаа. Тэрбээр шинжлэх ухааны өндөр зэрэглэлтэй буюу олон улсын “Web of science” мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний 40 орчим өгүүллээ хэвлүүлсэн бөгөөд экогидрологийн үйл явц буюу усны нөөцөд нөлөөлөх байгаль, нийгмийн хүчин зүйлийг голчлон судалдаг эрдэмтэн юм.
-Та усны нөөц төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгаа голчлон хийж байсан юм билээ. Хүрээлэн буй орчны судалгаа нь гол төлөв усны нөөцөд тулгуурладаг уу?
-Хүрээлэн буй орчны судалгаа нь маш өргөн хүрээг хамардаг. Жишээлбэл, Монгол орны газар нутгийн байрлал нь өвөрмөц онцлогтой, өндөр уулсаар хүрээлэгдсэн, далай, тэнгисээс хол, эмзэг мэдрэмтгий байдаг. Хүрээлэн буй орчинд нөлөөлөх олон параметрийн нэг нь бага зэрэг л өөрчлөгдөхөд маш хүчтэй үр дагавар бий болгодог онцлогтой. Тухайлбал, дэлхий дахинд агаарын температур 1880-аад оноос өнөөг хүртэл дунджаар 0.84-1 хэм орчмоор дулаарлаа. Гэтэл Монгол орных 2.26 градусаар нэмэгдэж байх жишээтэй. Дулаарлын улмаас ууршилт ихсэж, хөрсний чийгийн хэмжээ буурна. Нэг параметр л өөрчлөгдөхөд цөлжилт, ган, зуд гэх мэтчилэн хүрээлэн буй орчны маш олон үзэгдэл, асуудал үүсдэг. Байгаль орчин маш их өөрчлөгдөж байгаа юм. Байгаль орчин өөрчлөгдөхөөр тэнд дасан зохицож байсан аж ахуй ч хувьсдаг. Үүнийг дагаад нийгмийн асуудлыг хөндөх болно. Цаашлаад улс орны эдийн засаг, улс төрд хүртэл нөлөөлнө. Өмнө нь хэлсэнчлэн Монгол маш эмзэг мэдрэмтгий бүс нутаг учраас байгалийн үзэгдэл, үйл явцыг бид олон талаас нь судлах шаардлагатай болдог. Үүний гол түлхүүр нь ус. Устай холбоотой судалгаа хийхийн тулд түүнд нөлөөлж буй байгалийн болон хүний хүчин зүйлийг тодорхойлох шаардлагатай болдог. Ийм нэгдэл, харилцан хамаарлыг нарийвчлан судалснаараа тулгамдсан асуудлыг ойлгож, учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.
-Уур амьсгалын өөрчлөлт нь усны нөөцөд хэр нөлөө үзүүлж байгааг судалсан байсан шүү дээ. Ямар үр дүн гарав?
-Үүнийг ярихын тулд эхлээд усанд нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг дурдах хэрэгтэй болно. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт явагдаж буйг бүхий л судлаач баталсан. Энэ талаар мэддэггүй хүн ч байхгүй. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн жамаар болон хүний оролцоотойгоор хурдацтай явагдаж байна. Эл өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн дулаарал нэмэгдэж, ууршилт ихсэн, чийгийн хэмжээ өөрчлөгдөж буй. Энэ нь хур тунадасны хуваарилалтад өөрчлөлт оруулдаг. Уг нь хур тунадасны нийт хэмжээ тийм ч их өөрчлөгдөөгүй. Гэхдээ гэнэтийн аадар борооны хэмжээ ихсэж, аюулт үзэгдлийн давтамж ч нэмэгдлээ. Хөрсний чийгийн хэмжээ буурч, хөрсний өнгөн хэсэг дэх усыг шингээх чадвар удааширсан. Уур амьсгалын өөрчлөлтийн анализ хийхэд зарим цэгт агаарын температур маш их нэмэгджээ. Түүнийг дагаад хур тунадасны хэмжээ ч буурсан. Эдгээрийн нөлөөгөөр голын усны өнгөрөлт буюу урсцын хэмжээ ч багасчхаад байна. Цаашлаад тухайн голуудын цутгадаг нууруудын усны түвшин буурч буй. Нуурын усны хэмжээ багасахаар эрэг орчим нь намагждаг. Өөрөөр хэлбэл, нуур байсан газар намаг болж хувирна. Тодорхой хугацааны дараа намаг нь хатна. Дөрвөн жил тутамд гадаргын усны тооллого хийхэд олон нуур, тойром ширгэсэн гэх дүн гарч буй нь зарим талаараа үүнтэй холбоотой. Гүний ус маш удаан хугацаанд хуримтлагдаж бий болдог. Тэрхүү усыг уул уурхайн зориулалтаар соруулчихдаг. Гүний усны хуримтлагдах хугацаа нь ашиглах хурдыг гүйцэхгүй байна. Энэ л асуудал болж байгаа юм. Тиймээс зүй зохистой ашиглах ёстой. Нөхөн сэргээгдэх хугацаа нь удаан атал бид их хэмжээгээр ашиглаад буй хэрэг. Уг нь бохир усыг цэвэршүүлж, дахин ашиглах технологи нэвтрүүлэх хэрэгтэй байна.
-Хүрээлэн буй орчны эдгээр өөрчлөлт нь иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Нэг судалгааны ажилд 3-4 хүчин зүйлийг хамруулна. Ингээд тэдгээр хүчин зүйл дэх параметрийн савлагаа нь бусад хэсэгт хэрхэн нөлөөлж буйг судалдаг. Хүрээлэн буй орчинтой холбоотой судалгаа нь маш өргөн хүрээтэй бөгөөд салбар дундын шинж чанартайгаараа онцлогтой. Нэг судлаач бүхий л талаас нь судлах боломжгүй. Тиймээс судлаач нар “Web of science”-д бүртгэлтэй, өндөр түвшний, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлэхийн тулд нарийвчилсан түвшний, маш цөөхөн хүчин зүйлийн хоорондын холбоо хамаарлыг тодруулах нь бий. Цогц судалгаа хийнэ гэвэл зардал, хүний нөөц, хугацаа гээд нэлээд олон зүйл шаардана. Манай улсад судалгааны ажил харьцангуй цөөн хийж байна л даа. Жишээлбэл, МУИС-ийн багш нар “Web of science”-д жилд 150 орчим өгүүлэл хэвлүүлдэг. Эдгээрийг задлаад, нэгдүгээр зохиогчоор, холбоо баригчаар нь ажилласан, эсэхийг харж болно. Ингэхээр 30-40 судлаач л нэгдүгээр зохиогчоор ажилласан нь харагдана. Уг нь МУИС Монголдоо хамгийн шилдэгт тооцогдож байна шүү дээ. Тэгэхээр энэ нь зөвхөн сургуулийн асуудал бус, манай улсын шинжлэх ухааны салбарын бодлого сул байгааг харуулна. Ер нь судалгааны ажлаа хэвлүүлнэ гэдэг эхний алхам. Үүний дараа зохиогчийн эрх авна гэдэг нь өөрийн бүтээлээрээ бусдаас ялгарах ёстой гэсэн үг шүү дээ. Ингээд үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь чухал. Судалгааны ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэдэг л үр дүнгээ өгсөн хэлбэр. Тиймээс судалгаагаа цаашдаа үйлдвэрлэл рүү шилжүүлэх хэрэгтэй.
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсын байгалийн бүс, бүслүүрүүдэд ч өөрчлөлт орж буй гэдэг байх аа?
-Монгол орон нь цөл, говь, хээр, ойт хээр, тайгын гэсэн таван бүстэй. Экогидрологи, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн бүс, бүслүүрийн хил зааг хойшоо улам түрэх буюу говь, цөлийн бүсийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын газар нутгийн хойд хэсэгт Сибирийн хөвч тайгын урд тал түрж орсон байдаг. Урд хэсэгт Төв Азийн говь нэртэй элсэн цөлийн хойд хэсэг нь түрж орсон. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар л мэдрэгдэж байгаа. Монгол Улс үүнд илүү хурдацтай өртөж, өөрчлөгдөж байна.
-Хотжилт байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг та судалсан байсан шүү дээ. Улаанбаатарын агаар, хөрс, ус маш их бохирдолтой гэж бид байнга ярьдаг. Гол нь бидэнд, эрх баригчдад ч ямар нэгэн дорвитой шийдэл алга.
-Хот гэдэг бол нэг бичил орон зайд маш олон хүн зэрэгцэн оршоод, амьдралын хэв маяг, үйл ажиллагаагаараа зохицохыг хэлнэ. Улаанбаатар хотод одоогоор 1.5 сая хүн амьдарч байна. Хүрээлэн буй орчны бүхий л бохирдол нь хоорондоо нягт уялдаа холбоотой. Хөрс бохирдлоо гэхэд ургамал, түүнээс идэж буй өвсөн, махан тэжээлтэн ч эрүүл бус болно. Үүнийг бүгдийг нь хэрэглэж байгаа хүний эрүүл мэнд ч эрсдэлд өртдөг. Зарим хүн дураараа аашилж, “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэж хандах нь бий. Энэхүү хандлага нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэхэд хүргээд буй. Хогоо хаана ч хамаагүй хаяхад бусад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний бохирдол үүснэ. Харин Япон Улсын иргэд хог хаягдлаа заавал зориулалтын цэгт л хаядаг. Энэ бол ёс зүйн асуудал юм. Миний эрх бусдынхаас давуу гэж үзэж, хариуцлагагүй, энх замбараагүй байгааг шийдэх нь менежментийн хүнд асуудал.
Нэмж хэлэхэд, дэд бүтцийн хангамж Улаанбаатар хотод сул байна. Орон сууцын хүртээмж сайжирвал ядаж л бохир нь нэг газарт цугларч, утаа ч буурах гэх мэт олон эерэг талтай. Улаанбаатар хотын бас нэгэн онцлог бол Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Богдхан уулаар хүрээлэгдсэн нь юм. Мөн Туул гол нь зүүнээсээ баруун тийшээ хот дундуур урсдаг. Салхи баруун хойноосоо зүүн урагш чиглэлтэй. Хогийн цэгүүдээ хотоо тойруулаад байгуулчихсан. Гэр хорооллын олон айл өрхтэй. Газрын гадарга нь налуу ихтэй. Бохирдол хамгийн нам цэг рүүгээ л тэмүүлдэг. Агаар, усны урсгал нь зөрж байгаа болохоор голдоо тогтчихдог. Ер нь хөрс бүрхэвч, ус мандал, агаар мандал нь хоорондоо нягт холбоо хамааралтай. Тиймээс нэг нь л бохирдоход байгалийн бусад бүрэлдэхүүн хэсэг нь ч ялгаагүй өртөнө.
-Дэд бүтцийг сайжруулбал ахиц гарна гэсэн үг үү?
-Дэд бүтцээ нэн тэргүүнд шийдэж байж эдгээрийг зохицуулж чадна. Дэд бүтцийг үндсэн гурван хэсэгт хуваадаг. Тухайлбал, нийгмийн, үйлдвэрийн, инженерийн дэд бүтэц гэж бий. Үүний дотроос тээврийн дэд бүтцийг онцлоход, нийслэлд бүх зам нэг түвшинд огтлолцдог. Ядаж л авто зам нь хоёр түвшинд огтлолцдог байвал түгжрэл буурна. Нобелийн шагналт, Английн эрдэмтэн Терри Каллахан хоёр жилийн өмнө манай улсад ирсэн юм. Тэрбээр Английн Лондон хотод агаарын бохирдлоо бууруулахын тулд утаа гаргаад буй бүх зүйлийг зогсоож, дэд бүтцээ хөгжүүлсэн талаараа ярьж байв. Бас Лондонд гудамж, дүүргийн замуудаар явбал ийм ийм хэмжээний татвар төлнө гээд заачихсан байдаг гэсэн. Тиймээс иргэд нийтийн тээврээр голдуу үйлчлүүлдэг. Иймд нийтийн тээврийн салбараа ч сайн хөгжүүлсэн юм билээ. Төсвөө үр ашиггүй зүйлд зарцуулж байхаар шаардлагатай зүйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээ нь, соёл урлагийн арга хэмжээнд өчнөөн тэрбум төгрөг төсөвлөсөн талаар бид зөндөө ярилаа. Үүнийхээ оронд цахилгааны станц барих хэрэгтэй. Дэд бүтэц нь сайн хөгжсөн дэлхийн саятан хотуудад маш олон хүн амьдраад буй хэрнээ ямар ч бохирдол, түгжрэлгүй байна шүү дээ. Тэгэхээр дэд бүтэц, менежментдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Эдгээр асуудлаа 20 жилийн дотор засах хэрэгтэй. Ганц станц барьж чадахгүй атлаа нийслэлээ нүүлгэх тухай яриад хэрэггүй.
А.Тэмүүлэн