Соёлын өвийн сэргээн засварлагч Д.Тулгатай ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхдын сүмийг сэргээн засаж буй “Энэржин” компанийн захирал юм.
-Та Гандантэгчэнлин хийдийн шашны сургуульд суралцаж, төгссөн юм билээ. Энэ нь соёлын өв сэргээн засварлагчаар ажиллахад нөлөөлөв үү?
-Ардчиллаас хойш үндэсний уламжлалт өв соёлын бүх зүйл дахин сэргэсэн. Уламжлалт бурхны шашны арван ухааны гол таван их ухаан гэж бий. Үүний нэг нь урлахуйн ухаан юм. 1993 онд бурханч лам, Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулагч Г.Пүрэвбат багшийнхаа анхны шавь болж суралцсан. Тухайн үед анагаахын сургуулийн оюутнууд зургаан жил суралцаж төгсдөг байлаа. Харин бид долоон жил сурч, 2000 онд төгссөн. Төгсдөг жил багш шавь нарынхаа төгсөлтийн ажлууд болон өөрийн бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейд томоохон үзэсгэлэн гаргаж байв. Эл үзэсгэлэн тухайн үедээ шашин, соёлын урлал бүтээл дахин сэргэж буйг нийтэд харуулсан. Бидний хувьд бурханч лам багшийгаа дурдахгүй байх аргагүй. Багш минь анх Монголдоо хуучны урлал бүтээлийн багш нараас суралцаж өв тээгч болсон. Монголдоо эзэмшсэн мэдлэг чадвартаа суурилж дараа нь Энэтхэг, Төвөдөд бурхан, шашны урлалаар суралцсан. Суралцаж ирээд Монголд уламжлалт урлалын бүх арга зүй байна, заавал гадаадаас эрж хайх шаардлагагүй юм байна гэж бидэнд ярьсан.
Ер нь манай улсад соёлын өвийн сэргээн засварлалт гэх нэр томьёо хожуу гарсан. Сүм хийдийн соёлын өв сэргээн засварлалтын талаар их сургуулийн түвшинд сургалтын хөтөлбөрийг нь бүрэн боловсруулаагүй. 2000 онд СУИС анхны сэргээн засварлагч гэх мэргэжлийн индекстэй цөөн оюутан бэлтгэсэн. Гэхдээ дахиад элсэлт аваагүй юм. Учир нь сэргээн засварлалтыг сонирхож, учир байдлыг нь мэдэж, дурлаж суралцах оюутан тухайн үед маш цөөн байсан. МУИС, Техникийн их сургуульд сэргээн засварлагчийн анги бий. Гэхдээ энэ нь өв соёлын бус, орчин цагийн барилга байшинг сэргээн засах, техник, инженерийн асуудал үүсэхэд бэхжүүлэх, хүчитгэхэд түлхүү анхаардаг. Харин илийн өмнө ШУТИС-д соёлын өвийн судалгааны ангийг 10 гаруй оюутантай нээсэн юм билээ.
-Соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр ямар ажил хийж байв?
-Бурханч багшийн шавь нар анх 1994 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт орших хуучны хийдийг сэргээн засах ажилд оролцож байлаа. Үүнээс хойш түүх, соёлын өвийн болон орчин цагийн янз бүрийн олон үйл ажиллагаанд багш нарын томилолтоор очиж, сэргээн зассан. Есдүгээр Богд таалал барихад занданшуулсан лагшин дээр нь хуучны уламжлалт аргаар боловсруулсан шавраар нүүр царайг нь хийхэд багшийнхаа заавраар гүйцэтгэлд нь голлон оролцсон юм. Энэ мэтээр сүм, хийд, бурхан, шүтээний урлалын олон ажилд оролцсон туршлагатай. 2000-2020 он хүртэл дараагийн үеэ бэлдэхээр багшилсан.
-Сэргээн засварлалт гэж юу болох талаар тайлбарлахгүй юу?
-Урт настай, тодорхой түүх өгүүлэх, ач холбогдол бүхий урлал бүтээл, барилга, байгууламжийг соёлын өв гэнэ. Зүгээр нэг ач холбогдолгүй хуучирсан бүхнийг соёлын өвд хамруулах нь өрөөсгөл ойлголт. Соёлын өвийг биет болон биет бус, энгийн болон хосгүй үнэт гэж ангилдаг. Маш сайхан уран тансаг хийцтэй, нэр алдартай урлаачийн бүтээл бол хосгүй үнэт гэдэг ангилалд хамаарна.
Буддын философид бүх зүйл мөнх бус гэх ойлголт бий. Энэ нь нэгэн цагт оршин байсан зүйл хэзээ нэгэн цагт устаж, алга болно гэсэн үг. Гэхдээ гэнэт л илбийн мэт алга болно гэсэн үг биш. Эхлээд өнгө будаг нь шинэ байсан ч он цагийн уртад байгаль, цаг уурын нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж болно. Улмаар хагарч гэмтэн, өнгө нь цайран, ховхорч, элэгдэнэ. Эдгээрийг урт удаан хугацаанд хуучны мөн чанарыг алдагдуулалгүйгээр аюулгүй чанартай сэлбэж сэргээн, хойч үедээ үлдээхэд сэргээн засварлалтын гол ач холбогдол оршдог.
-Ямар үе шатуудын дагуу сэргээн засдаг юм бол?
-Юуны түрүүнд тухайн бүтээлийг соёлын үнэт өв мөн, эсэхийг нь оношилж, тогтооно. Үүнийг Соёлын өвийн үндэсний төв тэргүүтэй мэргэжлийн байгууллагынхан тодорхойлдог. Эл байгууллага нь Монгол орны түүх, соёлын өвийг ач холбогдлоор нь ангилан ялгаж, тоо ширхгээр нь бүртгэж, баримтжуулдаг. Мөн технологийн түвшинд цахим хэлбэрт оруулах, баримтжуулж, бүртгэх зэрэг ажил хийдэг юм. Эдгээрийн үр дүнд соёлын өв мөн гэж тогтоовол сэргээн засварлах уу, эсвэл хэвээр нь хадгалах уу гэдгийг шийднэ. Сэргээн засварлахаар болбол нэн яаралтай юу, эсвэл урт хугацааны дараа хийж болох уу гэдгээ ч тогтооно. Эдгээрийг яамны түвшинд тодорхойлдог. Ийм шат дамжлагын дараа зураг төсөл гаргах, хугацаа товлох, гүйцэтгэгчийг шалгаруулна. Үүний дараа сэргээн засварлах ажил эхлэх юм.
Би 2016 онд Улсын тооллогын төв комиссын гишүүнээр ажиллаж байсан юм. Ингэхдээ социализмын үед ач холбогдолтой маш олон бүтээлийг үгүйсгэж, зөрүүтэй дүгнэх, эсвэл ач холбогдолгүй бүтээлийг соёлын өвд багтаасныг мэдэж авч байв. Мөн нэр томьёог нь зөрүүлж бүртгэсэн тохиолдол ч байсан. Зарим тохиолдолд иргэдийн дунд яагаад үүнийг соёлын өвөөр бүртгэсэн юм бол гэх эргэлзсэн асуулт гардаг шүү дээ. Үүнийг үгүйсгэх аргагүй. Нэгэнт л тухайн үеийн эрх баригчдын шийдвэрээр бүртгэлд оруулсан зүйлийг ач холбогдол багатай гээд өвөөс шууд хасах боломжгүй. Тиймээс санал оруулж жагсаалтаас гаргах зэргийг тодорхой эрх бүхий байгууллагуудын төлөөллийн түвшинд шийддэг.
Ер нь социализмын үед ч сэргээн засварлалтыг тасралтгүй хийж байсан. Тэр үед сэргээн засах ажилд мэргэжлийн байгууллагынхан зааварчилдаг байв. Мөн тухайн цаг үеийн олдоцтой бараа, материалыг ашигладаг байж.
-Түүх, соёлын дурсгалт өвийг сэргээн засахдаа голчлон юунд анхаарах шаардлагатай вэ?
-Орчин үед хүмүүс үндсээр нь өөрчлөх биш, засаж сайжруулах косметик мэс заслын аргыг гоо сайхандаа түлхүү ашиглаж байна. Гэтэл зарим хүн танигдахааргүй болтлоо өөрчлөгдчихдөг. Соёлын өвийг сэргээн засах нь ч үүнтэй төстэй. Тухайн өвийн үндсэн хийцлэлийг танигдахааргүй болтол нь өөрчлөх ёсгүй. Тэр барилга байгууламжийн архитекторын хийцлэл нь өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар, түүхэн мэдээллээ хадгалж байдаг. Ерөнхийдөө сэргээн засварлана гэдэг нь одоо байгаа үндсэн шинж чанар болон онцгой хийцлэлийг нь алдагдуулахгүй хадгалж, бэхжүүлэн, насжилт, чанарыг нь сайжруулах, бүрэн бүтэн болгох арга хэмжээ. Үүнийг л голчлон анхаарвал зохистой. Олон улсын болон бусад нарийн арга техник, зааварчилгаа, шаардлага цөөнгүй бий.
-Та Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажлыг ахалж байгаа шүү дээ. Голчлон юунд илүүтэй анхаарав?
-Богд хааны ордон музей нь байгууламж, объект, нэршлийнхээ хувьд чухал ач холбогдолтой бүтээл. Монголчуудын тусгаар тогтнолтой холбоотой чухал объект юм. Тухайн үед манайхыг мэргэжлийн байгууллагатай боллоо гэж салбарынхан ихэд үнэлж байлаа. Гэтэл бид урлал бүтээлийн талдаа мэргэжлийн боловч хуулийн этгээд компанийн засаглалын хувьд бизнесийн бусад байгууллагатай харьцуулахад зохион байгуулалт тааруу, дадлага туршлага багатай. Тиймээс зохион байгуулалт, менежмент талаасаа алдаа гаргасан зүйл надад бий. Үүнийг биеэрээ мэдэрч байна.
-Манай улсын хувьд соёлын өвийн хадгалалт хамгаалалтад гаргадаг нийтлэг алдаа нь юу бол?
-Хадгалалт хамгааллын тухайд манайд зориулалтын бус барилга, байгууламж их байна. Жишээ нь, тухайн бүтээлд чийгшил байх ёстой. Хэр түвшний хуурайшилттай байж нар үзэх вэ гэдгийг нь тооцоолох шаардлагатай. Байгаль, цаг уурын онцлогт хамаарахгүйгээр тухайн эд өлгийн зүйл урт настай, эвдрэл гэмтэлгүй байх нөхцөл нь бүрдсэн байх учиртай юм. Цаас хүртэл чийгшил нь гадагшилснаар сүүлдээ шороо шиг бутардаг шүү дээ. Тэгэхээр соёлын өвийн хадгалалтад чийгшил, тухайн цаг уур, орчин ихээхэн хамаатай. Үүнээс гадна дадлага туршлага, мэдлэг чадвар чухал. Нэг үеэ бодоход музей, соёлын өвийн байгууллагуудад гадаадын мэдлэг, чадвартай мэргэжилтнүүдийг авчирч лекц, семинар, сургалт тогтмол зохион байгуулдаг болжээ. Манайх ч бас БНХАУ-ын түүх, соёлын өвийн сэргээн засварлалтаар мэргэшсэн багшаас зөвлөгөө авч ажиллаж байна. Энэ хүнээс бид өнгөний түвшин, ямар материалыг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө авсан.
-Сэргээн засах ажилд материалын сонголт чухал байх. Танай компани Богд хааны ордон музейг засахдаа материалаа хаанаас авч байв?
-Богд хааны ордон музейг сэргээн засахдаа материалаа БНСУ-аас авч буй. Учир нь 2022 онд бид БНСУ-ын өв соёлын үзэсгэлэнд оролцож, сэргээн засварлалтын арга хэмжээ орчин үед хэрхэн өөрчлөгдсөн талаар туршлага солилцсон. Манай сүмүүдэд суурь буюу будгийн өмнөх шаваас нь хагарснаас болж ховхорч унах тохиолдол нийтлэг ажиглагддаг. Тиймээс бид маш сайн будгийн эрэлд гарсан юм. Тэгээд л БНСУ-д очиж, будгийн суурь замаскаас дээж авч, манай цаг уурын онцлогт тохирох, эсэхийг нь нэг жилийн хугацаанд туршсан. Үүний дараа үйлдвэрлэгчдээ дахин хандсан. “Манай оронд өвөл -40 градус хүрч хүйтэрдэг. Гэтэл танай материал -30 градусыг л тэсвэрлэх чадвартай юм байна. Бидэнд -40 градуст туршиж өгөөч” гэж хүссэн. Ингээд дахин шинжлүүлсэн юм. Уг материал нь засварын ажлын төсөвт өртгөөс үнэтэй. Гэхдээ насжилт болон чанарын хувьд маш сайн. Тиймээс үүнийг авч ашиглахаас өөр аргагүй байсан. Тухайлбал, хэт хатуу, эсвэл зөөлөн биш. Өрөмдөхөд бутарч унахгүй, хүйтэнд хагарч, цуурахгүй давуу талтай. Мөн ус, будаг сайн шингээдэг. Ийм материалыг бид тус улсаас авчирч Богд хааны ордон музейн сэргээн засварлалтад ашигласан. Гэхдээ манай ажилд судалгааны хугацаа хангалтгүй байсан юм. Ажил шууд эхлэх ёстой. Тиймээс уламжлалт арга зүйг бид лабораторийн түвшинд боловсруулж, тухайн үеийнхээр нь ашиглаж чадаагүй. Ихэвчлэн орчин үед боловсруулан үйлдвэрлэсэн уламжлалт шороон будаг, замаск, цавуу зэргийг ашигласан. Олон улсын соёлын өвийг сэргээн засварлах хуульд “Шаардлага хангахуйц орчин үеийн материалыг ашиглаж болно” гэж заасан байдаг. Үүний хүрээнд бид орчин үеийн зарим материалыг ашиглаж байна. Зарим хүн хуучны зүйлсийг нь ашиглахгүй яасан юм гэж шүүмжилдэг. Гэтэл бид хуучны зүйлийг тэр хэвээр нь ашиглах гэхэд дахиад л эхнээс нь шинжилж, нарийн туршилт хийнэ шүү дээ.
-Сүүлийн үед түүхэн дурсгалт барилгуудаа буулгах нь түгээмэл болжээ. Ингэж буулгах нь цаашид ямар хор хохиролтой бол?
-Үүнд бүгдийг нь хамруулах нь өрөөсгөл. Анхны оношилгоо хийдэг гэсэн шүү дээ. Оношлохдоо цаашид хадгалан үлдэх соёлын өв мөн, эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв байршлын хувьд тохиромжгүй гэж үзвэл нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна. Түүнээс биш том бүтээн байгуулалт барихын төлөө нураачхаж болохгүй. Өндөр хөгжилтэй орнуудад соёлын өвийг эвдэхгүйгээр нүүлгэн шилжүүлдэг. Манай улсад сүүлд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд байсан Д.Нацагдоржийн хөшөөний байршлыг өөрчилж “Улаанбаатар” зочид буудлын өмнө авчирсан. Мөн танктай хөшөө одоогийн тэмээтэй хөшөөний оронд байсан. Үүнийг тэр чигт нь зөөж Зайсангийн хойно аваачсан. Тэгэхээр нэг ажлын төлөө заавал нөгөөг нь эвдэх ёстой юу, үгүй юү гэдэгт анхаарах цаг болсон. Ёстой л ард түмнээсээ санал авах хэрэгтэй байх. Эмч ч гэсэн хүнийг эмчлэхдээ оношилдог шүү дээ. Яг юу өвдсөнийг нь илрүүлж, ноцтой, үгүйг нь тодорхойлдог. Үүний дараа эмчилгээ хийнэ. Зарим тохиолдолд эмийн эмчилгээ хийх шаардлагагүй, аяндаа эдгэрнэ гэдэг. Энгийнээр хэлбэл, хүүхдийг уйлахад л эм өгөөд байж болохгүй. Хүн юм чинь өвдөөгүй ч гэсэн айгаад уйлж болно. Сэргээн засварлалт ч үүнтэй адил.
-Соёлын өвийн хадгалалт хамгааллын тухайд цаашид юунд анхаарвал зохистой вэ?
-Дагнасан мэргэжлийн хүмүүс өвөл, зунгүй тасралтгүй ажиллах нөхцөлөөр хангах шаардлагатай. Түүнийг дагаад тогтвортой үйл ажиллагаа ч жигдэрнэ. Хөгжил, судалгаа шинжилгээ тасралтгүй явагдах ёстой.
У.Цэцэгсүрэн